m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.14 08:05
2252
Н.Мөнхчимэг: Озон эмчилгээг хийлгэснээр сахарын өвчнөөс сэргийлэх боломжтой

Салбар бүрт өөр өөрийн эрдэм ухаанаар баялаг бүтээгч нар байдгийн нэг нь эрүүл мэндийн салбарт шинэ эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлж байгаа “Чин ачлал” уламжлалт сэргээн засах эмнэлгийн үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор, Ахлах зэргийн эмч Н.Мөнхчимэг юм. Түүнийг бид “Баялаг бүтээгч” буландаа урьж оролцууллаа.

-"Чин ачлал" эмнэлэг анх хэдэн онд байгуулагдсан бэ. Эмчилгээ үйлчилгээний талаар танилцуулах уу?

-Эмнэлэг анх 2008 онд байгуулагдсан. Уламжлалт сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сэргээн засах чиглэлээр дэлхийд нэрд гараад байгаа БНСУ-ын алдартай брэндийн техник технологийг ашиглан байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эмчилгээгээ хийдэг. Бид уламжлалт эмчилгээг хийхдээ аль болох орчин үеийн техник тоног төхөөрөмжийг уламжлалт эмчилгээний аргатай хавсруулан эмчилдгээрээ онцлог юм.

Мөн үүний зэрэгцээ бидний хамгийн сүүлд нэвтрүүлээд байгаа эмчилгээ бол озоны эмчилгээ юм. Энэхүү эмчилгээ нь 1800 оноос эхэлж дэлхий дахинд нэвтэрч, 1950 оноос эрчимтэй хөгжсөн. Энэ хооронд маш их туршилт судалгаа явагдаад хүний биед үнэхээр хэрэгтэй эмчилгээ гэдэг нь батлагдсан байгаа. Өнөөдөр маш олон оронд энэ эмчилгээг хийж байгаа бол манай оронд дөнгөж нэвтэрч эхэлж байна. Миний хувьд АНУ-д озоны эмчилгээний гурван шатны сургалтанд хамрагдаад эмчлэх албан ёсны эрхийг нь авснаар Монголдоо анх удаа энэ эмчилгээг нэвтрүүлж байна. Энэхүү эмчилгээ нь ямар нэг химийн бодис ороогүй бидний амьсгалж байдаг агаар болох О2 хүчилтөрөгчөөр эмчилдэг байгалийн гаралтай эмчилгээний арга байгаа юм.

-Яг ямар өвчний үед энэ эмчилгээг хийлгэх вэ?

-Бүх төрлийн өвчний үед энэ эмчилгээг хийж болно. Юуны өмнө хамгийн нүдэнд харагдахуйц арьс харшлын өвчин байна. Энэ өвчний эмчилгээний дараа яалт ч байхгүй гарсан тууралтууд эдгэж, загатнах болон бусад зовиур үгүй болдог. Мөн цусан дахь чихрийн хэмжээг их сайн багасгаж өгдөг учраас чихрийн шижин өвчтэй хүмүүс их ирж байна. Озоны эмчилгээ хийлгэсний маргааш л гэхэд сахарын хэмжээ эрс буурч, хэвийн хэмжээндээ очсон байдаг. Тэгэхлээр орчин үеийн оношлогооны аппаратаар үр дүн нь шууд харагддаг өвчний үед энэхүү эмчилгээний үр дүн илүү их сайн мэдэгдээд байгаа.

-Танайхаас өөр эмнэлэгт энэ эмчилгээг хийдэг үү? Өмнө нь манай улсад нэвтрээгүй эмчилгээний арга учраас ямар нэгэн зөвшөөрөл авсан уу?

-Энэ эмчилгээ нь өөрөө маш олон төрөл байдаг. Тэгвэл манай эмнэлэг бүх төрлөөр нь оруулж ирсэн. Манайд хэрэглэж байгаа эмчилгээний аппарат нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн  универсаль аппарат. Мөн АНУ-аас хэт ягаан туяаны аппарат оруулж ирсэн. Тэгээд энэ аппаратуудаа хавсруулаад эмчилгээгээ хийхэд их үр дүнтэй байгаа. Эрхийн хувьд бол америкт сурсан сургалт нь өөрөө надад энэ эмчилгээг хийх албан ёсны эрхтэй болгож байгаа юм. Энэ нь зөвхөн монголдоо төдийгүй олон улсад эмчлэх эрхтэй байдаг. Манай улсад энэ эмчилгээг хийх стандарт гэх юм одоогоор батлагдаагүй. Тийм болохоор олон улсын стандартыг дагаж мөрддөг журамтай.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэр байна?

-Хүмүүс тасралтгүй цаг аваад, манайд чөлөөтэй цаг гэж байдаггүй. Бид үйлчлүүлэгчдийнхээ эмчилгээг аль болох тасралтгүй явуулахыг хүсдэг. Хамгийн гол нь хүмүүст эмчилгээ үр дүнгээ нүдэнд харагдахуйц ил өгдөг учраас үйлчлүүлэгчид сэтгэл ханамж маш өндөр байгаа. 

Түүнээс гадна озоны эмчилгээ нь нэгдүгээрт маш эртнээс хөгжсөн, хоёрдугаарт ямар нэг химийн төрөл огт ороогүй байгалийн гаралтай эмчилгээ юм.

Эмч бүхэнд өөрийн гэсэн арга барил байдаг. Харин миний хувьд аль болох химийн бус аргаар, дэвшилтэт техник технологи оруулж ирэн хүний дархлааг дэмжих замаар эмчилгээгээ хийдэг.

Эмнэлэг болон эмчилгээний талаар ямар нэг зар сурталчилгаа байдаггүй. Үйлчлүүлэгчид маань амнаас ам дамжсан сурталчилгаагаар манай эмнэлгийг зорьж ирдэг. Жишээ нь надаар эмчлүүлдэг үйлчлүүлэгчийн танил тал нь намайг сураад л ирдэг. Гэтэл нөгөө эрэгтэй эмчийн үйлчлүүлэгчид тэр эмчийг маань сурж ирэх жишээтэй. Ямар сайндаа бид хоёрт нэр байхгүй. Эрэгтэй эмч, эмэгтэй эмч гэдэг л нэртэй болсон. /инээв/

-Сүүлийн үед хүмүүс аль болох нэг дороос бүх үйлчилгээгээ авах сонирхолтой байдаг. Гэтэл танайд шинжилгээний лаборатори байдаггүй юм байна. Оношоо хэрхэн тодорхойлдог вэ?

-Ер нь уламжлалт эмнэлгийн эмч нар судас барьж оношилдог. Бид нар хоёр гарын гурван хуруугаар 12 судсыг мэдэрдэг. Үүнд зарим хүмүүс итгэдэггүй юм. Ямар сайндаа зарим нэг хүмүүс сонжиж шалгах гэж ирдэг л юм. Жишээ нь манайд байнга үзүүлдэг үйлчлүүлэгчийн ээж нь судас бариад өвчин мэдэрнэ гэж юу байхав гээд байдаг. Тэгээд нэг удаа тэр үйлчлүүлэгчийн өндгөвч нь өвдөөд ээжтэйгээ ирж үзүүлсэн юм. Би судсыг нь барьж үзээд өндгөвч нь жаахан үрэвсэлтэй байна гэж хэлээд эмчилгээ бичиж өгч байлаа. Ээж нь дараа нь нээрээ сайн оношилж байна гээд маш их гайхаж тэрнээс хойш өөрөө бас ирдэг болсон. Тэгэхдээ мэдээж энэ бүхнийг сурахад нэлээд их хугацаа, туршлага хэрэгтэй. Би гэхэд энэ мэргэжлийг эзэмшээд 13 жил болж байна.

Энэ үед эмчилгээ хийлгэж суусан үйлчлүүлэгч Ц ярианд оролцон "Би нурууны суулт өвчнөөр олон жил эмчилгээ хийлгэсэн. АНУ, Солонгост эмчилгээнд явсан ч нэг их сайн үр дүн өгөөгүй. Энэ эмнэлэгт өмнө нь аппаратанд орж татлага хийлгэж байсан. Ер нь би биедээ бага ч гэсэн зовиур байвал эмчлүүлдэг хүн. Тэгээд энэ озоны эмчилгээг анх сонсоод хийлгэсэн. Тэгээд одоо бол нуруунд өчүүхэн бага ч өвчингүй болсон. Сэтгэл ханамж мэдээж маш өндөр байгаа. Би өөрөө эмчлүүлэхээс гадна гэр бүлийнхээ хүнийг ч энэхүү озоны эмчилгээнд хамруулдаг. Тэгэхдээ өвчин туссан учраас биш зүгээр л урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэдэг юм"хэмээн ярьж байлаа. 

Озоны эмчилгээ буюу цус шингэлэх эмчилгээ нь бүх биеийн дархлаа сайжруулах, зүрх судасны аливаа өвчнийг эмчлэхэд нэн үр дүнтэй юм. Өөрөөр хэлбэл цусанд хүчилтөрөгчийг нэмж өгснөөр бүх биеийн хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж мөн цусанд байгаа илүүдэл өөх тос зэрэг хэрэггүй бодисыг биеэс хөөж гаргадаг. Нэг үгээр цусан доторх ямар нэг хортой бодис байхгүй болно гэсэн үг юм. Долоо хоногт хоёр удаа буюу нийт таван долоо хоногт 10 удаа хийснээр нэг курс эмчилгээ болно. Ер нь бол энгийн нөхцөлд 7-10 хоногт нэг удаа хийлгээд явахад зүрх судас болон чихрийн шижин гэх мэт архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ.

Энэ эмчилгээг хийхдээ хүний биеэс нэг удаа 40гр цус аваад түүнийгээ озоноор баяжуулаад эргээд дуслаар буцаан шахдаг байна. Энэ нь хүний биед ямар нэг өвдөлт, хүндрэлгүй учраас хэн ч гэсэн хийлгэхэд ямар нэг асуудал байхгүй аж.

Мөн биеийн хуян тараах, арьсны элдэв үрэвсэлт өвчнийг хэт ягаан туяаны аппаратаар эмчилдэг байна.