m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 00:43
42
Соёлын өвийг хүлээлгэн өгнө

Унгарын иргэн, дипломатч Л.Кадар тус улсад ажиллаж буй Монголын Элчин Сайдын яаманд нэрт туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” гэдэг гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгчээ. Уг бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр 12 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн танхимд болно. Ёслолд Унгарын Элчин Сайдын яамнаас төлөөлөгч ирж, туулиудын бичлэгийг гардуулах бөгөөд ёслолд БСШУЯ, ШУА, Хэл зохиолын хүрээлэн болон бусад хүмүүс оролцоно.
Дипломатч Л.Кадар нь ХХ зууны дундуур БНМАУ-д элчин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа баруун аймгуудаар явж, монголчуудын соёл, түүхийн холбогдолтой олон арвин баримт хэрэглэгдэхүүн цуглуулж байжээ. Ийнхүү дээрх туулиудын үндсэн эх бичлэг буюу анх бичиж авсан хувилбар нь бидний гар дээр ирж буй нь монгол тууль судлалд чухал эх хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй Монгол үндэстний биет бус соёлын ховор нандин өв нэгээр нэмэгдэж буй чухал үйл явдал билээ. Туульч Батын тууль хайлах аялгуу хөг нь давтагдашгүй бөгөөд монгол туулийн аялгууны хамгийн эртний шинж төлөвийг хадгалсан байдгаараа онцлогтой.