m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.09 01:04
148
Хүн төрөлхтний мэлмийг нээсэн пап лам II Ионн Павел

II Ионн Павел буюу Кароль  Войтыла нь Польшийн  Вадовиц хотноо мэндэлжээ. Каролийн хүүхэд нас тийм ч аз жаргалтай өнгөрөөгүй бөгөөд түүний есөн настай байхад ээж нь нас барсан бол гурван жилийн дараа хайртай ах нь нас барж бяцхан хүү аавтайгаа өнчрөн хоцорсон юм. Хамба лам Адам Сапие Вадовицад зочилж байх үедээ залуу хүү Войтылатай уулзаж байжээ. Үүнээс нэг жилийн дараа дайн дэгдсэнээр хүү эцгийн хамт Краков руу нүүн, тэндээ хэл шинжлэлийн мэргэжил эзэмшихээр их сургуульд оров. Дайны үед Войтыла химийн үйлдвэрт ажиллахынхаа зэрэгцээ тэндхийн театрт жүжигчнээр ажиллаж байсан гэдэг. Тэрээр эцгийгээ нас барсны дараа 1941 онд шашны нууц сургуульд орж улмаар гурван жилийн дараа хамба лам Адам Сапиеэс санваартны сахил хүртсэн байна.

Дайны дараа Войтыла Ром руу явж шашин судлалаар суралцах болсон бөгөөд 1949 онд эх орондоо буцаж ирсэн тэрээр Краков хот дахь гэгээн Флорианы сүмийн хуварга болохын цэрэгцээ Ягеллоны их сургуульд шашин судлалаараа үргэлжлүүлэн суралцаж, шашны ёс суртахуун сэдвээр докторын зэрэг хамгаалав. Кароль Войтыла 1967 онд Ромын пап VI Павелаас кардинал цол хүртэж, улмаар 1978 оны аравдугаар сарын 16-ны өдөр Ромын пап ламд сонгогдов. Ийнхүү 455 жилийн дараа анх удаа Итали гаралгүй кардинал дэлхийн католик шашны тэргүүн хамба болсон юм. Ромын пап II Ионн Павел анхны мөргөлөө үйлдэхдээ л өмнөх пап ламуудаас өөр болохоо харуулж байсан бөгөөд Ватиканд мөрдөгддөг дэг жаягийг заримдаа зөрчдөг байв. Тэрээр дэлхийн 100 гаран орноор айлчилсан бөгөөд зочилж очсон орныхоо газар шороонд үргэлж мөргөн хүндэтгэл үзүүлдэг байжээ.

II Ионн Павел бусад шашин шүтлэгүүдэд нээлттэй хандаж, дэлхийн энх тайван, сайн сайхны төлөө тэдгээр шашнуудын тэргүүнүүдтэй хамтдаа мөргөл үйлдэг байсан  бөгөөд 1986 онд Синагогт зочилсон анхны пап лам юм. Тэрээр зүүн Европт коммунист дэглэм нуран унахад ихээхэн нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг билээ. Дэлхийн католик шашны тэргүүн хамба болсноосоо хойш II Ионн Павел анх удаа 1979 онд Польшид айлчлал хийснээр польшуудын үндэсний үзлийг дэврээж, Зөвлөлт Холбоот Улсын эсрэг босоход түлхэц болсон гэж зарим түүхчид үздэг ажээ.

1981 оны тавдугаар сарын 13-ны өдөр Ром хотын гэгээн Петрийн талбай дээр долоо хоног тутам болдог мөргөлийн үеэр пап лам цугларсан олны дундуур явж байхдаа буудуулж, шархадсан юм. Түүнийг буудсан хүн туркийн иргэн Али Ажад байсан бөгөөд чухам юуны учир пап лам руу буудсан, жинхэнэ захиалагч нь хэн болохыг одоог хүртэл тогтоогоогүй байдаг. Гэсэн ч II Ионн Павел өөрийг нь алахыг завдсан алуурчныг уучилсан бөгөөд түүний хоригдож байсан шоронд очиж, түүнтэй нүүр нүүрээрээ уулзсан байна. Тэрээр 2005 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 84 насандаа нас баржээ.