m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.24 16:06
50
Б.Шоовдор, С.Батцэцэг нар “Алтан гран-при”-д аваргаллаа

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХVI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIV дэх удаагийн “Алтан гран-при” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Уржигдар буюу тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. 

Саяхан улсын хошой аварга болсон Б.Шоовдор 58 кг-ын жинд өнгөрсөн онд Казахстан улсын Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын барилдаанд Японы бөх Кавай Рисакод 0:7 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль дээр бууж байсан бол энэ тэмцээнд нэгдүгээр тойрогт түүнийг хожжээ. Дараагийн тойрогт Беларусийн Вероника Ивановаг ялж, хагас шигшээ барилдаанд Канадын бөх М.Фазарийг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө барилдаанд Кыргызстаны Айсулуу Тыныбековаг 4:1 онооны харьцаагаар ялж аварга боллоо.

69 кг-ын жинд О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Молдавын бөх С.Саянког төвөггүй хожиж, мөнгөн медалийн төлөө барилдаанд Канадын Доротиг 10:0-ээр дийлж, алтан медалийн төлөө барилдаанд Оросын бөх, олимпийн аварга Н.Воробьёвад цэвэр хожигджээ. О.Насанбурмаа энэ тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөх болов. О.Насанбурмаа санаачилгатай, давшингуй барилдсан ч чац, бяр дутаж хоёрдугаар үед өмсөх дархан мэхэнд нь орж ялагдсан, дэвжээний шүүгч барилдааны эхнээс л манай бөхийг улайм цайм дарамталж байлаа. Н.Воробьёва сурвалжлагчид сэтгэгдлээ ярихдаа “Шувтаргын барилдаанд Монголын бөх задгай, дайрч барилдсан нь их сонирхолтой байлаа. Санкт-Петербургт болох Дэлхийн цомд тэр их ууртай ирэх байх. Манай хэсэгт Монголын баг гол өрсөлдөгч. Тэнд амьдрал, үхлийн төлөө ширүүн өрсөлдөөн болно” гэжээ.

57 кг-ын жинд Э.Бэхбаяр нэгдүгээрт тойрогт С.Батболдыг ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд Дагестаны бөх Исмаил Мусукаевт 1:11 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Артём Гебековыг 2:1 онооны харьцаагаар дийлжээ. И.Ярыгиний тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 2002 онд 58 кг-ын жинд О.Пүрэвбаатар, 130 кг-ын жинд Г.Өсөхбаяр нар мөнгөн медаль авснаас хойш даруй 13 жилийн дараа Э.Бэхбаяр хүрэл медаль авч тасарчихаад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ.
53 кг-ын жинд Э.Сумьяа беларуссын бөх Ирина Курочкинаг ялж дараа нь мөн улсын бөх Надежда Сушкод дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх А.Исмагулова дэвжээнд гараагүй учир ялалт авчээ. 

Н.Воробьёва сурвалжлагчид сэтгэгдлээ ярихдаа “Шувтаргын барилдаанд Монголын бөх задгай, дайрч барилдсан нь их сонирхолтой байлаа. Санкт-Петербургт болох Дэлхийн цомд тэр их ууртай ирэх байх. Манай хэсэгт Монголын баг гол өрсөлдөгч. Тэнд амьдрал, үхлийн төлөө ширүүн өрсөлдөөн болно” гэжээ.

57 кг-ын жинд Д.Цогтбаатар эхний тойрогт Якутын В.Лебедевт 2:7-гоор ялагдсан ч дагах барилдаанд Беларусийн А.Лачиновыг ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Якутын Н.Скрябинд 0:3-аар дийлджээ.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 65, 70 кг, эмэгтэй 48, 55, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин С.Батцэцэг /Хилчин/ нэгдүгээр тойрогт Оросын Юлия Пронцевичийг, мөнгөн медалийн төлөө барилдаанд Латвийн А.Григорьеваг тус тус ялж, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын И.Тражуковаг цэвэр даржээ. 

61 кг-ын жинд хоёрдугаар тойрогт Б.Баянмөнх /Гацуурт-Олимп/ Оросын бөх, олимпийн аварга Ж.Отарсултановт 2:8-аар дийлдэж, гавьяат тамирчин Э.Ням-Очир /Хилчин/ Оросын Азаматби Пшнатловт, Б.Нэмэхбаяр /Хасу-Мегастарс/ Дагестаны Муршид Муталимовт тус тус ялагджээ. 

65 кг-ын жинд нэгдүгээр тойрогт Б.Батмагнай /Алдар/ Дагестаны Р.Муртазалиевт 3:6, Нүрзэддаваагийн Пүрэвдаваа Казахстаны С.Окасовт 0:10, Б.Нямдорж /Харгант-Цамхаг/ Казахстаны Мейржан Ашировт 5:10-аар, Ц.Цогтсайхан Оросын А.Захарушкинд хожигджээ. Хоёрдугаар тойрогт Г.Мандахнаран /Алдар/ Красноярскийн Мурад Нухкадиевыг 8:3-аар, гуравдугаар тойрогт Казахстаны Дуарен Жумагазиевийг 2:1-ээр ялж, дөрөвдүгээр тойрогт Дагестаны Алибеггаджи Эмеевт дийлджээ. 

70 кг-ын жинд нэгдүгээр тойрогт Г.Идэрхүү /Гацуурт-Олимп/ Дагестаны М.Газимагомедовт, Г.Төрбат /Женко/ Чечений бөх Расул Жукаевт, хоёрдугаар тойрогт Г.Анхбаяр /Гацуурт-Олимп/ Буриадын Арсалан Будажаповт 0:10, Ц.Цогтбаяр /Цастын барс/ Ираны Саид Дадашпурт 0:10, Б.Алтангэрэл /Хангарьд/ Дагестаны Расул Арсланалиевт 8:12, Б.Батзориг /Хасу-Мегастарс/ Оросын Никита Сучковт 4:4-өөр дийлджээ. 
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ц.Бямбазаяа /Алдар/ Европын өсвөрийн аварга Елена Востриковад ялагдаж дагах барилдаанд Оросын Дарья Лексинаг өвдөг шороодуулж, хүрэл медалийн төлөө барилдаанд Оросын Алина Мореваг ялжээ. 

55 кг-ын жинд А.Батцэцэг /Хасу-Мегастарс/ нэгдүгээр тойрогт Японы Анри Кимураг хожиж алтан медалийн төлөө Буриадын И.Ологоноватай барилдаж 3:4 онооны харьцаагаар дийлдэн, мөнгөн медалийн болзол хангав. Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/ нэгдүгээр тойрогт хийлж, хүрэл медалийн төлөө барилдаанд Оросын Татьяна Новикийг ялж хүрэл медаль авчээ. 

63 кг-ын жинд Э.Цэвэгмид /Алдар/ Оросын Инна Тражуковад хожигдож дагах барилдаанд Беларусийн бөх М.Мамащукт ялагджээ. 75 кг-ын жинд Г.Наранчимэг /Хилчин/ Оросын бөх Виктория Фроловаг ялж, дараа нь Оросын А.Стародубцевад ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд мөн л Оросын бөх Алёна Афанасьеваг барсангүй. 

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 86, 97, 125 кг -ын жингүүдийн барилдаан болно. 


 

                     Тэмцээний медальтнууд

Эрэгтэй
57 кг
: 1. Виктор Лебедев /Якутск/
2. Исмаил Мускаев /Дагестан/
3. Э.Бэхбаяр /Хангарьд/
3. Н.Скрябин /Якутск/
61 кг: 1. Александр Богомоев /Буриад/
2. Начын Куулар /Тува/
3. Жамал Отарсултанов /ОХУ/ 
3. Егор Пономарёв /ОХУ/
65 кг: 1. Ильяс Бекбулатов /Дагестан/
2. Гарольд Брэнт Меткалф /АНУ/
3. Заур Сидаков /ОХУ/
3. Евгений Жербаев /ОХУ/
70 кг: 1. Расул Жукаев /Буриад/
2. Саид Дадашпур /Иран/
3. Расул Арсаналиев /ОХУ/
3. Исраил Касумов /ОХУ/
74 кг: 1. Рональтд Эндрю /АНУ/
2. Ахмед Гажимагомедов /Дагестан/ 
3. Шамиль Османов /ОХУ/
3. Борис Макоев /ОХУ/
 

Эмэгтэй
48 кг
: 1. Валентина Исламова /ОХУ/
2. Елена Вострикова /ОХУ/
3. Цогтбаатарын Бямбазаяа /Монгол, Алдар/
3. Ю Мияхара /Япон/
53 кг: 1. Ольга Хорошавцева /ОХУ/
2. Маю Мукаида /Япон/
3. Э.Сумьяа /Замчин/
3. Надежда Сушко /Беларусь/
55 кг: 1. Ирина Ологонова /ОХУ/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /Монгол, Хасу-Мегастарс/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Монгол, Хангарьд/
3. Екатерина Гончарь /Беларусь/
58 кг: 1. Баатаржавын Шоовдор /Монгол, Цастын барс/
2. Айсулуу Тыныбекова /Казахстан/
3. Мишель Фазари /Канад/
3. Аим Абдильдина /Казахстан/
60 кг: 1. Анастасия Гучок /Беларусь/
2. Светлана Липатова /ОХУ/
3. Наталья Федосеева /ОХУ/
3. Жаргалма Цыренова /ОХУ/
63 кг: 1. Соронзонболдын Батцэцэг /Монгол, Хилчин/
2. Инни Тражукова /ОХУ/
3. Мария Мамащук /Беларусь/ 
3. Анастасия Григорьева /ОХУ/
69 кг: 1. Наталья Воробьева /ОХУ/
2. Очирбатын Насанбурмаа /Монгол, Гацуурт-Олимп/
3. Ксения Буракова /ОХУ/
3. Йетс Дороти /Канад/
75 кг: 1. Эрика Вебе /Канад/
2. Алёна Стародубцева /ОХУ/
3. Екатерина Букина /ОХУ/
3. Алёна Афанасьева /ОХУ/