m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 08:49
43
Д.Загдсүрэн: Тэр хүмүүсийн захидалд ОУОХ-ноос ийм хариу ирсэн

MҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

-Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж  Таны талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж болохгүй хууль дүрэм зөрчиж байна гэсэн. Энэ талаар та тайлбар өгнө үү?

-Даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ намайг  АТГ-т өргөдөл гаргаж 2013 оны 2 дугаар сараас  шалгуулсан. Бүтэн нэг жилийн хугацаанд намайг болон манай олимпийн хорооны бүх бичиг баримт, сүүлийн 10 жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан. Ингээд 2014 оны 2 дугаар сард шүүх хурал болж шийдвэрлэсэн.

Нэгдүгээрт:  Д.Загдсүрэн нь МҮОХ-ны болон олон улсын байгууллагаас ирсэн хөрөнгө мөнгийг завшсан үйлдэл нотлогдоогүй

Хоёрдугаарт: Д.Загдсүрэн нь Тамирчдын сэргэлтийн төвийн барилгыг МҮОХ-ны санхүүжилтээр барьж, өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг хувийн компанид шилжүүлж, завшсан гэх үндэслэлгүй байна.

Гуравдугаарт: “Төрийн бус байгууллагын өмчлөх эрхийг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар авсан” субьектив тал болох шунахай сэдэлтэй, шууд санаатай эд зүйл материалллаг ашиг олох зорилготой болох нь нотлогдон тогтоогдохгүй байна

Харин МҮОХ-ны эзэмшил газраас МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр “Нийслэл өргөө” ХХК-д 30х100 метрийн хэмжээтэй газрыг олгосон нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 266-гийн 2-д зааснаар 3 жил хорих, 2 жил албан тушаал эрхлэх эрхийг хасах ял оноосон. 2009 онд гарсан Өршөөлийн хууль гэж байдаг юм билээ. Уг хуулийн дагуу надад оноосон ялыг өршөөн хэлтрүүлсүгэй гэж шийдвэр гарсан.

-Та тэгээд энэ газрыг өөрийн дураар шилжүүлсэн нь үнэн юм уу?

-МҮОХ-ны удирдах дээд байгууллага бол Олимпийн Чуулган. Чуулганаас Гүйцэтгэх зөвлөл сонгогддог. Энэ чуулганаас надад “Спорт” зочид буудал барих, байт харвааны олон улсын стандартад нийцсэн талбай байгуулахыг үүрэг болгосон чуулганы тогтоол 2004 онд гарсан юм. Энэ тогтоолын дагуу “Нийслэл өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, тэд өөрийн хөрөнгөөрөө Спорт зочид буудал барихаар болж дээрх 30х100 метрийн хэмжээтэй газрыг “Нийслэл өргөө” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн миний гарын үсэгтэй албан бичгийг Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. Газар шилжүүлэх эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг Нийслэлийн засаг даргын шийдвэрээр олгодог. Материалаа бүрдүүлээд газрын албанд өгөхөд чуулганы шийдвэр байгаа тул Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр шаардлагагүй гэсэн юм. Ингээд 2009 онд  газрыг “Нийслэл өргөө”-д шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Харамсалтай нь  Нийслэл өргөө газраа томсгож авч чадаагүйгээс болоод дээрх газар дээр барилга байгууламж баригдаагүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр газар дээр байт харвааны тамирчид бэлтгэлээ хийсээр байгаа.

-Таны талаар Олон улсын байгууллагад мэдээлэл хүргүүлсэн гэж  хэвлэлийн хурал дээр ярьж байсан?

-Миний талаар Даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ,  Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар угаасаа  олон жил ОУОХ, манай спортын холбоод, гишүүдэд захидал хүргүүлж ирсэн.

Жилд нэг удаа болдог Гишүүдийн хуралд тайлангаа тавьж, санхүүгийн үйл ажиллагааны тайлан, аудитын дүн мэдээлэл хийгдэж ирсэн. Тэр байтугай тайлангаа ном болгож хэвлээд санхүүгийн орлого зарлагаа ч тавьж ирсэн. Тэд намайг МҮОХ-ны хөрөнгийг идэж завшлаа гэдэг. Надад тийм юм байхгүй.  Зөндөө олон  шалгуулсан, би.  

-ОУОХ-нд яг юуны тухай бичиг явуулсан юм бэ?

Д.Загдсүрэн нь ял авсан тул МҮОХ-г удирдаж болохгүй, Олимпийн Харти болон дүрмээ зөрчиж байна гэсэн утгатай захидал илгээсэн юм билээ.

-Хариу нь ирсэн гэж МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн байсан. Яг ямар хариу ирсэн юм бэ?

-Саяхан ОУОХ-ноос   захидлын нь хариу ирсэн. Хариунд ОУОХ -нд  ирүүлсэн мэдээлэл  болон  холбогдох  бичиг  баримтуудыг  ОУОХ-ны ёс зүйн хороотой хамтран нарийвчлан  судалсан гэдгийг тэмдэглэсэн байна билээ. Тэгээд “ОУОХ нь  энэхүү асуудал нь ҮОХ-ны гишүүдийн хурал, тухайн улсын холбогдох байгууллагуудын мэдэж байгаачлан дотоодын асуудал мөн гэсэн дүгнэлтэд хүрлээ. ОУОХ-ны Олимпийн Хартийг зөрчсөн асуудал  байхгүй тул дотоодын асуудалд оролцох шалтгаан байхгүй байна гэж үзэж байна” гэсэн ийм хариу ирсэн.

-МҮОХ-нд ОУОХ-ноос сард хэр хэмжээний санхүүжилт авдаг, түүнийгээ яаж зарцуулдаг юм вэ. Хэвлэлийн бага хурал байн байн хийж байгаа хүмүүсийн мэдээллээр бол МҮОХ гэж долларт умбасан газар байдаг гэх ойлголт төрөхөөр байгаа шүү дээ?

-МҮОХ-нд сар бүр биш,  жилд дунджаар 300 мянган долларын санхүүжилт орж ирдэг юм. Дээрх 300000 ам.доллараас 130 мянга нь захиргаа, аж ахуйн зардалд, үлдсэн нь хөтөлбөр, төсөлд зориулагдсан байдаг. Жишээлбэл,  дасгалжуулагчдын сургалт, тамирчдын тэтгэлэг, олимпийн хөдөлгөөнд, спортын холбоодод дэмжлэг үзүүлэх гэх мэтээр тодорхой хөтөлбөрүүдэд зарцууулагддаг. Бид хөтөлбөр бүрийн тайланг  тухай бүрт нь гаргаж ОУОХ-нд явуулдаг. Дээрх санхүүжилт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцдэггүй гэдгийг манай спорт холбоодынхон сайн мэднэ дээ. 

Манай ажилтнуудын дундаж цалин 450-600 мянган төгрөг. Ажилласан жил, эрхлэж буй ажлаас шалтгааан хэлбэлзэлтэй байдаг.

-Оны өмнөхөн танай Гишүүдийн хурал болсон, энэ хурлаар бас таны асуудал яригдаж байсан. Хурлын төлөвлөгөөнд танай  тухай хэлэлцэнэ гэж эхнээсээ байсан уу?

МҮОХ-ны дүрмийн дагуу жил болгоны 12 дугаар сард Гишүүдийн хурал болдог юм. Тус хурлаар  тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлөөс санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мөн гишүүн байгууллага, гишүүдийг нөхөн сонгох чөлөөлөх тухай асуудал хэлэлцдэг. Өнгөрсөн 12 дугаар сарын 24-ны өдөр хуралдсан чуулганд Д.Жаргалсайхан, Ч.Бат-Эрдэнэ, Н.Баярсайхан, Д.Дагвадорж нар хүсэлт тавьж, Д.Загдсүрэнгийн тухай асуудал  оруулж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр МҮОХ-ны гишүүн бус Даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ болон Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж нар ажиглагчаар оролцож, өөрсдийн тавьсан шаардлагыг танилцуулж тайлбарласан.
 Энэ  хурлаар намайг цаашид МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллуулах итгэл хүлээлгэх эсэх талаар ярилцаж, санал хураалт явуулсан. Хурлын ирц  73 хувьтай байсан. Нийт гишүүдийн 96,89 хувь нь надад итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж санал өгсөн.

Би нийт гишүүддээ талархал илэрхийлээд, та бүхний итгэлийг алдахгүй Олимпийн их үйлсийн төлөө ажиллах болно гэдгээ хэлсэн, одоо түүнийгээ дахин хэлмээр байна.

-Энэтхэгийн олимпийн хороо  шиг юм болно гэсэн “хадны мангаа” маягийн яриа яваад байх юм. Энэтхэгт яг юу болсон юм бэ?

-Энэтхэгийн олимпийн хорооны сонгуулийн үйл ажиллагаанд Засгийн газар нь оролцсон болон ОУОХ-нд мэдээллийг цаг тухайд нь ирүүлэлгүй Олимпийн Харти болон дүрмийг зөрчсөн тул үүний эсрэг авах арга хэмжээ болгон Энэтхэгийн олимпийн хороог ОУОХ-ны гишүүнээс хасах шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл гаргасан юм. Төрийн бус байгууллагын сонгуулийн үйл ажиллагаанд төр оролцсоноос болж ийм хэрэг болсон. Энэ талаар ОУОХ-ноос 2012 онд албан ёсоор мэдээлж байсан.

 

Эх сурвалж: Н.УЯНГА (Polit.mn)