m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 09:34
62
Дэлхийн анхаарлын төв-Давос

Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг mass.mn тоймлон хүргэж байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт боллоо

Жил бүр Швейцарийн Давос хотноо болдог “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” энэ сарын 21-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 1700 хувийн онгоц хөлөглөсөн 90 гаруй орны удирдагч, улс төрч бизнес эрхлэгчид нийлсэн 2500 төлөөлөгчид дэлхий дахин дахь шашины бүлэглэлүүдийн нөлөөлөл, Украины байдал, дэлхийн дулаарал, дэлхийн эдийн засгийн өсөлт, газрын тосны үнэ, шинэ технологи зэрэг дэлхий дахины өнөөгийн чухал асуудлуудаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, хэлэлцсэн уулзалт боллоо.

Японы хоёр иргэнийг барьцаалав

Исламын Улсын цэргийн бүлэглэл өнгөрсөн мягмар гаригт Японы хоёр иргэнийг барьцаалж Японы Засгийн газраас 200 сая ам.доллар төлөхийг шаардан 72 цагийн хугацаа олгосон билээ. Японы Засгийн газар шаардсан мөнгийг төлөөгүй бөгөөд Иордан дахь Ислам Улсын цэргийн бүлэглэлтэй холбоо тогтоохыг хичээсэн боловч амжилтанд хүрэлгүй хугацаа дууссан билээ. Бямба гаригт барьцаалагчид Японы нэг иргэний амийг хороосон болохоо мэдэгдэж нөгөө иргэнийг Иорданы шоронд хоригдож байгаа Сажида ал-Ришава гэгч террорист эмэгтэйгээр солилцохыг санал болгосон байна. Японы тал үлдсэн нэг иргэнээ аврахын төлөө арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байгаа ажээ.

Сүйрсэн онгоцны талаархи анхан шатны дүгнэлтийг нийтэд мэдээлэхгүй

Индонезийн шинжээчид өнгөрсөн сарын 28-нд сүйрсэн QZ8501 онгоцны хар хайрцаг болон хэргийн газар, бусад зүйл дээр хийсэн шинжиллэгээний анхан шатны дүгнэлтийг гаргасан ч олон нийтэд мэдээлэхгүй гэж Индонезийн Засгийн газраас лхагва гаригт мэдэгдэл хийжээ. Хэдийгээр энэ удаад мэдээллийг нууцлаж байгаа ч  шинжээчид жилийн дотор уг хэргийн талаар эцсийн дүгнэлтийг нийтэд мэдээлэх ёстой ажээ. Одоогийн байдлаар мэдэгдэж байгаа баттай мэдээлэл гэвэл QZ8501 онгоц өнгөрсөн сарын 28-ны өдөр өглөөний 6 цаг 17 минутанд хамгийн сүүлд радартай холбоо барьсан бөгөөд 9750 метрийн өндөрт минутанд 6000 феетийн хурдтай нисэж явжээ. Онгоц осолдохын өмнө хурдаа нэмсээр 8400 феет хүргэсэн ба сүйрэх үедээ 11 100 феет хурдтай явж байсан байна. 

Саудын Арабын хаан таалал төгсөж дүү нь хаан ширээг залгамжиллаа

Саудын Арабын хаан Абдула 90 насандаа өвчний улмаас таалал төгсөж түүний дүү Солман хаан ширээг залгамжиллаа. Өдгөө 79 настай хаан Солман хаанд газрын тосны бодлогыг тодорхойлох эрх шилжлээ. Саудын Араб нь дэлхийн газрын тосны зах зээл газрын тос нийлүүлэгч тав дах том улс юм. Тус улс нь өдөрт  9.5 сая баррел газрын тосон бүтээгдэхүүн боловсруулж 7 саяыг нь экспортолдог байна.