m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.21 17:18
383
Ном, номын сантай нөхөрлөсөн нэг өдөр

Сурахсан мэдэхсэн гэсэн их хүсэлдээ хөтлөгдөн их дээд сургуулийн босго алхан орсон оюутан залууст танхимын хичээлээс гадна бие даан уншиж судлах нь юу юунаас илүү баттай мэдлэгийг олгодог билээ. Ингээд Монголын оюутан залуусын оюуны баялагийн уурхай болсон номын сангийн хүрэлцээ хангамж, номын фондын шинэчлэл ямар байгаа талаар бодит байдалтай танилцахаар зорилоо. Аливаа улсын төр засаг иргэдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хэр анхаарал тавидгийн нэгэн нүүр царай нь яахын аргагүй тухайн улсын Үндэсний номын сан байдаг болов уу.  Урдуур нь машин сүлжилдэх их хотын маань төвд аргагүй л номын өргөө гэмээр ихэмсэг агаад нам гүмхэн орших Монголын Үндэсний номын сангаар юун түрүүн ороод гарахаар шийдлээ.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, эрдэмтэн, үе үеийн монголын сэхээтнүүдийн их багш Еншөөбүү овогт Бямбын Ринчен гуайн сүрлэг сайхан хөшөөний дэргэдүүр өнгөрөх хэний ч сэтгэлд сурах мэдэх хүсэл аргагүйеэ төрөх бизээ. Ингээд хэдийнээ танил өнөө л модон хаалгыг татан номын өргөөнд явж орлоо.

Үндэсний номын сангийн ном бүрдүүлэгч Б. Гантулга эгчтэй хэдэн хором яриа өрнүүлснээ толилуулъя.

- Сайн байна уу та. Монголын Үндэсний номын сангаар өдөрт болон жилд хичнээн уншигч үйлчлүүлж байна вэ? Энэ номын өргөө маань хичнээн хүний суудалтай хэдэн танхимтай билээ?

- Манай номын сангаар өдөрт дундажаар 500-560 орчим уншигчид үйлчлүүдэг. Долоон танхимтай. Нийтийн уншлагын танхим маань 200 хүний суудалтай, Ерөнхийлөгчийн буюу эрдэм шинжиллэгээний уншлагын танхим 26 хүний суудалтай. Эдгээрээс гадна тогтмол хэвлэл болон интернет үйлчилгээний танхим, НҮБ-ын ЮНЕСКО-ын уншлагын танхим, мөн түүнчлэн 2005 онд байгуулагдсан 1600-аад номын фондтой Турк улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан танхим болон 2009 онд БНСУ-ын сайн дурын нэгэн байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан 3000 орчим номын фондтой Солонгосын мэдээлэлийн төв байдаг. Өнгөрсөн оны байдлаар манай номын сан давхцсан тоогоор 54455 уншигч хэрэглэгчдэд 162 554 ном хэвлэлийг олгож үйлчилжээ. Гадаад дотоодын 655 төлөөлөгчдөд номын сангийн үйл ажиллагааг таниулах ажлыг зохион байгуулсан байна.

Өнгөрсөн оны байдлаар Үндэсний номын сан давхцсан тоогоор 54455 уншигч хэрэглэгчдэд 162 554 ном хэвлэлийг олгож үйлчилжээ. 

- Оюутан залуусын минь зорин ирдэг энэ номын сангийн маань номын фондын шинэчлэл ямархуу хэмжээнд явагддаг вэ. Номын фондод төлөвлөгддөг жилийн төсвийн хүрэлцээ хэр байдаг бол?

- Номын сангийн фондын шинэчлэлийг бид боломжоороо хийхийг зорьдог. Жил жилийн төсөвт тусгагдсан номын фондын шинэчлэл ерөнхийдөө чамлалттай л байдаг даа. Өнгөрсөн оны төсөв 50 сая төгрөг гэж тусгагдсан байснаас дөрөвдүгээр улиралд 15 сая төгрөг орж ирж фонд шинэчлэл хийсэн. Он гараад 47 сая төгрөгөөр ном авахаар төсөвт суугдсан боловч одоогийн байдлаар мөнгө орж ирээгүй л байна. Манай номын сангийн фондод шинээр ирж байгаа номнуудын нилээд хэсгийг бэлэг, хандивын шугамаар ирсэн ном бүрдүүлдэг. Өнгөрсөн оны хувьд бэлэг хандивын номны биелэлт 124 хувьтай байлаа.

- Бэлэг хандиваар гэхээр манай дотоодын хэвлэлийн компаниуд эсвэл олон улсын байгууллага, эрдэм шинжиллэгээний бүтээл диссертацийн эмхэтгэлүүд үүнд орох уу?

- Бэлэг хандив гэхээр ихэвчлэг МСS гэх мэтийн томоохон компаниудаас, эсвэл хувь хүнээс ирдэг. Өөрсдийн бүтээлээ Үндэснийхээ номын санд байршуулахаар зорин авч ирдэг судлаач эрдэмтэд ч байдаг. Ер нь бол эрдэм шинжилгээний номын фондыг жилдээ 132 диссертациар шинэчилдэг. Манайх гадаадын 100 гаруй номын сантай харилцаатай ажилладаг. Бид ч бас гадаадад Монгол улсыг таниулах, Монгол судлалыг хөгжүүлэх үүднээс жил жилийн төсөвт тусгагдсан мөнгөний тодорхой хувиар ном авч гадаадын харилцагч номын сангууд уруу илгээх ба гадаад номын фонддоо ч шинэчлэл хийдэг.

- Гадаад номын фондод тэгвэл шинэчлэл боломжийн хийгддэг байх нь. Гэхдээ мэдээж мэргэжил, салбар болоод тухай тухайн орны хувьд харилцан адилгүй тоо хэмжээтэй ирдэг болов уу. Аль улсаас шинээр ном илүүтэй ирдэг бол?

- Ер нь сүүлийн үед ОХУ, Хятад улсаас ном сайн ирж байгаа.

- Уншигчид, үйлчлүүлэгч нараас ямар нэгэн хүсэлт ирдэг үү. Ер нь уншигч залуус маань ихэнхдээ юу хүсдэг бол?

- Ирнээ, ирэлгүй яахав. Ихэнх залуус яагаад их дээд сургуульд зориулсан мэргэжлийн номнууд байдаггүй юм бэ гэж асуудаг. Үүнд хариу хэлэхэд манай номын сан нь нийтийн номын сан учраас аль болох нийтээр унших болохоор номын фонд бүрдүүлэх тал нь давуу байдаг юм. Мэдээж оюутан залуусынхаа хүсэлтийг харгалзан мэргэжлийн номыг нь авах сонирхол байдаг ч төсөв хүрэлцдэггүй. Миний хувьд энэ ажлыг авснаас хойш хэдэн сард хийсэн нэг ажил маань дотоодын хэвлэлийн компаниудтай гэрээ хийсэн. Уг гэрээ хийснээр тухайн хэвлэлийн компани өөрсдөө эрхийг нь авч хэвлэсэн номноосоо 10-20 хувь хямд үнээр номын санд маань нийлүүлдэг болж ирсэн.

Уншигчдаас ирдэг өөр нэг хүсэлт гэвэл ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг авахыг санал болгодог. Манайх хорих ангиуд болон хотын захын хороололоор явуулын номын сан ажиллуулдаг. Хотын захын хороололын хэрэглэгчдээс хүүхдийн сурах бичгийг илүүтэй сонирхдог ч энэ нь жил тутам агуулга нь шинэчлэгддэг сурах бичгийг үндсэн фондод авах боломжгүй байдаг. Гэхдээ хэрэглэгчдийнхээ хүсэлтийг харгалзан БШУЯ-нд хүсэлт гаргаж цөөн тооны сурах бичиг энэ жилээс аваад байгаа. Өмнө нь манай номын сан ССАЖЯ-нд харъяалагддаг байсан бол одоо БШУЯ-ны харъяа болсон тул сурах бичгийн тал дээр энэ жилээс илүү боломжтой болох болов уу.

- Номын шинэчлэлийн тал дээр өнөөдөр тулгараад байгаа асуудал яг юу байна?

- Бид уншигчдадаа аль болох шинэ ном уншуулахыг хичээн ажилладаг ч өнөө л төсөв дутмаг байдаг. Гэхдээ оны өмнөхөн “Номын сангийн тухай хууль”-ийг өргөн барьж батлуулсан. Уг хуулинд заавал авах хувийг тодорхой тусгаж өгсөн болохоор энэ жилээр шинэ ном харьцангуй сайн ирнэ гэж найдаж байгаа.

“Номын сангийн тухай хууль”-д заавал авах хувийг тодорхой тусгаж өгсөн болохоор энэ жилээр шинэ ном харьцангуй сайн ирнэ гэж найдаж байгаа.

- Сонирхсон асуултанд хариу өгсөн таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Номын сангийн уншлагын танхимаар орж үзлээ. Хэдийгээр оюутны амралт таарсан үе хэдий ч саруулхан танхимд уншигч олонтой байлаа. Цөөн хэдэн уншигчаас Үндэсний номын сангаар хэр удаан үйлчлүүлж байгааг нь болон сонирхсон, хүссэн мэдээллээ авах ном сурах бичгийн шинэчлэл хэр байгааг сонирхлоо.

Эхний уншигч: – Этүгэн дээд сургуулийн уламжлалт анагаах ухааны ангийн оюутан. Үндэсний номын сангаар гурван жил үйлчлүүлж байна. Сонирхсон сүүлийн үеийн ном сурах бичиг төдийлөн сайн байдаггүй. Сургуулийн номын санд ч бас хангамж тааруу байдаг.

Хоёр дахь уншигч: - Хүмүүнлэг нийгмийн ухааны чиглэлээр судалдаг. Тус номын сангаар 14 жил үйлчлүүлж байна. Ерөнхий мэдээллэл бол сайн авч чаддаг. Харин судалгааны материал, диссертаци бага байдаг. Цаг хугацаа хэмнэх үүднээс эрдэм шинжиллэгээний номын фондыг аль болох электрон каталогитай болговол сайн л байна. Энэ танхимын ном материал захиалга өгснөөс хойш удаж ирдэг. Өөр нэг зүйлийг хэлэхэд миний ажигласнаар галын хамгаалалт сайн биш юм болов уу. Энэ тал дээр анхаараасай гэж хүсдэг. Энд чинь Монголын хамгийн л чухал нандин ном сурвалжууд байдаг газар шүү дээ.

Гурав дахь уншигч: - Нэгэн компанид ажилладаг. Инженер, барилгын чиглэлээр ном уншдаг. Монгол номнууд бас боломжийн санагдсан. Харин гадаад ном дутмаг бололтой.

Их дээд сургуулийн сурах бичгийн хангамж шинэчлэл их сургуульд ямар байдаг талаар олж мэдэхээр МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны номын санг зорив. Тус сургуулийн суралцагч оюутнуудаас сургуулийнхаа номын сангаар хэр үйлчлүүлдэг, номын сангийн фондын шинэчлэл хэр сайн байгаа талаар, сүүлийн үеийн ном, товхимол унших боломж байдаг эсэх талаар асуулаа.

МУИС-ийн Философийн ангийн оюутан:- Ер нь байнга үйлчлүүлдэг. Номын сангийн шинэчлэл сайн. Гэхдээ сүүлийн үеийнх жаахан дутмаг.

МУИС-ийн Байгалын ухааны сургуулийн оюутан: Номын сангаар сайн үйлчлүүлдэг. Номын сангийн шинэчлэл тааруу байдаг. Өөрөө худалдаж авч уншдаг.

МУИС-ийн Эдийн засгийн ангийн оюутан: - Байнга л номын сангаар үйлчлүүлдэг. Номын сангийн шинэчлэл гайгүй ээ. Гэхдээ мэдээж сүүлийн үеийнх ховор байдаг.

МУИС-ийн  эдийн засгийн ангийн оюутан: - Шаардлагатай үедээ номын сангаар ордог. Ихэвчлэн сургуулийнхаа болон Нацагдоржийн номын сангаар үйлчлүүлдэг. Шинэчлэлийн хувьд ер нь дажгүй, хайсан номоо олж унших боломжтой байдаг. Сүүлийн үеийн номыг номын санд унших боломж бага учраас дэлгүүрээс худалдаж авдаг.

МУИС-ийн Монгол Хятад судлалын ангийн оюутан: - Долоо хоногийн дөрвөн өдөр нь номын санд суудаг. Хангамж, шинэчлэл сайн, гэхдээ сүүлийн үеийн ном унших боломж бага.

Сүүлийн үеийн номыг номын санд унших боломж бага учраас дэлгүүрээс худалдаж авдаг.

МУИС-д суралцагч цөөн оюутнуудын хандлагаас харвал МУИС-ийн номын сан харьцангуй номын шинэчлэл сайн хийгддэг, хангамж сайн байдаг ажээ. МУИС-ийн хичээлийн 2-р байранд байрладаг гадаад номын уншлагын танхим 60 хүний суудалтай бөгөөд 20 000 номын фондтой байдаг бол нийгмийн ухааны уншлагын танхим 250 хүний суудалтай бөгөөд 40 000 орчим фондтой ажээ. Тус сургуулийн номын сангийн нийт фондын ихэнх хувь нь эрдэм шинжилгээний номын санд төвлөрдөг ажээ.

Оюутан залуусын маань нэгэн асуулт болсон номын сангийн номын фондын шинэчлэлийн талаар хөндсөн сурвалжлага маань энд хүрээд өндөрлөлөө. Монголын ирээдүй болсон залуусынхаа мэдлэгт дусал нэмэр болох оюуны хөрөнгө оруулалтын их үйлсэд төр засгаас түлхүү анхаарч үзээсэй гэсэн хүсэл надад өөрийн эрхгүй төрлөө.