m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.12 01:35
615
Л.Бүжин: Монгол эсгий дулаан ялгаруулдаг

Баялаг бүтээгчбулангийн энэ удаагийн зочиноор монгол эсгийг боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ноос алтан боломж” хоршооллын дарга, “Ноосны зангилаа” дундын хоршооллын тэргүүлэгч гишүүн Л.Бүжинг урьж ярилцлаа.

 -Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед хүмүүсийн сонирхолыг ихээхэн татаад байгаа эсгийн урлалын үйлдвэрийнхээ талаар бидэнд танилцуулахгүй юу?

-Анх 2006 онд үйлдвэрээ “Ноос алтан боломж” нэртэйгээр байгуулж байсан юм.  Мөн тэр жилээ 16 хоршоолол нийлсэн дундын хоршооллыг байгуулж байлаа. Энэхүү дундын хоршооллын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Цагаан алт” дэлгүүртээ нийлүүлж борлуулдаг. Энэ дэлгүүр Дундын хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулдаг юм. 

Хүмүүс эсгийгээр ийм олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг гэж төсөөлдөггүй. Хүний хэрэгцээний бүх зүйлийг хийж болно. Малгай, тавчик, гутал, цүнх, бойтог, олбог, хивс, суудлын бүрээс,оймс, бээлий гэх мэтчилэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

-Хамгийн анх ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажлын гараагаа эхэлж байсан бэ?

-Анх их цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Яагаад гэхээр бохир ноосыг шууд малчдын гар дээрээс худалдаж аваад саваадна, угаана, самнана, хогийг нь түүнэ  гээд ажиллагаа ихтэй. Долоо хоногийн дотор ганцхан тавчик үйлдвэрлэдэг байсан. Нэг килограмм ноосыг 2-3 өдөр янзалж дуусдаг юм л даа.

Өөрийн сонирхлоороо хийдэг байсан учраас их ажиллаж байж хийсэн бүтээгдэхүүн үнэ цэнэтэй санагддаг байлаа. Миний хувьд олон шат дамжлагыг зөвхөн гараараа хийх нь хүнд хэцүү санагддаггүй байсан. Харин мэддэггүй хүн хийж байгааг минь хараад ямар их ажиллагаатай юм бэ гэж хэлдэг.

-Яагаад ноосоор бүтээгдэхүүн хийх болсон юм бэ? 

-Надад малын бохир ноосыг бүтээгдэхүүн болгоно гэхээр их л сонирхолтой санагдаж байсан. Анх ээтэн хоншоортой тавчик хийж эхэлж байсан юм. Зөвхөн ноосоор л тавчик хийж болохыг хараад тэрэндээ маш их урам орж сайхан санагдаж билээ. Тэрнээс хойш ноосоор цаашид юу хийж болох уу гэх мэтээр үргэлж шинийг санаачлахын төлөө л хичээж ажилласаар ирсэн.

Хичээсний үр дүнд маш олон төрлийн бүтээлийг гаргаж чадлаа. Хүмүүсээс их санаа гарч, өөрсдийн практикт тулгуурлаад хүн юу сонирхох уу, юуг хэрэглэх бол гэдэг үүднээс харж хийдэг юм. Мөн зөвхөн монголдоо гэлтгүй гадаад руу бүтээгдэхүүнээ гаргадаг үйлдвэртэй болох зорилго тавин ажилсны эцэст олон улсаас захиалга ирж, хамтран ажилладаг болсон юм.

-Хоршооллынхоо талаар ярихгүй юу?

-Нийтдээ 16 хоршоолол байдаг. Тэдгээр хоршоолол болгон онцлогтой, өөрсдийг нь тодорхойлох бүтээгдэхүүнээрээ ялгардаг. Хэзээ ч нэг нэгнээсээ хуулбарладаггүй. Хувцас дагнан хийдэг хоршоолол байхад, гал тогооны бүх төрлийн хэрэглээний бүтээгдэхүүн хийдэг, сувинер болон жижиг хэрэглэл хийдэг гэх зэргээр хоорондоо ялгардаг байх жишээтэй.

Харин манай хоршооллын бусдаас ялгарах онцлог нь ширэх аргыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ бүгдийг нь ширж хийдэг. Энэ  нь маш их бат бөх болдог сайн талтай. Ширээсээр хийнэ гэдэг нэг талаараа чимэглэл нөгөө талаараа онцлог чанар болж байгаа хэрэг.

-Эсгийгээр тавчик үйлдвэрлээд эхэлж байхад хүмүүс хэр их сонирхож байсан бэ. Одоо нилээн их сонирхож байна шүү дээ?

-Хүмүүс эсгий гэхээр өнгө муутай нөгөө л нэг гэрийн эсгий ч юмуу, эсгий гутал гэж ойлгож, бүдэг бадаг мэддэг. Яг үнэндээ ихэнх нь нүдээрээ хараагүй болохоор сонирхдоггүй байв. Харин бид шинэ юм хийж байгаагаа хүмүүст харуулснаар тэд хэрэглэж үзээд сэтгэлд нь нийцэж эхэлсэн. Их хөнгөн зөөлөн, дулаан бас маш гоё, загварлаг юм гэж хүлээж авсан. Тухайн үеийн хүмүүс эсгийг яаж хүлээж авдаг байсан. Одоо бол шал өөрөөр хүлээж авч, мэддэг болсон гэж хэлж болно. Бидний хийсэн бүтээгдэхүүнийг хүмүүс бага багаар таньж одоо мэддэг болсон. Их олон хүнээс урмын үг сонсоод ирэхээр маш сайхан юм билээ.

-Өнгө оруулж байгаа шийдэл хүмүүсийн сонирхолыг их татсан бололтой. Өнгө хэрхэн оруулдаг юм бэ?

-Үнэхээр тийм. Ноосны зориулалтын өнгө оруулагч будаг байдаг. Тэр будгийг бага захиалга орж ирэхэд өөрсдийн үйлдвэртээ хийж болдог. Харин их хэмжээгээр захиалга ирэх үед дундын хоршоон дээрээ үйлдвэрийн аргаар өнгө оруулдаг юм. Үйлдвэрээр будуулах нь арай өртөг өндөртэй. Зарим тохиолдолд бид эндээ өөрсдөө будгаа аваад хийж болдог. Тухайн хүний захиалгын дагуу ямар ч өнгийг будгаар оруулж болно.

-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд?

-Одоогийн байдлаар үйлдвэр маань 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Сардаа захиалга ихтэй үед 1000 тавчик үйлдвэрлэх хүчин чадалтай.

Харин өнгөний тухайд захиалгын хэд нь улаан өнгө байна, хэд нь цэнхэр байна гэх мэтээр ангилж тооцоо гаргадаг. Олон жилийн туршилга дээр үндэслээд аль зэргийн хавтгай эсгийд хэр их будаг орох вэ гэдгийг тооцоолоод тэмдэглээд гаргачихсан байдаг юм. Түүнээс хэдэн ширхэг бүтээгдэхүүн гарах вэ гэдгийг бодож гаргадаг гэсэн үг.

Гараар будаг оруулахын нэг сул тал нь нэг өнгө дараагийн бүтээгдэхүүнд эхнийх шигээ яг адилхан орно гэж байдаггүй. Хэмжээг нь ижил тааруулж будаг  граммыг нь адилхан хийлээ ч бага зэрэг ялгаатай болоод байдаг.

Яагаад гэхээр тухайн будаж байгаа хүнийх нь арга барил нөлөөлдөг. Бас өөрсдөө баримжаагаар хийдэг учраас өөр болдог л доо. Бага хэмжээний захиалгыг өөрсдөө хийнэ. Харин их хэмжээний захиалгыг үйлдвэрийн аргаар хийдэг. Үйлдвэрт будаж байгаа арга барил нь тусгай технологиор тусгай мэргэжлийн түвшинд хийгдэж байгаа учраас яг адилхан болж чаддаг.

-Үйлдвэрлэлийн оргил үе хэзээ байдаг вэ?

-Хүмүүс эсгий гэхээр үйлдвэрлэлийн оргил үеийг өвөл гэж ойлгодог. Харин ч эсрэгээрээ зун их захиалгатай байдаг. Ачааллаа дийлэхгүй болтлоо зунжин ажилладаг. Харин 1-5 сарын үед сийрэгдүү. Гэхдээ захиалга, хийх ажил хэзээ ч тасарч байгаагүй. Ачаалалгүй үед дотоодын хэрэглэгчиддээ илүү хандсан үйлдвэрлэл хийдэг. Нэг захиалгыг ч нэг гэлтгүй чанартай хийж өгөхийг хичээдэг.


-Зун жуулчид их сонирхож байна гэсэн үг үү?

-Яг тийм. Зун жуулчдын улирал учраас их сонирхож худалдаж авдаг. Мөн гадаадаас ихээр захиалдаг. Мөн худалдаа эрхэлдэг хүмүүс эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнээ зундаа нөөцлөөд өвөлдөө зардаг юм шиг байгаа юм. Бид бэлэн материал авч бүтээгдэхүүн хийдэггүй, өөрсдөө бүх шат дамжлагыг гараар үйлдвэрлэдэг учраас их хугацаа ордог.

Харин зарим хүмүүс намрын улирлаас эхлээд өвөл болтол гадуур гутал их захиалдаг. Цагаан сар дөхөөд ирэхээр сувинер төрлийн бүтээгдэхүүн их  гүйнэ. Бүх төрлийн бүтээгдэхүүн аль нь ч гэсэн зун их зарагддаг даа.

-Хэрэглээ талын бүтээгдэхүүний борлуулалт их байна уу? Эсвэл сувинер талын бүтээгдэхүүн сонирхож байна уу?

-Хэрэглээ талын бүтээгдэхүүн ихээр гүйж байна. Яагаад гэхээр эсгий гэдэг чинь өөрөө амьд бүтээгдэхүүн юм. Малыг нядалж биш амьд дээр нь самнаж ноосыг нь авдаг учраас дулаан энерги ялгаруулдаг. Тийм учраас их дулаахан, зөөлөн байдаг. Ерөнхийдөө тавчик, гутал олбог маш сайн борлуулалттай байдаг. Бас сүүлийн үед ээмэг зүүлт, бугуйвч, нуруунаас даардаг өвчтэй хүнд нурууны дулаалга, малгай, машины суудлын тавиур гэх мэт хэрэглээний бүх зүйл ихээр зарагдаж байгаа.

-Аль улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байна вэ?

-Одоогийн байдлаар Япон, Герман, Австрали улсаас  захиалга ирдэг. Мөн байнга хамтран ажилладаг.

-Бүтээгдэхүүний өртөгийг хэрхэн тогтоож байна?

-Хийж байгаа бүтээгдэхүүнд хэр их ноос орж байна, хэр их цаг хугацаа орсон бэ?гэдгийг дор бүр нь тэмдэглээд явдаг. Хүний гараар хийгдэж байгаа бүхий л цагийг тэмдэглэнэ. Дараалал бүрийг нь тэмдэглэж, эцэст нь энэ бүтээгдэхүүнийг хийхэд тийм хугацаа орно гэж тогтоогоод дараа нь үнэ тогтооно.

Тэгэхгүй бол хийсвэрээр үнэ тогтооно гэж байхгүй. Ноосоо самнах, цэвэрлэх, зулах, элдэх, оёх гэх мэтчилэн дарааллаа нарийн тооцоолж байж аль болох бодит үнэ тогтоож хэрэглэгчиддээ дурын үнийг биш бодит,хямд үнээр борлуулдаг.

-Таньд баярлалаа. Амжилт хүсье. Өшөө их зүйлийг хийж бүтээхийн ерөөлийг дэвшүүлье.

-Баярлалаа. Та бүхэнд маш их баярлалаа.