m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 13:37
54
“Хөх самурайнууд” хасагдав

Австралид болж буй Ази тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шөвгийн дөрвөн баг тодорлоо. Уржигдар БНСУ Узбекистаныг, Австрали БНХАУ-ыг тус бүр 2:0-ээр хожоод байсан бол өчигдрийн хоёр тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн юм.

Тус тэмцээнд 2000 оноос хойш гурван ч удаа түрүүлээд байгаа Японы хөлбөмбөгчид шөвгийн наймд АНЭУ-тай 1:1-ээр тэнцээд, торгуулийн цохилтоор 4:5-аар дийлджээ. “Хөх самурайнууд”-ын лидерүүд болох Хонда, Кагава нар 11 метрийн цохилт алдаж, багаа хөөджээ. Мөн хөрш Иран-Иракийн тоглолт ч сонирхолтой болж, үндсэн болон нэмэлт цагт 3:3-аар тэнцээд, пенальтиар 2007 оны Азийн цомын аварга Ирак 7:6-гаар хожжээ.

Ийнхүү тэмцээний хагас шигшээд БНСУ-Ирак (I.25), Австрали-АНЭУ (I.26) тоглохоор боллоо.