m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.19 05:08
328
Г. Уянга: Хувьсгалаас өөр гарц байгаасай гэж би ямар их хүсэж байна аа...

УИХ-ын гишүүн Г.Уянгыг "МАСС-ЗОЧИН"-ы хойморт урилаа.

-Сайн байна уу, юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Торомгор алаг нүдтэй, юманд идэвхтэй, хэнтэй ч найрсаг харилцдаг хажуу ангийн охин байхыг тань би мэдэх юм. Тэр үеийн Уянгаа одоо ч энэ чанараа өөрчлөөгүйд бахархаж байна?

-Баярлалаа. Гэхдээ 10-ын В-ийн Уянгаа одоо бол танигдахааргүй өөрчлөгдсөн шүү дээ(инээв).

-Зарим хүмүүс нэр алдар олохоороо жинхэнэ оддын өвчин тусчихдаг. Энэ өвчин өөрөөс чинь их холуур өнгөрсөн шүү?

-Ямар ч үед байгаагаараа л байж өөрийгөө илүү эрх ямба, бусад зүйлд дасгахгүй байх ёстой гэж байнга бодож өөрийгөө хянадаг юм.

-Нэг зүйлийг асуумаар санагдаад байдаг юм. Бид мөр зэрэгцээд сэтгүүлчийн ажлаа хийж явлаа. Яг хэзээнээс улстөрд оръё гэж шийдсэн бэ. Ямар үйл явдал Таныг энэ салбар руу хөтөлсөн бэ?

Монгол төрийн сүлдэнд чин сэтгэлээсээ сүслэн залбирч, төр түмний төлөө үнэнчээр зүтгэхээ дотроо хатуу андгайлан, бас тийм хүч надад өгөөрэй гэж гуйсан.

-Би ерөөсөө улстөрч болъё гэж мөрөөдөөгүй. Жинхэнэ сэтгүүлч болъё гэвэл гарцаагүй манай нийгмийн бүхий л шийдлийг гаргаж байдаг улс төрийн салбараар мэргэжсэн сурвалжлагч болох ёстой гэж бодсон. “Ийгл”-д ороод жилийн дараа парламентын сурвалжлагч болсон. Эндээс л хамаг юм эхэлсэн байх. “Ийгл”-ээс гарсны дараа тэр үед парламентад ганцхан суудалтай үлдсэн байсан Ардчилсан нам Үндэсний телевизэд авсан 20 минутын нэвтрүүлгээ хийхийг санал болгосон. Парламентын амьдрал, улстөрийн намын дотоод амьдралд гүнзгий орж танилцсан тэр он жилүүд миний үзэл бодолд ихээхэн нөлөөлсөн л дөө. Бас хүн таних сургуульд сургасан. Уул нь таньж мэдээд урваж зугатаж болох байсан ч миний бууж өгөх дургүй, шазруун зан ийшээ улам хөтөлсөн байх гэж боддог.

-Сүхбаатарын талбайгаас төрийн ордон хүртэл 500 метр зайг арван жил туулсан гэж Таны хэлсэн нь үнэхээр сэтгэл хөдлөхөөр байсан. Монгол Улсын төр түшилцэнэ гэдэг амаргүй ч бас хүн бүхэнд тохиох хувь тавилан биш шүү дээ. Та УИХ-ын гишүүн болоод төрийн сүлднээс адис аваад тангараг өргөж байхдаа юу гэж бодож байв?

-Тиймээ, би амьдралынхаа 10 жилийг, ид залуу халуун насаа, хорин хэдтэйгээсээ эхлээд арван жил хувиараа сонин гаргаж, иргэний хөдөлгөөн байгуулж, гудамжинд жагссан. Миний тэмцэл нийгмээ зөв болгоё гэсэн үнэн сэтгэлийн шаргуу тэмцэл байснаас Төрийн ордонд ороод авъя гэж бодоогүй ээ. 2012 оны сонгуульд амжилт үзүүлэхгүй бол зарлаж байгаад улс төрийг орхиё, дахин нэг хүүхэд гаргая, ажил олж хийе, амьдралаа өөрчилье гэж би шийдсэн байсан, үүнийгээ намын нөхөддөө ч хэлчихээд байсан. Харин хувь тавилан өөрөөр шийдсэн. Би тэр л эрхшээлээр явж байна. Гэхдээ өөрийнхөөрөө байж, ард олныхоо саналаас өөр ямар ч дэмжлэггүй энд орж ирсэн маань өөрийнхөөрөө байх, хэн нэгний кноп болохгүй байх асар том эрх чөлөөг надад олгосон. УИХ-д орсон л бол зөвхөн тойргийн төдийгүй бүхий л улс орны, нийт ард түмний эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэх үүрэг оногддог.

Би төрийн далбаанаас адис авч тангараг өргөж байхдаа Монгол төрийн сүлдэнд чин сэтгэлээсээ сүслэн залбирч, төр түмний төлөө үнэнчээр зүтгэхээ дотроо хатуу андгайлан, бас тийм хүч надад өгөөрэй гэж гуйсан. Ямар газар юу хийх гэж ирснээ бүрэн ухамсарлаж байсан, энэ ордны дотор ажиллах нь гаднах тэмцлээс илүү хэцүү гэдгийг ч мэдэж байсан.

-Ерөнхий сайдыг томилох үеэр таны хэлсэн үг олон хүний загатнасан газар маажих шиг болсон?

-Хэлсэн үг маань хүмүүст хүрсэн нь тэдний хэлэх юмсан гэж бодож байсан үгийг л хэлснийх байх.  

-Ерөнхий сайдыг огцруулах үеэр та “Би хэний ч хүн биш” гэж олонтаа хэлнэ лээ. УИХ-ын гишүүн ард түмний элч  ч хэн нэгний хүн биш гээд ямар нэг фракц,  намын харьяалалд байж, бодлого зорилтыг нь хэрэгжүүлдэг шүү дээ. Таны тэр үг нэг л худлаа сонсогдоод байсан?

-Манай нам цомхон, дотроо фракц бүлэглэл байхгүй. Ямар нэг дэмжлэггүйгээр, тойргоос гарч ирсэн болохоор надад хүлээс үнэндээ байхгүй л дээ. Манай бүлэг ч тэр алив асуудалд санал багцалж тэр болгон нэг хүн шиг дуугар гээд байдаггүй. Надад санал тулгах зориг зүрхтэй хүн ч байхгүй биз ээ.

-Та эмэгтэй гишүүдийн дотроос нийгмийн эмзэг асуудал, олон хүн мэддэг  хирнээ хэлж чадахгүй байгаа асуудлыг хөндөж, мэдээлэл хийж, хууль санаачилж байна. Тухайлбал, “Цагаан суваргын орд”-ын талаар жинтэй үг хэлж байсан. Иргэн Ц.Мөнхбаярын талаар ч та тууштай байр суурьтай байдаг. “Оюутолгой”, “Гацууртын орд” гээд  л, энэ бүгдийн дараа ямар нэгэн дарамт шахалт ирдэг үү?

-Үгүй ээ, тийм юм огт байдаггүй. Нэг л их дарамт шахалтаас айсан сэтгэхүй нийгэмд байдаг шиг байгаа юм. Намайг гудамжинд тэмцэж байхад ч ингэж асууж байсан. Сэтгэл хөндсөн, гарцаагүй байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй зүйлүүд хэт олон байна. Үнэндээ ганц хүн тэр болгоныг гүйцэхгүй л дээ. Цөөн боловч олон асуудлаар санаа сэтгэл нийлдэг хүмүүс байна аа, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар гээд. Энд чинь бас үгээ түмэнд таалагдахаар хэлчихээд кнопоо нөгөөдүүлдээ таалагдахаар дардаг гишүүд цөөнгүй байдаг юм байна. Сайхан зөв үг хэлчихээд л огт үйлдэл  хийдэггүй, бүр үйлдэл байтугай үг ч хэлдэггүй олон түмний хайртай “сайхан” хүмүүс бас байна. Энэ чинь их ард түмний төлөөлөл бага ард түмэн юм болохоор есөн жорын хүмүүсийн л цуглуулга байна шүү дээ.

-Нэг хурал дээр таныг ард түмний нэр барилаа гэж хэлж байгаа дуулдсан. УИХ-ын гишүүн чинь ард түмний нэрийн өмнөөс л үгээ хэлэх гэж байдаг гэж би боддог?

-Би ч бас тэгж боддог. Гэхдээ ард түмний талаарх ойлголтууд бас их зөрүүтэй байгаад байх шиг надад санагддаг. Зарим нь зөвхөн сонгогчдоо боддог байх. Зарим хүн “би ард түмний нэг” гэж өөрийгөө тооцож боддог шиг байна. Зарим нэг нь утастаад загнаж байдаг, “Чи ард түмний төлөө зүтгэнэ гэж гараа биз дээ, би тэдний чинь нэг биш юм уу? Чи ганц удаа цахилгааны төлбөрийн өрөөс намайг  гаргаад ард түмэндээ тусалчихад яадаг юм...” гэх “ард түмэн” ч байна.

Монголын ард түмэн гэдгийг минийхээр бол, зөвхөн энэ цаг үед энэ газар шороон дээр амьдарч байгаа гурван сая хүн гэж ойлговол хэт явцуу ойлголт болно. Үеийн үед Монголын аугаа их түүхийг бүтээсэн, бүтээлцсэн, бидэнд энэ газар нутаг, баялаг, түүхийг өвлүүлсэн, үүний тул амь бие, цус нулимс, аз жаргалаа зольж ирсэн тэр хүмүүс, ирээдүйд энэ газар нутагт амьдарч Монголыг үргэлжлүүлэх тэр хүмүүс, өдгөө энд сайн муу түүх бичиж суугаа бидний үеийнхнийг нийлүүлээд Монголын ард түмэн гэдэг ойлголт бүрэн дүүрэн бүрдэнэ гэж би боддог, бас энэ ойлголтоороо ярьдаг. Төр бол ард түмний төлөө байх ёстой гэдэг нь энэ гурван цагийг багтаасан шийдвэр гаргаж байх ёстой гэж боддог. Өнөөгийн төр ард түмнээ зөвхөн өдгөө амьдарч байгаа хүмүүс гэж ойлгоод, тэдний ходоодыг тэжээх, тэдний саналыг авахын тулд өнөөдөртөө байгаа эрх мэдлээ ашиглан яаж ч болно гэсэн аястай шийдвэрүүдийг л гаргаад байгаа нь бухимдмаар. Маргааш санал авахын тулд бүх баялгийг урьдчилан зарж идэж байна шүү дээ. Ингэж болохгүй биз дээ? Бидэнд чинь маргааш гэж бий, ирээдүй гэж бий.

Тасралтгүй үргэлжлэх аугаа түүхийн өмнө хийсэн үйлтэй, зөв сэтгэлтэй хүмүүс “Би ард түмний нэг” гэж хэлж болох байх. Тийм хүмүүсээрээ л аливаа ард түмэн үеийн үед бахархаж “манай ард түмэн Модун, Тяньшихуай, Чингис хааныг, Бонапартыг, Путинг, Бисмаркийг, Кромвелийг, Ататуркийг төрүүлж чадсан” гэдэг. Тийм хүмүүс улс үндэстнээ дэлхийд нэртэй, бас мөртэй болгодог. Өнөөгийн төр үндэсний шинжээ алдаж, хуйвалдаан, завхралдаа идэгдээд доллар, гадныхныг хэт шүтэж, үүнийг нь хэлсэн хүмүүсээ сонсохын оронд жишимгүй хаяж, эсвэл нухчин дарж өөрөөсөө биш гадаадаас бодлого ухаанаа авч байх шиг. Цөвүүн цаг гэдэг нь л энэ байх даа. Өнөөгийн төрийнхөн хойч үе жигшиж гутам, за хамгийн сайндаа маш том сургамж авах түүхийг бичиж байна. Энэ сургамжийг дэндүү их үнэ төлж авч байх шиг. Гэхдээ үнэхээр хүчирхэг хүмүүс улс орныхоо төлөө босч ирдэг. Ийм хүмүүс нэгдвэл энэ бэртэгчдээс хамаагүй илүү хүчтэй. Би ч хүмүүстэй уулзахдаа хэлдэг, эд нар нэгдэж чадаад байхад бид яагаад нэгдэж чаддаггүй юм бэ? Эднийг мөнгө, харин биднийг үзэл санаа сэтгэл нэгтгэнэ. 

Хадгаламж зээлийн хоршоод яаж сүйдэллээ. Санамжаа ийм хурдан алдаж болохгүй.

-Таны санаачлан өргөн барьсан хуулийг би харлаа. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хууль өнөөдөр гарцаагүй хэрэгтэй байна. Иргэдийн амжиргаа муудаж, эд зүйл, өөртөө байгаа үнэтэй гэх бүхнээ ломбардад тавьж байна. Харин тэр газар нь ямар ч хуульгүй, аав ээжээс нь өвлөн ирсэн хүний үнэт зүйлийг дур мэдэн зарж борлуулдаг байх нь шударга бус. Түүнээс гадна ямар ч харуул хамгаалалтгүй байж байх жишээтэй.   

-Ломбард гарцаагүй санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа хирнээ ганцаархнаа ямар нэг хуульгүй, хяналтгүй явдаг. Үүнийг гарцаагүй зохицуулах шаардлагатай. Үүний цаана бидний мэдэж байгаагаас ч том асуудал байж мэдэхээр юм билээ. Хадгаламж зээлийн хоршоод яаж сүйдэллээ. Санамжаа ийм хурдан алдаж болохгүй.

 

“Ц.Элбэгдорж Н.Энхбаяраас долоон дор болж байна” гэж бүгд ярьцгааж байна

-Саяхан “Шударга ёс” эвслийн тэргүүн МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд явлаа, та уулзсан уу. Хэлж, ярьж буй зүйлийг нь анзаараад байх нь ээ, их ухаарч, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй болсон мэт санагдсан. Ямар ч байсан буруу замаар явж буйг хэлээд төрийн түшээд нам харгалзахгүй уучлал гуйх хэрэгтэй гэдэг үгийг удаа дараа хэлж байна лээ?

-Уучлал  гуйгаад зогсохооргүй болсон байхаа. Өнөөдрийн улс орны байгаа байдал, 25 жилд алдсан оносноо дэнсэлбэл алдаа нь дэндүү их болсон байна даа. Алдаад зогсохгүй одоо энэ алдаанаасаа өөрсдөө гарах тэнхэлгүй болчихоод байгаад л өнөөдрийн эрх баригчдын гол асуудал байгаа юм даа.

-Таныг Н.Энхбаярыг нэг их муулдаг байснаа түүнтэй нийллээ гэсэн яриа явдаг?

-Би түүнийг муулж байгаагүй юм шүү дээ, шүүмжилж байсан. Бүр маш хүчтэй шүүмжилж байсан. Шүүмжлэхээс ч аргагүй байсан. Түүний хийсэн зарим зүйлд одоо ч шүүмжлэлтэй ханддаг хэвээр. Үнэндээ би өөрчлөгдөөгүй, байгаа байр сууриндаа л байгаа. Харин Энхбаяр даргын өнөөгийн төр, нийгмийн талаарх байр суурь 180 градус өөрчлөгдсөн шүү дээ. Би бол байрандаа л байна. Гэхдээ Энхбаяр, Уянга хоёр нийлчихлээ гээд байж ядаж байгаа хүмүүс биднийг буцаад уулзах хаалгаа түгжчихээгүй байсныг олж харахгүй байна. Бид мөнгө булаацалдаагүй, лиценз булаацалдаагүй, эрх мэдэл булаацалдаагүй, зарчим зөрсөн. Одоо муулж байгаа хүмүүсийн олонх тэр үед Н.Энхбаярт зуйрах үгээ олохгүй ээрч муурч, мөнгө зөөж, өрөөнд нь мөлхөж, намайг шанаадаад өгөөч гэж уйлж байсан хөгийн амьтад. Энэ мэтийн амьтад Н.Энхбаярыг Солонгост цөлчихөөд Ц.Элбэгдоржийг дараагийн Н.Энхбаяр болгож байгааг бид харж байна. Тэгээд хэн ч юу ч хэлэхгүй л байгаа хирнээ бүгд өрөөндөө нийлж суухаараа ам булаалдан  “Үнэндээ Н.Энхбаяраас долоон дор байна” гэж ярьцгааж байна. Үндэс язгуураасаа, эгэл жирийн амьдралаас тасарсны тод жишээ, сонгодог популистын хэвшинжит дүр манай ерөнхийлөгч. Тэнгэрт ниссэн хачин хачин санаачилга дэвшүүлээд л, сүүлдээ хүмүүс сонсохоос дургүйцдэг болж. Үүнийгээ мэдрэх боломж олддоггүй шиг байна. Үүдээр нь чихэлдэж ороод, та сайхан үг хэллээ, агуу байлаа...гэцгээгээд, тэгээд хүн арав хорин жил ийм амьдралаар амьдрахаар зүгээрл тасарна. Асуудал хүндээ ч бий, бас тогтолцоондоо байна. Эрх мэдэлд хүрсэн хүнийг оюун санааны хувьд эвддэг, дараа нь бие махбодийн хувьд алдаг систем бий болсон байна. Энэ буруу систем өөрөө өөрийгөө идэж устгаж байна. Их зовиуртай, тарчлаантай  үйл явц руу орчихлоо л доо. Могой сүүлээ залгиж байгаа мэт. Ерөнхийлөгч иргэн хоёрын хооронд толгой сүүлний л ялгаа бий дээ.

-Үнэндээ танаас өөр Ерөнхийлөгчийг ойрын жил ингэж хүчтэй шүүмжилсэн хүн байсангүй. Таныг АН-д ажиллаж байхад намын дарга байсан, та нарыг ойрхон хүмүүс л гэж ойлгодог?

-Яг намайг ажиллаж байхад Элбэгээ дарга Америкт байсан. Тэр үед намын дарга Д.Дорлигжав сайд, дараа нь М.Энхсайхан сайд байсан. Харин ирээд АН-ын дарга болоод манай нөхөр Хуягааг нарийн бичгийн даргаараа авсан. Би зарчим л ярьдаг, түүнийгээ л ярьж байна.

-Таныг УИХ-ын гишүүн болоход Н.Энхбаярын нэр нөлөө, нөмөр нөөлөг байсан биз дээ?

-Нэг талын нөлөө, нөмөр нөөлөг гэж биш хамтран ажиллах, зөв зарчим дээр нэгдэх гэж хэлбэл зөв. МАНАН-г өөрчлөх ёстой гэсэн нийгмийн суурь сэтгэлзүйг бэлтгэхэд миний 10 жилийн амьдрал зориулагдсан. Батцогт ах бид хоёрын босгож ирсэн “Амлалт нэхэх ард түмний холбоо” их томоохон донсолгоо болсон, намуудыг маш их өөрчилсөн. Энэ бэлэн суурин дээр МАХН гарч ирсэн. Н.Энхбаяр даргын нэр нөлөө, олон түмний сэтгэлийг дагуулж чадсан АНАТХ хоёр “Шударга ёс” эвслийн гол тулгуур болсон, үүний үрээр парламентад бүлэг байгуулж гуравдагч хүчнийг бодтойгоор бий болгосон. Гэвч манай эвслийн олон хүн олон жилийн суурийг нь бэлтгэлцээгүй учраас суурьтайгаа авцалдахгүй, хөндийрөөд байна. Энэ сууриас дэндүү хол хүмүүс “Шударга ёс” эвслийн нэрээр сууж байна л даа.

Монгол Улсын төрийн тэргүүн байсан, өнөөдөр эх нутагтаа орж ирэх эрхгүй ингэж явна гэдэг Монгол төрийн өөрийн нь гутамшиг юм.

Гэвч хэдий би Н.Энхбаяр даргыг шүүмжлэлтэй хандаж байсан гээд түүний өнөөдрийн байгаа байдалтай бас л эвлэрч чадахгүй байгаа юм. Тэр ямар ч байлаа гэсэн Монгол Улсын төрийн тэргүүн байсан, өнөөдөр эх нутагтаа орж ирэх эрхгүй ингэж явна гэдэг Монгол төрийн өөрийн нь гутамшиг юм. Түүний алдаа оноог монгол төрийн алдаа оноо гэж харж,туршлага, сургамж болгон авч явах ёстой биш үү? Яг ингэж бодож Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан юм. Тэр хууль батлагдвал ҮАБЗ-ийн гишүүн байсан арав гаруйхан хүн  Аюулгүйн зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр насан туршдаа ажиллах юм. Одоо манай ерөнхийлөгч байсан хүмүүс амьжиргааны баталгаагүй төрөөс явдаг учраас төрд ажиллаж олсон туршлага мэдлэг, мэдээллээ гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид зарж амьдарч байна шүү дээ. Ийм байж болохгүй. Төрд хар хайрцагны бодлого гэж байдаг бол тэр нь хүмүүсээр л дамжиж уламжлагдана шүү дээ.

-Таны энэ хуулиар одоо байгаа ҮАБЗ-ийн гишүүд хамрагдана гэвэл дандаа л мөнгөтэй, баян хүмүүс орох нь дээ?

-Тийм ч учраас хууль маань хэлэлцүүлэгт орохгүй яваад байх шиг байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан хүмүүс тийм ч олон биш, арав гаруйхан л байна. Төр зүтгэсэн хүндээ баталгаа өгдөггүй учраас байгаа хугацаандаа амжаад амьжиргаагаа баталгаатай болгоод авъя гэж хүн боддог шиг байгаа юм. Төрийн хүн нь мөнгөний зорилгогүй, төр нь амьжиргааны баталгааг нь хангадаг, бизнесийн хүн нь төрд ойртохгүй явбал л нэг зүгширмээр байгаа юм. Үүнийг тийм ч амархан хийхгүй нь бололтой.

-УИХ-ын гишүүн яг хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Унаа унаш, хамаг мөнгө нь нийлээд 1.5 сая орчим. Удаан жил суусан, эрдмийн зэрэг цолтой хүмүүст нь бага сага нэмэгдэл байдаг юм шиг билээ.

-Уул нь их мөнгө биш л юм байна, бүхэл бүтэн улсын төр гэхэд. Сая МАН-ынхан унааны мөнгөнөөсөө татгалзая гээд байсан, тэр нь хэдэн төгрөгнөөс татгалзах гээд байгаа юм бэ?

-Яг сайн мэдэхгүй байна. Нэг их биш байх. Би засгийн машин унадаггүй, өөрийнхөө унааг унадаг. Ер нь энэ танхим дотор над шиг цалингаараа амьдардаг хүн гарын таван хуруунд багтах байх. Толгой дараалан бодоод үзэхэд бүгд л шахам компанийн эзэн, захирлууд, хувьцаа эзэмшигчид, цалингаас гадуур ямар нэг хэмжээгээр орлого олдог. Тэд цалингаасаа татгалзсан ч дуслын төдий нөлөөгүй л дээ.

Ер нь энэ танхим дотор над шиг цалингаараа амьдардаг хүн гарын таван хуруунд багтах байх

ЭНЭ ПАРЛАМЕНТ ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ҮЙЛ ЯВЦЫГ ЗӨВХӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮҮРЭГТЭЙ

-Та бас том компаниудыг УИХ сонсоё гэдэг санал байнгын хороон дээр гаргаж байсан. Энэ тань ямар учиртай юм бэ. Хямралаас гарахад тэдний оролцоо чухал гэж үзсэн үү?

-Өнөөдөр хувийн компаниудын гадаадад төлөх ёстой өр нь засгийн газрын төлөх өрнөөс даруй хоёр илүү дахин давчихаад байна. Монголд гадаадын барьцаанд тавиад мөнгө олох юм ашигт малтмалын хэдэн ордоос өөр юу байх билээ. Юуны тулд, яах гэж тэд ийм их өр тавьчихсан юм, одоо тэгээд яаж цэгцлэх талаар ний нуугүй ярилцаж, тэдний зовлонг бас нэг сонсох хэрэгтэй гэж надад санагдсан. Өнөөдөр тэдний зовлон Монголын асуудал болж хувирлаа. Төр, төр ч юу байхав улстөрд байгаа бүлэглэлүүд нь тэдэнд янз бүрээр л туслах гэж оролдож байна. Элдэв арга чаргаар татварын хөнгөлөлт үзүүлэх гэж хууль оруулж ирж байна. Хүүхэд, ээжүүдийн халаас руу гар дүрж байгаа хирнээ тэдэнд хөнгөлөлт үзүүлэхийг чармайж байна. Үр дүн нь юу вэ гэдгийг шийдвэр гаргаж байгаа УИХ мэдэх шаардлагатай гэж бодож байна. Үнэндээ хөрөнгө оруулалт орж ирэхээ байгаад доллар галзуураад байна уу гэвэл үгүй. Тэдний өрийн төлбөрт баахан  төгрөг доллар болж гараад байна. Одоо ингэсээр байгаад улсаараа сүйрэх үү гэдэг асуулт бидний өмнө тулгараад байна шүү дээ.

Хаа сайгүй өрөнд баригдчихаад байна. Дотооддоо бүгд цалингийн зээл, тэтгэврийн зээлтэй, ломбард, банкинд өртэй, гадаадад засаг нь, компаниуд нь өртэй. Үүнийг хэвийн, байх л зүйл гэж би бодохгүй байна. Үйлдвэрлэл байхгүй, бүх өрөндөө байгаа баялгаа тавиад туучихсан ийм эдийн засгийг хэвийн эрүүл гэж хэлж чадахгүй. Бидэнд үнэхээр том өөрчлөлт хэрэгтэй байна.

-Та хувьсгал гарцаагүй гэж твиттерт жиргэсэн байсан. Түүнээс өөр арга байхгүй гэж үү?

-Өөр арга байгаасай гэж би ямар их хүсч байна аа. Ер нь хувьсгалаас өөр гарц надад харагдахгүй байна. Түүнийг ямар арга замаар хийх вэ? гэдэгт л асуудал байгаа. Аядуу тайван замаар, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийж болно, үгүй бол өөр замаар. Аль аль нь аядуу тайван байх ёстой. Өнөөгийн эрх баригчид 1990-ээд оны эрх баригчид шиг уужуу, ухаалгаар засгийн эрхийг шилжүүлж өгч чадах болов уу? Тэд алдах юм даанч ихтэй болсон хүмүүс дээ.  

-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа ороод явж байна, аядуу тайван замаар шийдэгдэхээр болж байгаа юм байна, тийм үү?

-Үндсэн хууль өөрчилнө гэдэг тийм ч амар үйл явц биш. Тэр тусмаа энэ Үндсэн хуулийг баталсан хүмүүс үүнийг өөрчилнө гэж байж болох уу даа? Тэд үйл явцын оролцогчид байхаас дангаараа өөрчилж яавч болохгүй. Тэр байтугай энэ удаагийн парламентад Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Олон нийтээрээ, нийгмийн бүх түвшин, салаа мөчрөөрөө хэлэлцэх үйл явцыг заавал хангах ёстой. Ингэхгүйгээр чимээгүйхэн өөрсдөө өөрчилчихнө гэвэл эндүүрэл. Тэр тусмаа энэ удаагийн парламент өөрчилбөл энэ нийгмийн алдааг залруулах биш харин ч өөрсдийгөө хуяглах илүү магадлалтай. Магадлалтай ч гэж ер нь тэгнэ. Би хувьдаа үүнийг зөвшөөрөхгүй. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийг өөрчлөх үйл явцыг маш зөв зохион байгуулах л үүрэгтэй. Үндсэн хуулийг үүгээрээ ингэсгээд өөрчилчихье гэх оролдлого нь харин ч хувьсгалын тохироог нэгмөсөн бий болгож мэднэ.

-Та “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын хүүг туслахаараа ажиллуулдаг гэсэн үү. Ингэхэд түүнтэй уулзаж холбоотой байдаг уу?

-Газар нутгаа хамгаалах гэсэн, шударга зарчимтай нэг залуугийн амьдрал хэрхэн сүйрч байгааг харахаар сэтгэл өвддөг. Өчигдөрхөн Гацууртын орд руу очоод ирлээ. Сайхан ойг сүйдэлсэн байна билээ, Гацууртын голыг бүр байхгүй болгочихож. Одоо нэмж сэндийлээд 50 тонн алтыг нь авах тухай ярьж байна. Улс даяар хаа сайгүй харагддаг ийм л эмгэнэлээс хамгаалах гэж бүхий л чадлаараа явсан залууг аваачаад шоронд хийчихлээ. Өнөөгийн нийгэм дэндүү шударга бус болчихлоо доо. Чадлынхаа хирээр тус болох гэж хүүг нь бие төлөөлөгчөөрөө авсан. Байсгээд очиж эргэдэг.  Монгол үндэстнийг нэгэн бие цогцос юм гэж үзвэл Ц.Мөнхбаяр шиг хүмүүс тэр биеийн дархлаа юм. Бид дархлаагаа өөрсдөө устгаж байна. Дархлаагүй биед гаднын элдэв нян хялбархан нэвтэрч өвчлүүлнэ. Бид ДОХ туссан хүн шиг байна. ДОХ бол дархлааны систем байхгүй болсоор үхдэг өвчин гээ биз.

-Таны хань бас өөрөө төр түшилцээд өмнөхөөсөө завгүй болжээ. Гэр бүлдээ цаг гаргаж амжиж байна уу?

-Бид аль болох гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг хичээх боловч яаж ийгээд л ажил гарч ирээд байна. Хүүхдүүд маань жаахан болохоор аав ээжийгээ амарна гэвэл алга ташаад, дэвхцээд сүйд болно. Зарим үед гарцаагүй ажилтай болохоор “ээжийн ажил муухай” гээд охин минь уйлдаг юм. Тэгэхээр нь элэг эмтрэм гээч. Би хүүхдүүдээ бага гэлгүй хаашаа явж хэнтэй уулзах гэж байгаа, яагаад энэ нь чухал болох тухай том  хүн шиг л тайлбарлаж өгдөг. Тэгэхээр арай гайгүй байдаг юм.

-Баянгол дүүргийн 40 дүгээр сургуульд байхдаа дажгүй дуулчихдаг байсныг чинь санаж байна. Зөвхөн дуулах бус өөрийгөө хөгжүүлэхэд хир анхаарч байна вэ?

-Одоо дуучин болох хөг нэгэнт өнгөрсөн учраас арай ирээдүйтэй чиглэл рүүгээ л өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байх. Зав л гарвал ном уншиж, хүмүүстэй уулзаж ярилцаж, идэвхтэй амьдрахыг хичээж байна даа. Сүүлийн үед сонсдог ном гэж нэг сайхан эд олноор гарч байна. машиндаа бол ном л сонсож явдаг болсон шүү дээ. Хуучны сайхан өгүүллэг, туужуудыг аудио ном болговол зүгээр санагддаг юм. Хэн нэг нь тэгж хийнэ биз дээ.

-Та УИХ-ын гишүүн ч нас залуу шүү дээ. Хамгийн сүүлд хэзээ шоудав?

-Хаа нэг энд тэнд орохдоо би л лав нэг их өөрийгөө хорьж сүйд болдоггүй. Би бусдын л адил хүн, энд тэнд таарсан хүмүүс санаа бодлоо хэлээд авъя гэх юм уу, эсвэл дэмжиж явдгаа хэлж л байдаг. Хамгийн сүүлд дөрвөн эмэгтэй гишүүний төрсөн өдрийг нэг дор хамтатган тэмдэглэж бид нэг орой караокед сууцгаасан. Бас тоос хөдөлгөж яваа хүмүүс юм болохоор хаа нэг улс төр ярихгүйгээр сууцгааж, дуулж хуурдаад хөгжилдөх юм байлгүй дээ.  

-Хоёрдугаар сарын 9-нд яг юу болох гэж байгаа юм бэ?

-Дээр ярьсан бүх зовлонгоо мөн гарах арга замаа хэлэлцье л гэсэн юм. Удахгүй энэ талаараа хэвлэлийн хурал хийлгэнэ ээ.

-Танд баярлалаа, амжилт хүсье.