m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 02:49
132
Цуврал-34 Анхны малын хулгайчийг Эрээнцаваас илрүүлэв

Нэгдэл байгуулагдаад удаагүй байхад олон тооны үхрийг бэлчээрт нядлаад машинтай хүмүүс авч явсан ноцтой хэрэг Булгай аймгийн нутагт гарчээ. Малын хулгайн гэмт хэрэг тэр үед огт гардаггүйн дээр монгол хүн малаа нядалж, хулгай хийнэ гэх ойлголт байдаггүй байв. Олон нийт ч энэ хэргийг жигшин зэвүүцэж байв.  Олон нийтэд нэгдлийн мал эзэнгүй хээр байдаг юм байна гэх  ойлголт төрөх вий гэхээс удирдлагууд их эмээж нууцалсан ч амнаас ам дамжсаар нутаг усаараа мэдэх болов. Хэргийн газар ажилласан ажилтнууд мөр олсон ч цас их орсны дараа энэ хэрэг үйлдэгдэн улмаар мал бэлчээрт гарснаар гол баримтыг устгажээ. Хэргийн газар хийсэн үзлэгээс машинтай 3-4 хүн энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгалтаа эхлэв.

Гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй хүмүүс хаана байсан, сүүлийн өдрүүдэд их хэмжээний мах зарсан хүн байгаа эсэхийг шалгасан ч тодорхой мэдээлэл эс олдов. Ажигч гярхай цагдаагийн ахмад Ц.Гончиг энэ хэргийн газар ажиллаж машины мөрийн маш сайн нүдэлж авчээ. Хэрэг илрэлгүй багагүй хугацаа өнгөрөв. Хэрхэн илрүүлэх талаар олон төрлийн ажил зохион байгуулсан ч үр дүн муутай байв. Аймгийн удирдлага цаашлаад хотоос дарга нар улсын өмч хөрөнгийг үрэн таран хийж, хулгайлсан этгээдийг олсонгүй хэмээн шахаж шаардсаар байв.

Ц.Гончиг Эрээнцавын сангийн аж ахуйд ажлаар явж байхдаа нэг мөр харсан нь сэжиг төрүүлэв.Эзэнд нь сэжиг авахуулалгүй шалгахад Авто тээврийн гуравдугаар баазын жолооч С-ийн ЗИЛ-164 машин болохыг тогтоов. Тэрбээр машин тэргэндээ хайр гамгүй ханддаг нэгэн гэдгийг хамт ажилладаг хүмүүс нь гэрчилэв. Гэсэн атлаа тэр нэгэн өдөр машинаа сайтар угааж, улмаар дугуйгаа сольсон гэнэ.

Яагаад тэр вэ гэх асуултад мөрдөн байцаагч хариу олох хэрэгтэй бололв. Ингээд мөрдөх ажил явуулсаар сольсон дугуйг олов. Дугуйн олон хэсэгт цус болсон нь хэн ч харсан мэдэгдэхээр байв. Шалгахад хээр нядлуулсан дөрвөн үхрийнх мөн болох нь тогтоогдов. Ингээд түүнийг хэргээ хүлээхийг шаардсан ч тэр огт айж, сандарсан байдалгүй харин ч юу вэ, юун үхэр хэмээн мэлзэв. Хөдлөшгүй нотлох баримт олсон гэдгийг хэлж, баримтаа үзүүлэхэд хэлэх үггүй болж, хэргээ үнэн зөвөөр нь хүлээсэн гэдэг.