m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 10:36
30
Дэд сайдын орон тоо, төсөв зардлыг хэвээр үлдээв

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулав. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдээс гаргасан дэд сайдын орон тоо, холбогдох зардлыг хасах тухай санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс эдгээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулж, тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Тус байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцох” тухай гэсэн 2 дугаар зүйлийг дэмжих боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. Мөн уг хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, О.Цог, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 35 нь буюу 76.1 хувь нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг дэмжих боломжгүй, үүнтэй уялдуулан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Иймээс Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай“ тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийн батлагдсанд тооцов.

Эдгээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнтэй холбогдуулан хуралдаан даргалагч УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Пүрэв гарагийн 21 цаг 05 минутад явагдсан “бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах” тухай санал хураалтыг хүчингүй болсонд тооцох санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн юм. Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй дээрх саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 33 нь буюу 68.8 хувь нь дэмжив. Ингэснээр чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны санал хураалт хүчингүй болж, яамдын дэд сайдын орон тоо, холбогдох төсөв зардал 2015 оны төсөвт хэвээр үлдэж байгаа юм.

Дараа нь Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Эдийн засгийн нөхцөл байдал ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгдэж, ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байгааг харгалзан ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр тооцох зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт өсөхгүй, төсөвт төлөх татварын хэмжээг тооцох, татварын тайлан гаргахад илүү энгийн, хялбар байх болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.