m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.15 06:09
258
“Хобби-2015” үзэсгэлэнг 1000 гаруй цуглуулгаар баяжуулжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд сурталчлах, арвижуулах, зорилгоор, уламжлал болгон зохион байгуулдаг “Хобби-2015” үзэсгэлэн “Цэргийн түүхийн музей”-д дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн “Хобби-2015” үзэсгэлэн нь анхны “Миний хобби” үзэсгэлэнгийн салхийг хагалж үзэсгэлэнд оролцож байсан эрхэм цуглуулагчдаа урин оролцуулжээ. Мөн төрийн түшээдийн төлөөлөл, бэлтгэл офицерууд, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн мэргэжлийн цуглуулагчидтай хамтран зохион байгуулж байгаа аж.

“Миний хобби” үзэсгэлэнг төрийн түшээдийн төлөөлөл, бэлтгэл офицерууд, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн мэргэжлийн цуглуулагчидтай хамтран зохион байгуулж байна

Үзэсгэлэнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн орон орны 30 гаруй хонх, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнайгийн 50 гаруй хутга, сэлэм, БХЯ-ны ТЗУГ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Ө.Батмөнхийн 60 гаруй их буу, ЗХЖШ-ын АУГ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаагийн 10 гаруй орны 40 гаруй луужингууд, ЦДБЭЧ-ийн маркетингийн албаны дарга, ахмад Р.Өнөржаргалын 70 гаруй заан, Зэвсэгт хүчний ГХСТ-ийн ахлах багш Б.Алтанзулын 70 гаруй дельфин, бэлтгэл хурандаа  Т.Жигжидсүрэнгийн 500 гаруй Лениний болон 1980 оны олимпийн тэмдэгнүүд, ЗХ-ний 084-р ангийн  Уулын ротын орчуулагч, сургагч, дэслэгч М.Төгөлдөрийн орон орны цэргийн ялгах тэмдэг, далбаанууд, мөн ангийн гранатмётчин Б.Батмөнхийн 8 орны цэргийн 30 гаруй  малгай, Монголын филателийн холбооны хүндэт гишүүн, мэргэжлийн цуглуулагч ахмад дайчин, бэлтгэл офицер Н.Чинбатын “Адуун сүрэг” сэдэвт иж бүрэн цуглуулга, Арьсан урлалын холбооны тэргүүн, Цэргийн музейн интерьерийн зураач, СТА-тан Т.Баттулгын уран бүтээл, авдрын дээжсээс, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн тэргүүн СТА-тан С.Түвдэндорж, гишүүн Х.Батпүрэв, Т.Нямхүү нарын Монгол Улсын гүйлгээний зоосон мөнгө, цэрэг армитай холбогдох тэмдгийн дээжээс, “Зууны анд” ХХК-ийн инженер Б.Энхжаргалын хүнд даацын машины зэрэг  нийт 15 цуглуулагчдын, 15 төрлийн,1000 гаруй цуглуулгаар үзэсгэлэнг баяжуулжээ.

Үзэсгэлэнг нийт 15 цуглуулагчдын,15 төрлийн,1000 гаруй цуглуулгаар  баяжуулжээ

Энэхүү үзэсгэлэн нь хүүхэд залуучуудад, зорилготой байх, хувийн эмх цэгцтэй байдал, аливаад хандах хандлага, үнэ цэнийг мэдэрдэг болгох болон өөрийн сонирхсон сэдэв, эрхэлдэг ажил мэргэжлээрээ өсөн дэвжих, сонирхлоороо дамжин шинжлэх ухаан, түүх, гадаад хэлний мэдлэг олж авах зэрэг танин мэдэхүйн чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд таниулж байгаа юм.