m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.23 14:36
32
Төсвийн тодотголыг баталлаа

УИХ-ын чуулган өнөөдөр цаг сунган хуралдаж, төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. 

Тодруулбал,  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 41 нь буюу 91.1 хувь нь дэмжлээ. Мөн Хүний хөгжил сангийн 2015 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн 84.4 хувийн саналаар баталлаа.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдан бүрэн хэрэгжиж дууссан боловч гэрээний үлдэгдэл санхүүжилтээ аваагүй төсөл, арга хэмжээнүүд болон бодит гүйцэтгэл нь 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг вексель гарган санхүүжүүлэх, тендер шалгаруулалт зарлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг дахин хянасны үндсэн дээр зориулалтын дагуу үргэлжлүүлэх, дуудлага худалдаанд оруулах эсэхийг шийдвэрлэх, улс төрийн албан тушаалтны урсгал зардлын норм, норматив тогтоосон тогтоол, шийдвэрүүдийг хянан үзэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь дэмжлээ.

Хуралдааны эцэст “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив. Үүгээр Монгол Улсын 2015 оны төсөв эцэслэн батлагдлаа.