m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.21 10:43
95
Утааны хорыг 90 хувь бууруулах төхөөрөмж бүтээжээ

Орхон аймаг дахь “Монгол хөндий” компанийнхан утааг шүүж, агаарын бохирдлыг багасгах төхөөрөмж бүтээсэн, бүтээгдэхүүний танилцуулгыг Оюуны өмчийн газарт бүртгүүлэхээр өгсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг төхөөрөмж нь яндангаар гарах утаанд агуулагдаж буй хортой элементүүдийг 90 хувь хүртэл шүүх боломжтой юм байна.

Агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг 2014 оны арванхоёрдугаар сард Өвөрхангай аймагт суурилуулан туршиж, төхөөрөмжид шүүгдсэн утаанаас “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн лабораторид шинжилгээ хийлгэж үзжээ. Тэгэхэд хорт бодисын хэмжээ буурч, бараг байхгүй болсон гэх дүгнэлт гарсан гэнэ. Гэхдээ энэхүү туршилт нь төхөөрөмжийн нөөц бололцоог харуулахад хангалтгүй учир нэгэн аймаг, хотоор нь хамруулж байж үр дүнг харуулмаар байгаа юм гэж “Монгол хөндий” компанийнхан онцлов.

Яндангаар гарах утаанд агуулагдаж буй хортой элементүүдийг 90 хувь хүртэл шүүх боломжтой

Тус компанийн захирал З.Эрдэнэсүх “Бид зуухан дээр биш утаан дээр ажиллаж байгаа. Ямар ч зуух байж болно. Бидний бүтээсэн агаар цэвэршүүлэх төхөөрөмжийн шүүлтүүр янданд тавигдаж, утааг шүүнэ. Ингэснээр яндангаар дулаан алдахыг багасгаж, түлшний шаталтыг удаашруулдаг болохоор түлшийг хоёр дахин хэмнэнэ. Нэг килограмм нүүрс 30 минут шатдаг бол шүүлтүүр тавьсан тохиолдолд нэг цаг 30 минутад шатаж дуусдаг. Нэг портер нүүрсийг нэг сар түлдэг айл шүүлтүүр тавьбал хоёр сар түлнэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч асар хэмнэлттэй болоод ирж байгаа юм" гэж ярьсан.

Уг шүүлтүүрийн хувьд цахилгаанаар ажиллах ба тухайн хэрэглээнээсээ хамаарч цахилгаан зарцуулалт багасах гэнэ. 

 Түлшний шаталтыг удаашруулдаг болохоор түлшийг хоёр дахин хэмнэнэ

Мөн ирэх гуравдугаар сард санхүүжилт авчихвал зургаадугаар сараас үйлдвэрлэлээ эхэлнэ. Агаараа цэвэршүүлэх төхөөрөмжийг хийхэд шаардлагатай бүх материал дотоодоос гарах боломжтой. Харин ОХУ болон Япон улсаас үйлдвэрлэлд шаардлагатай мотор авах хэрэгтэй байгаа гэсэн. Монгол инженерүүдийн ухаанаар бүтээгдсэн энэхүү төхөөрөмж нь хэрэглээнд нэвтэрвэл дунджаар 220 мянган төгрөгийн өртөгтэй байх аж. Тэдний хэлснээр шүүлтүүрийг нь солиод байвал нэг төхөөрөмж 10 жил ашиглагдах боломжтой учир түлшээ хэмнэж, агаарын бохирдлоо ч бууруулах давуу талтай гэнэ.