m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.16 08:01
354
Мөсөн талбайн "Хатан хаан" Ким Юна

БНСУ-ын алдарт уран гулгагч Ким Юна 1990 оны есдүгээр сарын 15-нд Кёнги аймгийн Пучон хотод төржээ. Тэрбээр долоон настайгаасаа мөсөн дээр гулгаж эхэлсэн бөгөөд түүний энэ авьяасыг хамгийн анх уран гулгалтын багш Жон Хён Ру анзаарч түүний ээж аавд охиноо цаашид энэ спортоор тууштай хичээллүүлэхийг санал болгосон байна. Охины гэр бүлийн хувьд шийдвэрээ гаргах тийм амар байгаагүй ч Жон Хён Ру, Ким Юнаг заавал амжилтанд хүргэх болно гэдгээ амлаж байж зөвшөөрүүлсэн гэдэг. Багш шавь хоёр амлалтандаа хүрэхэд тийм ч хэцүү байгаагүй бөгөөд охины хичээнгүй хөдөлмөрч зан чанар нь үүнд ихээхэн нөлөөлж байсанд багш нь урамтай байлаа.

 

Ким Юнаг энэхүү спортод хөл тавьж байх тэр үед солонгост уран гулгалтын спорт төдийлөн хөгжөөгүй байсан учраас бэлтгэлийн тусгай талбай олддоггүй байжээ. Тиймээс нийтийн талбайн сул цагуудад буюу өглөө эсвэл оройхон хэрд л бэлтгэлээ хийж, байнга өөр өөр талбай хэсэн явдаг байжээ. Тэгсэн ч ингэж хичээсний үр дүн гарч 2002 онд Ким Юна анхны олон улсын тэмцээнээсээ алтан медаль хүртэж, үүнээс жилийн дараа Өмнөд Солонгосын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон хамгийн залуу аварга болсон байна. Энэ бол түүний амжилт алдар нэрд гарахын эхлэл байсан юм.

Уран гулгалтаар олон жил хичээллэсэн хүүхдүүд ч амархан хийж чаддаггүй маш хүнд үсрэлтийн элементийг Юна анх 10 настайдаа хийж, мэргэжлийн тамирчид нь болгоомжтой ханддаг гурвалсан үсрэлтийн техникийг тэрбээр 12 настайгаасаа бүрэн гартаа оруулж чадсан байв.

Есеницед болсон тэмцээнээс анхны медалиа авснаасаа хойш Юна хэзээ ч медалийн тавцангаас буугаагүй бөгөөд оролцсон тэмцээн болгоноосоо заавал ямар нэгэн медаль зүүдэг уламжлалтай боллоо. Уран гулгагч охин хоёр дахь олон улсын тэмцээний ялалтаа Хорватад  болсон  ‘Алтан баавгай” тэмцээнд байгуулжээ. Энэхүү эрчээ алдахгүй явсаар 2005 онд олон улсын өсвөрийн Гран При тэмцээнд анх удаа оролцож Будапештэд зохиогдсон цурвал тэмцээнээс алтан медаль, Шведийн Хелсинкэд явагдсан шигшээ уралдаанаас мөнгөн медаль зүүжээ. Үүний дараа 2006 оны Турины өвлийн олимпод оролцохыг зорилгоо болгоод байсан ч насанд хүрээгүй тэрбээр энэ удаа оролцох эрх авч чадаагүй юм. Энэ үедээ 2010 оны олимпоос уран гулгалтын анхны медалийг эх орондоо заавал авчрана хэмээн нулимсаа залгин амлаж, илүү их эрчимтэй хичээллэх болжээ. 

2006 оноос эхлэн Канадын Торонто хот руу шилжин бэлтгэлээ хийж эхэлсэн түүнд гэр бүл, найз нөхдөөсөө хол ганцаардаж шаналах үе байсан ч гол зорилгоо биелүүлэхийн тулд бүхнийг тэвчин хичээллэж байлаа.

2007 онд болсон УАШТ-д  Юна бэртэлтэй байсан учраас оролцсонгүй. Харин тэр оныхоо гуравдугаар сард Японы Токио хотод зохион байгуулагдсан уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцжээ.

Тус тэмцээний богино үзүүлбэрийн төрөлд Юна 71.95 оноо авч дээд амжилт тогтоосон боловч бусад үзүүлбэртээ оноо алдсанаар хүрэл медалийн эзэн болсон юм. Тэгэхдээ үүнийх нь ачаар  Солонгосчууд 2008 оны Дэлхийн аваргад хоёр эмэгтэй тамирчнаа оролцуулах эрхийг олж авсан байна.

Дээрх тэмцээнээс хойш удалгүй Ким Юна Канадын уран гулгагч байсан Олимпийн хоёр мөнгөн медальтай Брайн Орсертэй гэрээ байгуулж дасгалжуулагчаа болгожээ. Өмнө нь Орсер олон тамирчныг дасгалжуулж байсан ч төдийлөн өндөр амжилтад хүргэж чадаагүй бөгөөд харин Ким Юнаг дасгалжуулж эхэлснээр Канад дасгалжуулагчийн нэр хүнд ч өсөж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болжээ. Тэд 2010 оны наймдугаар сар хүртэл хамтран ажилласан байна.

2008 оны Дэлхийн аваргад оролцохдоо  Юна нуруу болон хавиргандаа гэмтэлтэй байсан ч шүд зуун тэвчсээр тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртлээ. Түүний гол өрсөлдөгч нь Японы Мао Асада байлаа. Тэд хэдий өрсөлдөгч ч гэлээ амьдрал дээр сайхан найзууд байсан юм.  Тэр хоёр дэлхийн хэмжээний уран гулгалтын тэмцээн болгоны эхний байрыг эн тэнцүүхэн хувааж авдаг байлаа. 2009 онд Лос Анжелес хотод зохион байгуулагдсан Дэлхийн аваргад Юна хамгийн төгс гүйцэтгэлийг хийж маш олон хүнд үсрэлтүүдийг нэг дор гүйцэтгэж аварга болж чадсан. Богино үзүүлбэрийн төрөлд Юна өөрийн тогтоож байсан амжилтаа шинэчилснээс гадна өмнө нь ямар ч эмэгтэй тамирчны хүрч байгаагүй 207.71 оноог авч түрүүлжээ. Ингэж хоёр жил дараалан ард нь гарч байсан Мао Асадаг түрүүлсэн нь Юнагийн хувьд хамгийн мартагдашгүй гайхалтай тэмцээн болсон юм.

Ингээд түүний хүсэн хүлээж, бэлдэж байсан Өвлийн 21-р олимп эхэллээ. Бүхэл улс даяараа Ким Юнагаар амьсгалж түүний амжилтыг хүлээж байлаа. Энэ бүхэн түүнд  багагүй дарамт болж байсан ч амжилтанд нь нөлөө үзүүлээгүй юм. Эхний богино үзүүлбэрийн төрөлд Юна 44.70 оноо авч бас нэгэн дээд амжилт тогтоолоо. Харин үүний дараах чөлөөт үзүүлбэрт Юна өөртөө бүр илүү итгэлтэй болж хоёрдугаар байр эзэлсэн Асадагаас бүтэн 18 оноогоор илүүрхэж  тэргүүн байр эзэллээ.

Ванкуверийн мөсөн талбайд Ким Юна үнэхээр төгс үзүүлбэр үзүүлж хамгийн өндөр оноог цуглуулсан нь Гиннесийн номонд хүртэл орсон юм. Энэ бүх амжилтынхаа дараа тэрбээр баярласандаа уйлж байлаа.

Бүхэл бүтэн улс орноор нь зогсохгүй дэлхий тэр чигээрээ түүгээр бахархаж “Хатан хаан Юна” хэмээн нэрлэжээ.

Энэ мөчөөс эхлэн тэрбээр зөвхөн уран гулгалт, тэмцээн бэлтгэл гэхгүй фенүүдтэйгээ уулзах, зар сургалчилгааны зураг авахуулахад олон цагийг зарцуулах болсон билээ.

Тэрбээр хамгийн сүүлд мөнгөн медальтай буцаж ирсэн Сочийн олимпийн дараах хэвлэлийн бага хурлын үеэр "Та ямар дүрээр хүмүүсийн сэтгэлд үлдэхийг хүсдэг вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад,

"Ванкуверийн олимпийн аварга, Сочийн олимпийн мөнгөн медальт гэж цоллуулахаасаа илүү Ким Юна гэдэг уран гулгагч байсан шүү гэж хэлүүлэхийг л хүсч байна. Дахиж жингээ барих шаардлагагүй болсон гэж бодохоор бүр инээд минь хүрээд байх юм" хэмээн хариулсан юм.

 

.