m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.25 10:15
68
Их аваргын эзэгнэл

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Хацү башё их аварга Хакүхогийн ялгуулсан амжилтаар өндөрлөлөө. Башё өндөрлөхөөс хоёр хоногийн өмнө Эзэн хааны цомыг 33 дахиа хүртэх нь ойлгомжтой болсон тэрбээр сүүлчийн хоёр өдөр нутаг нэгт ёкозүна Хаүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарыг дараалан ялснаар дээд зиндаанд 11 дэх удаагаа өвдөг шороодолгүй түрүүлж чадлаа. Уг үзүүлэлтээр Тайхо 8, Асашёорюү 5 түрүүгээр удаалдаг юм.

Сүмогийн бүх цаг үеийн манлай бөх болсон тэрбээр башёгийн дараа NHK телевизийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Тайхо аваргын ачийг хариулж чадсандаа баяртай байна. Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учраас ийм амжилтад хүрлээ. 33 дахиа түрүүлэх болзлоо хангачихаад “Надад өөр зорилго үлдсэн гэж үү” гэж асуусан. Бүр зодог тайлах тухай ч бодож байлаа. Харин одоо юуны өмнө сайн амарч аваад урдаа шинэ зорилго тавин барилдах болно. Хүчирхэг эр хүн бүрийн ард сайн эмэгтэй байдаг. Гэр бүлийн хүндээ баярласнаа илэрхийлье” гэсэн юм.

 

Хамгийн олон түрүүлсэн аваргууд

1. Хакүхо                   33        2006 оноос

2. Тайхо                     32        1960-1971

3. Чиёнофүжи          31        1981-90

4. Асашёорюү          25        2002-2010

5. Китаноүми            24        1974-1984

6. Таканохана          22        1992-2001

7. Важима                 14        1972-1980

8. Фүтабаяма           12        1936-1943

8. Мүсашимарү        12        1994-2002

10. Акэбоно              11        1994-2002

Шинэ оны анхны тэмцээнд ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато нар 11-4 амжилт үзүүлсэн бол Какүрюү М.Ананд 10 давж, 5 унасан юм. Манай бөхчүүдээс маэгаширагийн №9-өөс босч барилдсан Тамавиши Б.Мөнх-Оргил 10-5, макүүчид эргэж ирээд анхны башёдоо барилдаж буй Токитэнкү А.Хүчитбаатар 9-6, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Тэрүнофүжи Ш.Ган-Эрдэнэ нар 8-7 амжилт үзүүллээ. Ган-Эрдэнийн хувьд Тамавишиг ялж, тавин хувиа хийсэн.

Харин тэмцээний сүүлийн өдөр Араваши Э.Дөлгөөн Чиёмарүд, Кагамио Б.Нанжид Тоёохибикид өвдөг шороодсоноор хоёул 7-8 дүнгээр тэмцээнийг дуусгалаа. Тэгвэл Ичиножёо А.Ичинноров (6-9), Кёкүтэнхо Н.Цэвэгням (5-10) нар тавин хувиа хийж чадахгүй нь аль эрт тодорхой болсон билээ.

Жюүрёо зиндааны монголчуудаас Сэйро А.Өнөболд 9-6, Таканоива А.Баасандорж, Азүмарюү С.Тодбилэг хоёр 6-9, Асасэкирюү Б.Дашням, Шёотэнро Д.Нямсүрэн, Сакигакэ Я.Баттүшиг нар 5-10 амжилт үзүүлэв.

Монгол бөхчүүдийн амжилт

Макүшита зиндаа

10        Гочозан         4-3

13        Рюүонами     2-5

16        Чиёошома    1-6

18        Дайшохо       5-2

20        Сэншо           1-6

Санданмэ зиндаа

12        Дайонами     2-5

28        Аратоши       -

38        Такакасүга    5-2

93        Садахикари  4-3

Энэ удаагийн башёд гарамгай барилдааны болон техниктэй бөхийн шагналыг авах бөх гараагүй бол дайчин барилдааны шагналыг Монголын бөх, 23 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ авсан байна. Тэмцээний жюүрёо зиндаанд “Китаноүми” дэвжээний Китатайки, макүшита зиндаанд “Токицүказэ” дэвжээний Шодай, санданмэ зиндаанд “Такагава” дэвжээний Рюдэн, жонидан зиндаанд “Таканохана” дэвжээний Сато, жонокүчи зиндаанд “Сакаигава” дэвжээний Кансэй гэсэн бөхчүүд түрүүлжээ.

Хацү башёгийн сүүлийн өдрийн барилдааны тойм