m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.13 04:29
235
Д.Ламжав: Ардчилсан орнууд Үндсэн хуулиа ард нийтийн санал асуулгаар баталдаг

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Ардчилсан шинэ үндсэн хуулийн талаар АИХ-ын 39 дүгээр тойргийн депутат, Улсын бага хурлын гишүүн Д.Ламжавтай уулзаж, ярилцлаа.   

Сайн байна уу. Таны бодлоор Ардчилсан шинэ үндсэн хууль өнөөдөр үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Асуудал тулгарч байгаа. Үндсэн хуультай холбогдсон тулгдамдаад байгаа асуудлыг юу ч болоогүй юм шиг цааш явбал асуудал хүндэрнэ. Тиймээс тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүс өөртөө тулгамдсан асуудлыг зөв тийш нь залж,засаж байх үүрэгтэй. Хэрэв үүнийг хийхгүй бол асуудал цааш хүндрээд хойч үедээ муу хэлэгдэх болно. Нэг том жишээ дурдахад урт настай Засгийн газар байхгүй. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр жил гаруй оршин тогтносноороо хамгийн урт настай Засгийн газар байсан хэмээн яригддаг.Энэ нь үндсэндээ Үндсэн хуулийн үр дагавар юм. Тодорхой хэлэхийн бол гурван эрх мэдэл болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэрлэе. Үүнээс гүйцэтгэх эрх мэдэл нь УИХ-аас хараат болсон. Уг нь бол сайдуудаа Ерөнхий сайд нь өөрөө томилж, хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр Засгийн газрын бүх гишүүдийг УИХ толгой дараалан томилж байна. Тэгэхээр гүйцэтгэх засаглал барьцаанд ороод сайд нар нь Ерөнхий сайддаа захирагдаж ажлаа хийхээс илүү нам фракци руу харж ажиллаж байгаа нь Үндсэн хуулийн дутагдал юм. Жишээ нь энэ байдлыг засахгүй бол болохгүй.      

Сайд нар нь Ерөнхий сайддаа захирагдаж ажлаа хийхээс илүү нам фракци руу харж ажиллаж байгаа нь Үндсэн хуулийн дутагдал юм

Тэгэхээр Үндсэн хуулийг цаашид өөрчлөх шаардлагай гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулийг шинэчлэх талаар мэргэжлийн түвшинд судалсан байгаа. Экспертүүд дүгнэлт гаргаж, хуульчид судалсан. Судлах асуудал аль хэдийн дууссан.  Аливаа зүйлий хэтэрхий их судлах нь тэнэг ажил. Тэгэхээр судалгааныхаа ажлыг одоо эхэлнэ гэсэн асуудал байхгүй. Харин учрыг нь олоод янзлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийгмийнхээ оюун санааны хүчийг дайчлах хэрэгтэй. Үндсэн хууль өөрчлөх талаар их л сүртэй зүйл бодоод байгаа болохоос энэ асуудал аль хэдийн боловсрогдсон. Ерөнхийлөгч болон УИХ энэ талаар  санаачилга гаргах хэрэгтэй байна.

Ардчилсан шинэ үндсэн хуулийг баталснаас хойш дордуулсан долоон заалт гэдэг зүйл одоо хүртэл яригдаж байна. Та дордуулсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Дордуулсан долоон өөрчлөлт  гэдэг нэр нь Б.Чимид гуйн өгсөн “хоч” юм. Энэ үгэнд үнэн ч бий, худал ч бас бий. Энэ үг нь Үндсэн хуулийн өөрийнх нь дутагдалтай хамт гарч ирсэн зүйл. Өөрөөр хэлбэл нэг бурууг засах гэж байгаад дахин нэг бурууг хийсэн хэмээн би шүүмжилдэг. Хамгийн ойрын жишээ бол “давхар дээл” хэмээн яригдаж байгаа асуудал юм.

Дордуулсан долоон өөрчлөлт  гэдэг нэр нь Б.Чимид гуйн өгсөн “хоч” юм

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийг зөрчиж байгаа субьект таны бодлоор юу вэ?

- Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-д очихоор Үндсэн хуулийн цэц ямар ч хүчгүй болдог.  Яагаад хүчгүй байна гэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр дээр цэцэд эрх олгоогүй. Учир нь ойлгогдохгүй нэг заалт байдаг. Энэ нь 68.1 гэсэн заалт буюу Үндсэн хуульд санал оруулж болно гэсэн заалт. Уг заалтад  яг юу хэлж байгаа нь мэдэгддэггүй.  Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Ямар ч чухал санал оруулсан цэц хүчгүйддэг. Жирийн хууль шийдвэрүүдийг хэлэлцэж болоод байдаг бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар оруулж ирэхээр цэцэд эрх мэдэл өгөөгүй нь дутагдал болдог. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг парламентад хүчтэй олгосон. Гэхдээ ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг баталж болно гэсэн байдаг. Манайд “болно” гэсэн хуулийн заалт маш аюултай. Өөрөөр хэлбэл парламентад Үндсэн хууль батлах эрхийг олгосон нь хамгийн том алдаа. Ер нь ардчилсан орнууд Үндсэн хуулиа ард нийтийн санал асуулгаар үндсэндээ баталдаг. Тэгэхээр Үндсэн хуулийг ямагт ард нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг горимд шилжих хэрэгтэй. Ингэж гэмээ нь төрөл бүрийн улстөрийн санаархал, зохисгүй байдлаас ангид болно. Гэхдээ Үндсэн хуулиа маш сайн боловсруулах хэрэгтэй. Одоо бид өөр цаг үед амьдарч байна. Иргэд хашир болсон байна. Харьцангүй юм мэдэж, ойлгодог болсон. Үндсэн хууль гэж чухам юу вэ гэдгийг мэддэг болж. Хаалттай нийгэмд Үндсэн хуулийн талаар мэдлэг байхгүй байсан нь асуудал болсон. Мэдээж бас туршилга байгаагүй. Одоо бол дэндүү туршилгатай болж байна. Тиймээс бид ардчилсан Үндсэн хууль гэж ямар байдаг вэ гэсэн түвшинд боловсруулаад алдааг нь засах хэрэгтэй.

Үндсэн хуулийг ямагт ард нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг горимд шилжих хэрэгтэй

Шинэ үндсэн хуулийг батлахдаа одоогийнх шиг кнопоор шийдэж батлаагүй нь ойлгомжтой. Үндсэн хуулийг батлахад хичнээн депутат гар бие оролцож, хэр хугацааг зарцуулж байв?

-Үндсэн хуулийг 430 депутат баталсан гэж хэлж болно. Тэр үеийн Ардын Их хурлын суудлын тоо нь 430 байсан юм. Гэхдээ яг тоог нь тэд гэж хэлэхэд асуудал үүснэ. Хуулийг судалж, хэлэлцэж, батлахад 70 гаруй хоног зарцуулсан байдаг.

Үндсэн хуулийг нэг, хоёр, гурав дахь гэх мэтчилэн ялгаад байх юм. Энэ хэр зохимжтой вэ?

- Үндсэн хууль баталсан үеэс өнөөг хүртэл бий болсон сайн зүйл байгаа бол Үндсэн хуультай холбоотой. Мөн муу зүйл байгаа бол Үндсэн хуультай холбоогүй гэж хэлж болохгүй. Гэхдээ асуудал тулгарсан байна. Бид одоо үнэн зүйл рүү харах ёстой. Бодит байдал ийм байна гэдгийг хараад засахгүй бол хариуцлагагүй үйлдэл болно. Сүүлчийн хувьсгал гэж байдаггүй юм. Үндсэн хуулийг хувьсгалын эсрэг хийсэн хувьсгал гэж ойлгодог. Буруу зам руу орлоо гээд хувьсгал хийсэн нь энэ. Тиймээс дөрөвдүгээр Үндсэн хууль гэж би ярих дургүй. Өмнөх гурван Үндсэн хууль нь бие биенийхээ үүргийг залгасан. Эдгээр гурван Үндсэн хууль нь нэг л Үндсэн хууль. Хэрэв тавдугаар Үндсэн хуулийн талаар ярина гэвэл би дургүйцнэ. Үндсэндээ бид хоёр төрлийн Үндсэн хуультай. Өөрөөр хэлбэл эхний гурван үндсэн хууль нь бие биетэйгээ салшгүй холбоотой байсан юм.