m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 15:27
66
Хэрвээ жигүүргүй төрсөн бол түүнийг ургахад бүү саад хий

Эрхэм уншигчиддаа mass.mn-ын энэ удаагийн амжилтын түлхүүр цувралдаа Францын шилдэг загвар зохион бүтээгч Коко Шанелийн амжилтын түүхээс толилуулъя. Тэрээр Тайм сэтгүүлээс нэрлэсэн ХХ зууны хамгийн нөлөө бүхий 100 алдартны жагсаалтанд орсон цорын ганц загвар зохион бүтээгч юм. Тухайн үедээ хээнцэр загварын хувцасыг зохион бүтээдэг байсан бүтээлч энэ бүсгүй гоо зүйн өндөр мэдрэмжтэй нэгэн байсан ба хувцасны загвар төдийгүй гоёл чимэглэл, гар цүнх, сүрчиг зохион бүтээсэн байдаг. 

Коко Шанель Тайм сэтгүүлээс нэрлэсэн ХХ зууны хамгийн нөлөө бүхий 100 алдартны жагсаалтанд орсон цорын ганц загвар зохион бүтээгч юм.

Габриэль Бонер Шанель нь 1883 оны наймдугаар сарын 19-нд Францын Саумурт төржээ. Түүний бага нас ядуу тарчиг амьдралд өнгөрч, ээж нь түүнийг 12 настай байхад уушгины өвчнөөр нас барснаар аав нь охидуудаа асрамжийн газарт өгснөөр Шанель 18 нас хүртлээ тэнд өсөж хүмүүжсэн байдаг. 

Хэрвээ жигүүргүй төрсөн бол түүнийг ургахад бүү саад хий.     Коко Шанель

Шанель Ла Ротонде кафед дуулдаг байхдаа “Коко” хэмээх хочийг өөртөө авчээ. Шанель хувцас загварын ертөнцөд 1908 онд Этиен Болсантай хамт амьдарч байх үедээ хөл тавьжээ. 1908-1909 онд Шанель Болсаныг ятгаж түүний Парис дахь байрыг оёдлын бизнес эрхлэхэд ашиглах болсон аж.  Ингээд тэрээр мэргэжлийн оёдолчин, хоёр туслах болон өөрийн эгч Антониттег оролцуулан жижгхэн багийг бүрдүүлжээ. Шанель Парисд байхдаа поло тоглогч, саятан бизнесман Артур Капелтай танилцсан нь бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж өгсөн байна.

Шанель 1910 онд өөрийн Шанель Модагаа нээсэн бөгөөд өөрийн бүтээсэн загвараа танилцуулах төгс загвар өмсөгч нь тэр өөрөө байлаа. Энэ үеэс тэрээр санхүүгийн хувьд бие даасан байдалтай болж чадсны зэрэгцээ 1913-1919 онд анхны коллекцуудаа гаргаж байв. 1913 оны зун Артур Капел  Францын баруун эргийн ойролцоо нэгэн дэлгүүр олж өгснөөр Шанель загварын хувцасны дэлгүүрээ нээж, өөрийн коллекцуудаа танилцуулж эхлэв. 1914 оны долдугаар сард Дэлхийн I дайн дэгдэж Парисын загварлаг баячууд  Деовиллд  нүүн ирснээр Шанелийн дэлгүүрээр үйлчлүүлэх болсон байна. Түүний хийсэн хувцаснаас тухайн үеийн чинээлэг бүсгүйчүүд худалдан авахаас гадна түүний үс засалтыг ч дууриах болжээ. Түүний бизнес жилээс жилд өргөжсөөр 1919 онд тэрээр нэр алдрын оргилд хүрсэн бөгөөд харамсалтай нь тэр жил нь Артур Капел автомашины ослоор нас барж түүнийг орхисон юм.

Миний талаар юу болох чинь надад огт хамаагүй.  Би чиний талаар бүр боддог ч үгүй.    Коко Шанель

1920-1923 онд Шанель Оросын II Александр хааны  ач хүү Дмитри Павлович гүнтэнтэй хамтран ажиллах болсноор түүний загварт Оросын хэв маяг орж ирсэн байна. Тухайлбал энэ үед тэрээр сул нэвсгэр даашинз, цацагтай цамц, хантааз, үдшийн ёслолын  хувцас зэргийг завсрын болон бараан өнгөөр тансаг ур хийцтэйгээр хийж байв.

Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин залхуу эмэгтэй гэж байдаг.    Коко Шанель 

1921 оноос тэрээр хувцас төдийгүй үнэртэн, гоёл чимэглэл хийж эхэлсний анхны бүтээл нь түүний Chanel  №. 5 сүрчиг нь байлаа. Жасмин цэцгийн найрлагатай энэ  сүрчигээ өөрийнхөө азтай тоо болох тавын тоогоор нэрлэж сүрчигний шилний загварыг орчин үеийн эмнийх шиг жижиг шил сонгон сав баглааг ч өөрөө зохион бүтээж байжээ. Үүний дараагаар 1924 онд Cuir de Russie 1926 онд Bois des Îles 1927 онд Gardénia сүрчигнүүдээ гаргажээ.

  

Шанелийн 1920-оод оны эхээр бүтээсэн театрын тайзны хувцас, гоёл чимэглэлийн зүйлс нь тухайн үедээ хамгийн шинэлэг загварлаг нь  болж байв. 1924 онд тэрээр өөрийн гоёл чимэглэлийн дарханы газрыг нээж байсан түүхтэй ажээ.

  

 

 

Шанелийн бизнес дандаа амжилттай байсангүй. Дэлхийн II дайны үед тэрээр загварын хувцасны дэлгүүрээ хаахад хүрч байсан ч сүрчигний худалдаагаа орхиогүй юм.  1953 онд 70 насандаа Шанель дахин хувцас загварын ертөнцдөө эргэн ирж, 1954 оны хоёрдугаар сарын 5-нд дайны дараах анхны коллекцоо танилцуулж байжээ. Загварын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн хөдөлмөрч, гоо зүйн мэдрэмжтэй Шанель  1971 оны хавар-зуны коллекцоо ид бэлтгэж байх үедээ буюу 1971 оны нэгдүгээр сард насан өөд болжээ.