m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 00:30
107
Тайван сайхан амрахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ

-Унтлагын өрөөгөө харанхуй, сэрүүн (18 C орчим хэмтэй), чимээгүй байлгах нь хэвийн нойрсох нөхцлийг бүрдүүлнэ. Гэрэл сайн хаадаг бараан өнгийн хөшиг хийж (эсвэл нүдний хаалт хэрэглэх), чимээгүй орчныг бүрдүүлэх (эсвэл чихний бөглөөс хийх), агааржуулалттай байлгаж, тухтай ор, дэртэй байх нь хамгийн үндсэн шаардлагууд юм. Мөн унтлагын өрөөндөө ТВ, компьютер, ipad, утас гэх мэт гэрэл үүсгэгч электрон хэрэгслүүдийг тавихгүй байх хэрэгтэй.

-Унтахаасаа өмнөх 4-6 цагийн турш каффейн агуулсан цай, кофе, кола, шоколад, мөн архи, тамхи хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь каффейн, тамхинд агуулагддаг никотин нь сэргээх үйлчилгээтэй, мөн архи нь эхэн үедээ нойр хүргэж байгаа мэт болгодог ч хэдэн цагийн дараа сэргээх үйлчилгээ нь эхэлдэг учраас шөнө ойр ойр сэрж, тавгүйтүүлдэг.

-Унтахаасаа өмнө халуун устай ваннд орох, намуухан хөгжим сонсох, ном унших гэх мэт аль болох тайван байлгах зүйлсийг хийх хэрэгтэй. Өөрийгөө стресст оруулах ажил хийх, мөн эхнэр, нөхөртэйгөө муудалцах гэх мэтээс зайлсхийх хэрэгтэй. Стрессийн үед ялгардаг кортизол даавар нь биеийн сэргэг байдлыг нэмэгдүүлдэг учраас хэвийн нойрсоход саад учруулна.

-Унтах гэж хэт их хичээх хэрэггүй. Орондоо ороод унтаж чадахгүй 15-20 минут болох юм бол босч, ном унших, хөгжим сонсох гэх мэт өөр зүйлсийг хийж байгаад нойроо хүрэхээс буцаж хэвтээрэй.

-Өдөр бүр тогтмол цагт унтаж амарснаар биеийн дотоод цаг тогтворжиж, тогтмол цагт нойр хүрч, сэрж байх болно.

-Унтахын өмнө хүнд хоол идэхгүй, хөнгөн зууш, тараг, сүү зэргийг идэж, ууж болно. Оройн хоол унтах цагаас 3-4 цагийн өмнө байвал тохиромжтой. Мөн оройн цагаар юу ч идэхгүй бол шөнө өлсөж, сэрдэг учраас хөнгөн зүйл идэх нь тавтай нойрсох боломжтой болгоно.

-Орой унтахаасаа өмнө хэт их шингэн уувал бие засах гэж боссоор байгаад нойроо сэргээх магадлалтайг анхаараарай.

-Унтахаас өмнө 3-4 цагийн дотор дасгал хийвэл кортизол даавар ялгарч бие махбодыг сэрээх үйлчилгээ үзүүлдэг.

-Тайвшруулах үйлчилгээтэй ургамлын цай, бэлдмэлүүдийг хэрэглээд үзэх хэрэгтэй. Ингэснээр мөн өөрийн дотоод цагийг тогтворжуулах боломжтой. Тайвшруулах үйлчилгээтэй, нойрсолтыг дэмжих ургамлуудад бамбайн үндэс (Valerian), эмийн алтантовчийн навч (Chamomile), лавендер газрын дээрх хэсэг (Lavender), алун хосгүй цэцгийн үндэс (Passion flower)-ний цай, хандмал зэргийг хэрэглэж болно.