m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.15 07:12
103
Цуврал-33 Ааш муут эмгэний аймшигт үхэл

Айлын ганц өргөмөл охины амьдрал хэрхэн үргэлжилж , яаж төгссөн эмгэнэлт түүхийг сөхье. 1970-аад оны эхэнд энэ хэрэг гарсныг цагдаагийн ажилтнууд хугас өдрийн дотор илрүүлсэн юм билээ.

Цагдаагийн ажилтан Санжаад өндөр настай хүний амийг хөнөөж гэх мэдээлэл ирэх нь тэр. Хэргийн газар очтол 60 нэлээд гарсан бололтой хөгшнийг толгойн тус газар нь сүхээр цохиж хөнөөсөн болох нь илт байв. Гэмт хэрэгтэн хүний амь хөнөөхдөө ашигласан сүхээ орхиод ум хумгүй зугтсан байв. Энэ байдлаас нь харахад тэр архаг гэмт хэрэгтэн биш бололтой юм. Гэхдээ гутлын мөр нь тодорхой бус байв. Хохирогчийг Дашдаваа гэдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй нэгэн байв. Ингээд гэмт хэргийг мөрдөх ажил эхлэв.

Дашдаваа гэж хэн бэ, яагаад гэмт хэрэгтний анхаарлыг татав гэдгээс ажил эхлэв. Хөөрхий хөгшин хараагүй бөгөөд багад нь үр хүүхэдгүй хоёр буурай өргөж аван хүн болгосон аж. Газар дээрх ганц үрээ гэж хайрлан өсгөхдөө хэт дураар нь байлгаснаас хүнтэй эв түнжин муутай, ааш гэдэг адсага адил болжээ. Өтөл насандаа ганцаараа үлдэх юм гээд аав, ээж нь аль байдгаа түүнд зориулж, мөнгө хадгамжинд хийдэг байв. Дашдаваа эрх дураараа, хүний эдлээгүйг эдэлж, идээгүйг идэж, их тансаг амьдарна. Ааштай болохоор түүнтэй ханилах хүн байсангүй. Цагийн уртад аав, ээж нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж газар дээр ганцаараа үлджээ. Хараа нь жилээс жилд муудсаар сүүлдээ мөрөө ч харахаа болив. Аргаа барахдаа үнэ хөлс өгч өөрийгөө асрах хүн олжээ. Угаас ааш зан муутай болохоор хүн  тогтох нь үгүй. Зуданд малаа алдсан залуу хос эмээг харан, хань болъё гэсээр иржээ. Хөгшин ч зөвшөөрөв. Аядуу зөөлөн зантай эхнэр нь ч эмээгийн сэтгэлд нийцэж. Хийсэн хоолыг нь голж элдэв хараал урсгадаг ч тэд тэвчсээр л байв. Нэгэн орой эмгэн муухай орилон хараасаар босов. Учрыг нь асуухад “Та хоёр юу хийгээд байгаа юм бэ. Эвгүй дуу чимээ гаргалаа” гэж уурлав. Залуу хос болсон хойно эр эмийн ажлаа хийж, төмөр ор дуугарсан нь эмгэний уур бухимдлыг барж, “Араатан, зайл” гэх нь тэр.

Тэд эмгэний ааш занг тэвчиж чадахгүй гэдгээ мэдээд шалавхан явжээ. Энэ мэтчилэн айл амьтантай хаяа нийлдэггүй, олонтой хэл амаа ололцдоггүй хөгшинд намын зүгээс анхаарал хандуулах болов. Хөдөө орон нутагт хөгшин хүнийг асрах газар гэж байгаагүй учир хотод явуулахаар болов. Дам сонсох нь ээ нийслэлд ээжийнх нь холын хамаатан гэх бүсгүй байгааг нутгийн удирдлага олж мэдэв. Ингээд хөгшнийг удаа дараа ятгасаар нийслэлд авчрав. Холын хамаатан гэх бүсгүй гэртээ байлгахгүй харин хөлсний байшин олж өгснөөр эмгэн ганц бие хэвээр үлдэв. Гадаа нарлаж суунгаа өөрийн байдлаа хавь ойрын хүмүүстээ ярив. Цаад санаа нь хэн нэгнийг хажуудаа байлган асруулах зорилготой аж. Дашдаваа хадгаламжиндаа их мөнгөтэй учир түүнийхээ хүүгээр хангалуун амьдарсаар өнөөг хүрсэн юм. Тэр мөнгөнөөсөө асрах хүндээ өгч цалинжуулдаг гэдгээ ч нарлаж буй хөгшчүүлд ярилаа. Цаг хугацаа өнгөрсөөр эмгэн ганцаараа хэцүүхэн л байв. Гэтэл нэг өдөр хаалгыг нь хэн нэгэн тогшив. Асууж асууж нээтэл өөрийн үеийн бололтой нэгэн хөгшин амар мэндийг нь мэдсээр орж ирэв. Түүнийг Самдан гэдэг гэнэ.

“Өөрийн чинь тухай хөгшчүүлээс сонслоо. Би ч ганц бие. Чамайг харж халамжилж байя” гэв. Энэ үг хөгшинд таатай байв. Нэг насаараа ганцаараа явсан, залуудаа ч буруу замаар будаа тээсэн түүнийг нутагт нь тоох хүн байгаагүй. Ингээд насны төгсгөлд аяга цайгаа хувааж уух хүнтэй боллоо гэж баярлаж суув. Харин Самдан бол өөр бодолтой ирсэн хүн. Архи дарсанд дуртай, залуудаа олон эхнэрийн нүүр үзсэн тэр одоо хэр нь амьдрал нь тогтоогүй нэгэн. Хоёр эхнэрийн таван хүүхдийнхээрээ хэсэн хоног өдрийг төөрүүлж яваа нэгэн. Аятайхан аргалж байгаад мөнгийг нь өөрийн нэр дээр болгох гарын үсэг авах цаад санааг нь эмгэн яаж мэдэх билээ.

Нэг насаараа ганцаараа явсан, залуудаа ч буруу замаар будаа тээсэн түүнийг нутагт нь тоох хүн байгаагүй. Ингээд насны төгсгөлд аяга цайгаа хувааж уух хүнтэй боллоо гэж баярлаж суув.

Дашдаваа хэзээ ч ийм жаргалтай байгаагүй мэт санагдан буурайн үлдээсэн хэдэн төгрөгийг Самдангаас харамлахгүй, хүссэн бүхнээ авдаг болов.

Настай хүний хэрэглээ юу байх билээ дээ. Гэсэн ч Дашдаваа урьд өмнө хэрэглэж байгаагүй их мөнгийг Самданд өгч хэрэгцээт зүйлээ авахыг санал болгосоор бараг нэг жил өнгөрлөө. Айл айл хэсэн амьдардаг байсан Самданд юутай таатай байх билээ. Гэсэн ч атгаг цаад санаа нь яаж зүгээр байлгах вэ. Хараагүй, өөрөө чадан ядан алхаж буй түүнийг удаан харж суух тэвчээр нь барагдаж эхлэв. Хангалттай мөнгө өгсөөр байтал дахин дахин нэхэх түүнд Дашдаваа эмгэн 13 аашаа үзүүлж эхлэх нь тэр. Удаа дараа муудан, хөөгддөг ч  Самдан элдэв арга сүвэгчлэн үлдэхийг зөвшөөрүүлж дөнгөнө. Эмгэн ч туньж туньж эцэстээ зөвшөөрдөг байв. Аашны тулам хөгшин хараатай хүнээс ч илүү мэдрэмжтэй, хүний үйл хөдлөл, дуу чимээнээс яах гэж буйг дор нь мэдчихдэг нэгэн учир Самданд дураараа  дургих боломж олддоггүй байв.Самдангийн санаснаар тийм ч хурдан бурхан болчихгүй гэдэг нь нэгэнт тодорхой байв. Түүний муу санаа өөрийг нь идсээр нэг л өдөр эмгэнд тулган шаардалт хийв. Энд гарын үсгээ зурчих гэхэд Дашдаваа огт зөвшөөрсөнгүй. Гуйлаа, аргадлаа тэр зөвшөөрсөнгүй. Гар хүрч үзлээ тэр зөвшөөрөх шинж алга. Хадгаламжийн дэвтэрт байх 200 мянган төгрөг, түүний хүү нүдэнд нь  харагдахад шунал нь хөдөлсөн  Самдан сүх барихад хүрлээ. Гарын үсэг зурахгүй гэдгээ удаа дараа хэлсэн хөгшний толгойн тус газар нь сүхээр цохиод авлаа. Хөгшин муухай орилон нэг хэсэг ухаан алдсанаа сэргэж уйлж орилсоор байв.

Хадгаламжийн дэвтэрт байх 200 мянган төгрөг, түүний хүү нүдэнд нь  харагдахад шунал нь хөдөлсөн  Самдан сүх барихад хүрлээ.

Ам хамраас нь цус гарч Самданг сандаргав. Самдан дахин нэг цохиход эмгэн ухаан алдав. Гарыг нь барьж гарын үсэг зуруулах гэсэн боловч цус нөж болсон гар нь нөгөө цаасыг будаж орхилоо. Бүтэлгүйтэж буйгаа мэдээд эмгэнийг сэргээх гэсэн боловч аль эрт амьсгал хураасан байв. Ингээд л айж сандран хөгшнийг орхин зугтаажээ. Цагдаагийн ажилтнууд судалгаа хийгээд л Самданг төвөггүй баривчиллаа. Хэргээ ч хүлээв. Харин банкинд байгаа мөнгийг хэрхэх талаар ярилцаад хамаатны гэх бүсгүйд өгөх гэсэн ч “Залуудаа хятад худалдаачидтай явалдаж байсныг нь хэн хүнгүй мэднэ. Бузар мөнгийг би авахгүй” гээд халгаасангүй. Ингээд мөнгийг нь улсын орлого болгон, Самданд хуулийн дагуу цохих ялыг оноожээ.