m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.20 07:54
1152
ХХI зууны Монгол-Германы харилцааг гэрэлтэй, өөдрөгөөр төсөөлдөг

Монгол улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Бүх л салбарт хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн хоёр улсын харилцааг судлах, таниулах, дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа  олон улсын харилцааны салбарын баялаг бүтээгчдийн нэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Ц.Лхам, Р.Төрдалай нарыг энэ удаагийнхаа “Баялаг бүтээгч” буландаа урилаа.

Хоёр судлаач маань “XXI зууны Монгол-Германы харилцаа хамтын ажиллагааны чиг хандлага, хэтийн төлөв” нэртэй шинэхэн номоо хэвлэлтээс хүлээж аваад байгаа билээ. 

- Та хоёртоо өөрийн зүгээс болон уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе!​ Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хичнээн жил ямар хүрээг хамарч судалгаа явуулж байна вэ. Судалгааны эх сурвалжуудаа хаанаас авдаг вэ?

Ц.Л: - Баярлалаа. 2002 онд ШУА-ийн харъяа Олон улс судлалын хүрээлэнд судлаачаар ажиллах болсноор Монгол-Германы харилцаа хамтын ажиллагааны талаархи архивын материал, цаг үеийн мэдээ мэдээллийг судлан судалгааны ажлаа эхлэж байлаа. Тухайн үед баталгаатай эх сурвалжтай материалыг ГХЯ-ны архивт судалдаг байлаа. Нэгэнт энэ чиглэлээр мэргэшиж яваа судлаачийн хувьд тус архивын 1990 оноос хойших Монгол-Германтай холбоотой материалыг аль болох салбар чиглэлээр нь өргөн хүрээнд судлах оролдлого хийдэг байсан даа. Сүүлийн үед Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар сайн мэдээлэлтэй цахим хуудсууд гардаг болжээ. Тухайлбал Германд суугаа Монголын элчин Сайдын яам, мөн Монголд суугаа Германы элчин Сайдын яамны цахим хуудсууд тогтмол мэдээллээ гаргадаг болсон байна. Би энд Герман хүний тууштай нямбай чанарыг онцлон дурдмаар байна. Монголд элэгтэй нэгэн Герман залуу 1999 оноос эхлэн mongoliе.de нэртэй цахим хуудсаа өөрөө санхүүжүүлэн Монголд сурч төгссөн Германы монголч эрдэмтнийг дэмжин герман хэл дээр мэдээ мэдээлэл гаргадаг болсон. ШУА-ийн ОУС-ын хүрээлэн Монгол-Германы харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үйлсэд хувь нэмэр оруулах, уг харилцааг өргөн хүрээнд судлах үүднээс дэргэдээ “Герман судлал” төв хэмээх төрийн бус байгууллага байгуулж, хоёр орны хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлуудыг хамтран зохион байгуулж ирсэн. Эдгээр бага хурлаас эмхэтгэгдэн гарсан ном болон тус төвөөс эрхлэн гаргасан сэтгүүл товхимлууд нь хоёр орны өнөө үеийн харилцааны түүхийг тольдон харах боломжийг олгож байна.

Миний тухайд Монгол-Германы түрүү үеийн гэхээсээ илүү өнөө үеийн харилцааг судалдаг. Илүү үр өгөөжтэй байх үүднээс орчин үеийн харилцааны чиглэлийг сонгон авч судлах болсон. Арай илүү цогцоор нь харж, бодит дүгнэлт хийх гэсэн үүднээс аль болох өргөн хүрээг хамруулан судалдаг даа.

Р.Т:  - 2001 онд намайг оюутан байхад Германы монголч эрдэмтэн, профессор Удо Б.Баркманн багш маань МУИС-д зочин профессороор ажиллахаар ирээд байсан юм. МУИС-ийн Монголын түүхийн тэнхмийн эрхлэгч, академич Ж.Болдбаатар багш маань 3, 4 дүгээр курсээс 3 оюутныг сонгон Удо багшийн лекцэнд хамруулах шийдвэр гаргахад түүнд багтах завшаан надад тохиолдсон юм. Энэ үеэс Монгол-Германы харилцааны түүхийг сонирхох болсон. 2002 онд их сургуулиа төгсөхдөө Удо багшийнхаа зөвлөсний дагуу 1926-1930 онд Герман, Францад анх суралцсан монгол оюутнуудын тухай бакалаврын ажлаа бичсэн. 2004 онд Монгол-Германы худалдаа, эдийн засгийн харилцаа (1921-1938 он) сэдвээр магистрын ажлаа хамгаалсан. Ер нь ХХ зууны эхэн үеийн Монгол-Германы харилцааг түүхэн онцгой үе гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Дипломат харилцаа байгаагүй ч хоёр талаас боловсрол, шинжлэх ухаан, худалдааны өргөн харилцааг өрнүүлж, Берлинд Худалдааны төлөөлөгчийн газар, Герман, Франц дахь монгол сурагчдын захиргаа зэрэг байгууллагууд ажиллаж байсан. Герман, Францад суралцсан монгол залуус хожмоо салбар бүртээ манлайлагч байж, ХХ зууны Монголын түүхнээ сор болсон сэхээтнүүд болсныг бид мэднэ. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого 1911 оны хувьсгалаас эхэлж, энэ үед тод илрэн гарч байсан. Гэвч Зөвлөлт Оросын улс төрийн ашиг сонирхолтой зөрчилдсөн тул 1930 онд үндсэндээ зогссон, бүгд хэлмэгдсэн. Энэ чухал сэдвийг сонгон авч судлах боломж олгосон багш нартаа би талархаж явдаг. Намайг судалгаагаа эхлүүлж байхад энэ чиглэлээр дагнан судалсан хүн цөөн байсан. Өнөөдөр энэ сэдвийг сонирхон судалж байгаа хүн Монголд ч, Герман ч тэр цөөнгүй болсон. Энэ чиглэлд хүмүүсийн анхаарлыг хандуулахад бага ч атугай хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг. Энд дэлгэж үзүүлсэн бүтээлүүдийг харвал өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай Монголын Герман судлал төвийн хамт олон багагүй ажил амжуулсныг та бүхэн мэдэх байхаа. Үүнд, Удо Б.Баркманн багш, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ХБНГУ-ын ЭСЯ дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай төвөөс эрхлэн гаргасан бүтээлүүд болон зохион байгуулсан олон улсын хурал тухай бүртээ амжилттай, чанартай болж байсан нь үүнтэй л  холбоотой гэж боддог. Сүүлийн жилүүдэд Монгол-Германы өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа, Герман орон судлал чиглэлийн хамтын бүтээлд оролцсон. Энэ дашрамд Монгол-Германы харилцааг олон жил дагнан судалж, тус байгууллагын тулгын чулууг тулалцаж, залуус бидэнд судалгааны ажлын дөр суулгах гэж сэтгэл гарган зүтгэж, сургаал зөвлөгөөгөө харамгүй хайрладаг байсан эрдэмтэн, дипломатч Р.Жамц агсанаа хүндэтгэн дурсъя.

Герман улс Монгол улстай харилцаагаа аль болох хөгжүүлэх гэсэн эрмэлзэлтэй байдаг.

- “XXI зууны Монгол-Германы харилцаа хамтын ажиллагааны чиг хандлага, хэтийн төлөв” бүтээлийн онцлог болоод шинэлэг талын тухайд?

Ц.Л: - Хоёр орны хамтын ажиллагааны бодит зүйлийг хараад байхаар ихэвчлэн үйл явдлууд, уулзалт, яриа хэлэлцээрүүд л харагдана. Мэдээж тэдгээр яриа хэлэлцээрүүд, үйл явдлуудын цаана түүний урган гарах нөхцөл шалтгаан гэж байна. Яагаад Герман улс манай улсад бүх талын тусламж дэмжлэг үзүүлээд байна вэ? Шалтгаан нь юу вэ гэх мэт асуулт гарна. Энэ асуултын хариултыг сонирхоод үзэхээр Германчуудын зүгээс олон жилийн турш нэг талаар Монгол улс ардчиллын үнэт зүйлсийг тодорхой хэмжээгээр агуулсан улс гэдэг утгаар нь Ази тив дэх ардчилсан энэ улсыг дэмжих хүсэлтэй гэж тайлбарладаг. Герман улсын байр суурь дэлхийн өнцөг булан бүрд энх тайван байгаасай гэж эрмэлзэл дээр тогтдог гэдэг байв. Монголын ардчилал Германд чухам ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар ер нь судалсан судалгаа хомс байдаг тул аль болох гүнзгийрүүлэн судлах санаа төрсөн. Энэ нь бидний судалгааны шинэлэг тал юм даа. Миний үзэж байгаагаар Герман улс Монгол улстай харилцаагаа аль болох хөгжүүлэх гэсэн эрмэлзэлтэй байдаг нь нэг талаас Монголын ашигт малтмалын нөөц баялаг, нөгөө талаас Монгол нь Төв Азийн орнуудад ардчиллын үлгэр жишээ үзүүлэх, туршлагаасаа хуваалцах, бүс нутагтаа харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай оролцох зэргээр Төв Азийн орнуудад ардчиллыг бий болгон хөгжүүлэхэд Монгол Улс хувь нэмрээ оруулах боломжтой гэж үздэгтэй холбоотой юм.  Учир нь Европын Холбооны улсууд Каспийн тэнгис орчмын нутгийг (үүнд Төв Азийн орнуудаас ч ордог байна) газрын тос байгалийн хийн нөөц ихтэй тул энэ бүс нутгийг өөрийн онцгой ашиг сонирхлын бүс гэж үздэг. Магадгүй эдгээр улсуудтай цаашид газрын тос байгалийн хийн тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тэнд улс төр, эдийн засаг тогвортой байх, өөрөөр хэлбэл ардчилсан дэглэмтэй байх нь нэн чухал юм.

Хоёр орны хамтын ажиллагааны уулзалт, яриа хэлэлцээрүүд, үйл явдлуудын цаана түүний урган гарах нөхцөл шалтгаан гэж байна.

- Монгол Улсын хувьд Герман улсыг “гуравдагч хөрш”-өө гэж үзэн харилцаагаа хөгжүүлэх шалтгаан нь юу вэ?

Ц.Л: - Монгол Улсын хувьд хоёр хөршийнхөө нөлөөг тэнцвэржүүлэх үүднээс гуравдагч хөршийн бодлогыг сонирхдог. Тэгэхдээ аль болох ардчилсан өндөр хөгжилтэй гуравдагч орнуудтай  харилцаагаа хөгжүүлэх гэсэн хүсэл сонирхолд нь Герман улс бүх талаараа нийцдэг тул Германтай иж бүрэн түншлэлийг бүх талаар хөгжүүлэхийг чармайж байна.

- Монгол-Германы харилцаа ямар түвшинд хөгжиж байна вэ. Ер нь салбар чиглэлээр нь авч үзвэл жигд хөгжиж байна уу. Герман улсыг өндөр технологитай гэж ярьдаг. Энэ өндөр технологиос манайд орж ирж чадаж байгаа болов уу?

Ц.Л: - Ер нь хоёр орны харилцаа сайн явж байгаа гэж хэлж болно. Үүнээс ч илүү сайн хөгжих боломж бий гэж би боддог. Салбар салбараар нь харвал улс төр, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хамгийн сайн хөгжиж байна. Шинжлэх ухаан дотор археологийн хоёр орны ард түмний хувьд сүүлийн жилүүдэд их сайн хөгжиж байна. Үйлдвэрлэл, уул уурхай, боловсруулах салбарт хөрөнгө оруулалт гэдэг бол чухал. Гэвч энэ чухал салбар дээр энэ өндөр хөгжилтэй орны технологийг оруулж ирэх тал дээр явц төдийлөн хангалттай бус байна. Мэдээж өндөр технологи гэхээрээ байгальд хор хөнөөлгүй байхын тулд өртөг өндөртэй технологи орж ирнэ. Тухайн технологи орж ирэхэд үр ашигтай байх нөхцлийг бүх талаас нь цогц судлах шаардлага аль аль талаас урган гарна. Ийм технологийг оруулж ирэхийн тулд бодлогын чанартай хөшүүрэг байх хэрэгтэй юм болов уу. Монгол Улсад оруулсан Германы нийт хөрөнгийн зөвхөн 9,3 хувь нь эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарт ногдож байна. Уг салбарт төрийн оролцоо, санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа боловч хувийн хэвшлүүдийн хоорондын хамтын ажиллагаа төдийлөн амжилттай биш байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбарт ийм төслүүдийн олонхи нь маш удаашралтай, зохих баримт бичигт гарын үсэг зурсан боловч хэрэгжиж эхлээгүй, зогсолт, хүлээлтийн байдалтай байгаа бол зарим нэг төсөл нь хууль эрх зүйн орчин, бодлого шийдвэр өөрчлөгдсөн, удирдах ажилтан солигдсоны улмаас цуцлагдсан байдалтай байна. Ийм нөхцөлд хоёр талаас зориуд хүчин чармайлт гаргаж, хувийн хэвшлийнхэн хамтран хэрэгжүүлж буй аль нэг томоохон төслийг үлгэр жишээ, загвар болохуйц байдлаар амжилттай хэрэгжих нөхцлийг бүрдүүлмээр байна.

Монгол-Германы харилцаа улс төр, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хамгийн сайн хөгжиж байна.

- Боловсролын салбарт хамтын ажиллагаа хэр өргөн хүрээнд явагдаж байна вэ. Жилд Германд хичнээн оюутан суралцдаг вэ. Германд сурч төгсөж ирсэн хүмүүсээс ялангуяа техник технологийн тал дээр амжиллтай үйл ажиллагаа явуулж, улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа жишээ нэрлэвэл?

Р.Т: - Дээр дурдсан 1920-иод оны дунд үеэс Монгол-Германы боловсролын харилцаа эхтэй. 1956 оноос БНАГУ-тай харилцаа идэвхтэй өрнөж, социализмын жилүүдэд тус улсын ТМС, их, дээд сургуульд суралцаж, эрдмийн зэрэг цол хамгаалсан хүн 25 мянга орчим байдаг гэсэн тоо бий. Өнөөгийн байдлаар манай иргэд Германы их, дээд сургуулиудад хувийн журмаар элсэн суралцах явдал жилээс жилд нэмэгдэж байгаа. Германы статистикийн албаны мэдээгээр ХБНГУ-ын их, дээд сургуулиудад 2012/2013 оны өвлийн улиралд нийт 755 монгол оюутан суралцаж байна. Эдгээрийн дийлэнх нь үндсэн ангид хувийн журмаар суралцаж буй оюутнууд. Өмнөх жилүүдтэй харьцуулахад оюутны тоо буурах хандлагатай байгаа ч санаа зовоох зүйл мэдээж биш байхаа. Хоёр улсын боловсролын харилцааг урагшлуулах талаар хоёр талаас хийгдсэн айлчлал, уулзалт, хамтарсан үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтмол өрнөж байна. Монгол-Германы ашигт малтмал технологийн хамтарсан их сургууль 2013 онд байгуулагдсан нь салбарын харилцааны шинэ өнгө төрх болж байна. ХХI зууны Монгол-Германы харилцааны хандлага төлөвийг маш гэрэлтэй, өөдрөгөөр төсөөлдөг. Манай талаас Монгол-Германы боловсролын харилцааны үр шимийг бүрэн дүүрэн ашиглах, Европын холбооны боловсролын норм стандартыг нарийвчлан судлаж, ололттой талыг  өөрийн онцлогтой уялдуулан нэвтрүүлэх хэрэгтэй гэж боддог.

Монгол-Германы ашигт малтмал технологийн хамтарсан их сургууль 2013 онд байгуулагдсан нь салбарын харилцааны шинэ өнгө төрх болж байна.

Германд төгссөн манай ахмад үеийн төлөөлөл улс орныхоо хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан гэж боддог. Маш олон хүнийг дурдах, олон цаг ярих хэрэгтэй болох байх. Би залуу хүний хувьд Монгол-Германы өнөөгийн боловсрол, шинжлэх ухааны гүүр болж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа эрдэмтдээс төлөөлөл болгон дурдъя гэж бодож байна. Тухайлбал, ХБНГУ-ын Мюнстэр хотын их сургуулийн хүн эмнэлгийн салбарын молекул-вирус судлалын хүрээлэнгийн доктор Д.Анхлан тус их сургуулийн хоёр эрдэмтэнтэй хамтран томуугийн эсрэг шинэ вакцин бүтээсэн, Франкфуртын их сургуулийн эрдэмтдийн багийг ахлан ажиллаж, алмаз, маргад эрдэнийг хиймэл аргаар гаргаж авах аргыг нээсэн доктор Л.Баяржаргал, “Нано жижиг хэсэг үүсгэх, түүгээрээ нэхмэл материал боловсруулаад өвөрмөц, давуу шинж чанартай материал үйлдвэрлэх аргыг нээж нано технологийн аргаар даавуу боловсруулах патент авч, ХБНГУ-д төдийгүй Европт үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрөл авсан доктор Р.Мядагмаа, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоон хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлэх зэргээр өмнө хийгдэж байгаагүй шинэ судалгаагаар ХБНГУ болон Европын Холбооны улсуудад сүүлийн 10 гаруй жил ажилласан профессор Г.Цэрэнчунт, Монгол-Германы Орхон Экспедицийн Монголын талын төслийн удирдагч, МУИС-ийн Антропологи, Археологийн тэнх­мийн профессор, доктор У.Эрдэнэбат тэргүүтэй Германд төгссөн олон эрдэмтэн судлаачдыг энд дурдаж болохоор байна. Эдгээр эрдэмтдээрээ монголчууд бахархах ёстой. Бидний залуу үеийнхэн үлгэр дууриал авч ажиллах ёстой гэж боддог.

Манай талаас Монгол-Германы боловсролын харилцааны үр шимийг бүрэн дүүрэн ашиглах, Европын холбооны боловсролын норм стандартыг нарийвчлан судалж, ололттой талыг  өөрийн онцлогтой уялдуулан нэвтрүүлэх хэрэгтэй гэж боддог.

- Миний ойлгож байгаагаар хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Монгол дахь Германы сангууд их үүрэг гүйцэтгэдэг болов уу. Монголд төлөөлөгч нь нээгдсэн ямар ямар сангууд байна. Хоёр орны ард түмний харилцаа хэр ойр байдаг вэ?

Ц.Л: -Албан ёсоор төлөөлөгчийн газар нь нээгдсэн гурван сан байдаг. Ханнс-Зайделийн сан, Конрад-Аденауэрын сан, Фрийдрих Эбертийн сан гэж байдаг. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол, Германы ард түмэн ихээхэн хувь нэмэр оруулж байна. Монгол судлаач герман эрдэмтэд ч бас үүнд их үүрэг гүйцэтгэж байгааг дурдах нь зүйтэй. Мөн Монгол-Германы ард түмний найрамдлын баяр, монголын өдөрлөг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэд хоорондын нөхөрсөг харилцаа гэдэг бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нөлөөтэй нэгэн хүчин зүйл юм.

- Герман судлалаар судалдаг оюутан судлаачдын хувьд та бүхний бүтээл том оюуны хөрөнгө оруулалт болж байгаа болов уу. Энэ чиглэлээр хэр олон сургууль, судлаачид байна вэ?

Ц.Л: -Ерөнхийдөө Германы чиглэлээр ажилладаг албан хаагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаач, сонирхогч өргөн олон нийтийн хүртээл болох байх гэж бодож байна. Үүнээс гадна олон улсын харилцааны чиглэлээр сурдаг оюутнуудын гарын авлага болох болов уу. МУИС-ын ОУХС, Хүмүүнлэгийн их сургууль, Их засаг дээд сургууль, Олон улс судлалын дээд сургуульд олон улсын харилцаагаар бакалавр болон магистр зэрэг горилон суралцаж буй оюутнууд байдаг.

- Та бүхэн энэ бүтээлээсээ гадна бие даасан болон хамтарсан өөр олон ном товхимол гаргаж байсан болов уу. Монгол-Германы харилцааны судалгааны чиглэлээр гаргасан бүтээлүүдээсээ дурьдвал?

Ц.Л: -Бидний хувьд ШУА-ийн ОУСХ-ийн дэргэдэх Монголын “Герман Судлал” Төвөөс эрхлэн гаргасан бараг бүх сэтгүүл, ном бүтээлд гар бие оролцсон бөгөөд үүнээс өөрсдөө гардан бичсэн буюу бичилцсэн нь доорх хэдэн бүтээлүүд болж байна. Үүнд: Герман: Судалгаа, мэдээлэл сэтгүүлийн 2002-2009 оны есөн дугаар, “Монгол Германы Харилцаа, Өнгөрсөн үе-эдүгээ-хэтийн төлөв” (Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын материал), Л.Хайсандай, Удо. Б.Баркманн нарын эмхэтгэсэн эмхэтгэл,  Р.Жамц, Р.Төрдалай, Ц.Лхам, З.Батчимэг нарын хамтарсан “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс”бүтээлийг 2011 онд, болон бидний шинэ бүтээл “XXI зууны Монгол-Германы харилцаа хамтын ажиллагааны чиг хандлага, хэтийн төлөв” зэргийг нэрлэж болох байна.

 

- Судлаачийн хувьд энэ чиглэлийн судлаачид болон оюутан залуусдаа хандаж энэ өнцгөөс нь энэ чиглэлээр нь илүү судлаасай гэж санал болгох зүйл байдаг уу?

Ц.Л: - Байлгүй яахав. Шинэ бүтээлдээ энэ талаар саналуудаа тухай бүрт нь тусгаж өгсөн байгаа. Тухайлбал, Монгол-Германы хамтарсан зарим томоохон төсөл, санаачлага яагаад хэрэгжихгүй байна вэ гэдгийг тус бүрт нь нарийвчлан судлах шаардлага байна.

Монгол-Германы хамтарсан зарим томоохон төсөл, санаачлага яагаад хэрэгжихгүй байна вэ гэдгийг тус бүрт нь нарийвчлан судлах шаардлага байна.

- Герман судлалаар судалгаа хийж байгаа оюутан залууст хандаж зөвлөвөл?

Р.Т: - Миний хувд шинжлэх ухааны салбарт ажилладаг жирийн эрдэм шинжилгээний ажилтан залуу. Эрдэмтэн судлаач биш учраас хүмүүст хэлж зөвлөх зүйл алга. Харин 2008 онд Холбооны Засгийн газраас шинжлэх ухаан, судалгааг интернационалчилж, өсөн хөгжиж буй олон улсын шинжлэх ухааны нөөцийг Германы шинжлэх ухаанд хэрэглэх тухай заасан гэж сонссон. Ингэснээр Германд судалгаа хийх, ажиллах, эрдэмтэн судлаачдыг олноор бэлтгэх, Германы шинжлэх ухааны мэдлэгийг импортлох, Монголд нутагшуулах боломж нээгдээд байна. Манай үеийн залуус энэ боломжийг ашиглах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална. Нөгөө талаар манай төр засгаас энэ боломжийг залуу үеийнхэн нь ашиглах нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй болов уу. Гэхдээ судалгааны ажил гэдэг үр дүн нь шууд гардаггүй, цаг наргүй, амралтгүй, өнөөгийн манай нөхцөлд бол эдийн засгийн утгаараа “мөнгөнөөс хол” амаргүй талбар гэдгийг 15 жил энд салбарт ажиллахдаа мэдэрсэн. Тийм учраас миний үеийн чадвартай, мэдлэгтэй залуус шинжлэх ухааны салбарт орж ажиллахгүй байна. Энэ талаар төрөөс тусгайлсан бодлого зайлшгүй хэрэгтэй болж байна. Шуудхан хэлэхэд манай төр засгаас гадаад бодлого, орон судлалын чиглэлд дорвитой дэмжлэг үзүүлэхгүй байна гэж хувьдаа боддог. Орон судлал, гадаад харилцааны судалгаа ХХI зууны Монгол улсад түүх, эх хэлний судалгаанаас дутахгүй тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болохуйц ач холбогдолтой болж байгаа цаг үед бид амьдарч байна шүү дээ.

-Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Манай уншигчдад зориулж сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.