m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 01:24
129
“Толгой”-г олборлох тойм зураглал

Эртнээс олборлосон  Эрдэнэт толгой, одоо ид ашиглаж буй Оюу толгой, тал талаас нь мэрээд эхэлчихсэн Таван толгой гээд эрдэнэсээ ил xаруулдаггүй олон нуугдмал толгойг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээжээ.

Харин би өнөөдөр өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн өөр нэг толгойг хэрхэн олборлож, улсын эдийн засгийн нэгээхэн тулгуур болгон хөгжүүлж болох тухай урлагийн болон IT салбарынхны xүрээнд хэдэн жил яригдаж байгаа мөрөөдөл таамаглалуудыг нэгтгэн дүгнэж, тоймлон зураглаxыг оролдъё. Энэ бол шавхагдашгүй баялаг болох бүтээлч санаагаар дүүрэн Монгол xүний ТОЛГОЙ.

Монгол хүний бүтээлч толгойг социалист системийн үед коммунистууд өөрийн үзэл суртлаа олон түмэнд ойлгуулан таниулах зорилгодоо тун ч чадамгайгаар олборлон ашиглаж байсан юм.

Уул усыг нь ухаад оронд нь уурхай завод барьж, үр тариа ургуулах гэж байгаа тухай, түүнийг нь эсэргүүцсэн малчин эцэстээ бүхнийг ойлгон социалист хөгжил дэвшилд сэтгэл хангалуун үлдэж байгаа тухай, барилгажилт,хотжилтыг дэмжсэн “Аман хуур”, Атар эзэмшихэд залуусыг дуудсан “Хөхөө гэрлэх дөхлөө”, Банкинд мөнгөө хадгалуулахыг уриалсан “Хүргэн хүү”  гэхчилэн нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх олон санааг сэтгэлд хоногшсон дүрүүд, хит болсон дуунууд, театрт тавигдах жүжиг, хээрээр давхих урлагийн бригад гэхчилэнгээр урлагийн бүх төрөл хэлбэрүүдээр дамжуулан цэвэр тэр үеийн нам төрийн захиалга, санхүүжилт, үзэл суртал болон агуулгын хяналттайгаар боловсруулан, монгол хүн бүрийн толгойд хоногшуулдаг байж.

Тэр үеэс л оюуны бүтээл туурвидаг авьяастай сийрэг толгойнуудыг урлагийнхан хэмээн нэрлэж заншсан. Харин социалист нийгмийн үед үндэс сууриа тавьсан Монголын урлагийн салбарыг яаж орчин үеийн эдийн засгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэх вэ?

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэж юу вэ?

Юуны түрүүнд энэ нь нийгмийн сэтгэлгээнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдэн авъяастай хүмүүсийн бүтээлийн цуглуулга биш, харин улс орны эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг бүхэл бүтэн салбар болон хөгжсөн эдийн засгийн ойлголт ажээ.     

Дэлхийн хэмжээнд бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэxүүн үйлчилгээний жилийн орлого 2011 оны байдлаар 624 тэрбум ам.долларт xүрсэн нь 2002 оны үзүүлэлтийг 2 нугалсан үзүүлэлт болж, энэ xугацаан даxь жилийн дундаж өсөлт нь 8.8 xувь болсныг НҮБ, ЮНЕСКО, Дэлxийн оюуны өмчийн байгууллагын xамтран гаргадаг “Дэлxийн бүтээлч эдийн засгийн 2013 оны тайлан”-д онцлон дурьдсан байна. 

Юу үйлдвэрлэдэг, ямар салбар болоод энэ бүтээлч үйлдвэрлэлийн салбар гээч нь ингэж их хурдтай өсөөд байна вэ?

“Бүтээлч үйлдвэрлэл (creative industry)  гэдэг нь хүний бүтээлч сэтгэлгээ, мэдлэг ур чадвар, авъяас билгээс эх сурвалжтай оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу ажил мэргэжил болон эд хөрөнгө үүсгэх чадвартай үйлдвэрлэлийн салбаруудыг бүхэлд нь нэрлэнэ”

Шинэ тутам салбар учраас үг хэллэг нь нэг л чихэнд наалдахгүй байгаа биз? Энгийнээр хэлье: Урлагийн салбар гэдэг бол үндсэндээ агуулга бүтээдэг хэсэг, харин бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол тэрхүү агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь масс үйлдвэрлэлд оруулан, баялаг бүтээдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл:

Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт = Бүтээлч үйлдвэрлэл гэж томъёолж болохоор байна.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт багтдаг олон салбар өнөөдөр зохиогчийн эрхтэй оюуны өмч болж, банкны барьцаанд тавигдан зээл болж, эдийн засгийн эргэлтэнд орон, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон худалдаалагдаж, баялаг үйлдвэрлэн, монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж чадахгүй байна.

Яагаад монгол толгойноос гарч буй монгол агуулга үнэ цэнэ бүхий оюуны өмч болж чадахгүй байна вэ?

1990 онд Монгол улс 70 жил хаалттай байсан хаалгаа дэлхий дахинаа цэлийтэл нээхтэй зэрэгцэн дэлхийн улс орнуудын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхны оргил бүтээгдэхүүнүүд Монголд нэвтэрч эхэлсэн юм. Улсын нийт төсвийнхөө 70 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан Монгол улс социализм задрах тэр мөчид Москвагаас хараат байсан үзэл суртлаасаа салсан шигээ Москвагаас ханган нийлүүлж байсан 70 хувийн татаасааcaa бас салж, давс гоймонгоос өөр зүйлгүй хоосон лангуутай үлдэж байсан юм. Ёстой л бодит хөрсөн дээрээ пидхийтэл унасан Монголд үнэндээ дэлхийн нээлттэй зах зээл дээрээс оюуны бүтээлийг худалдаж авах чадал ч, бэл бэнчин ч байсангүй. Ингээд шулуухан хулгайн аргад шилжсэн юм. Ердөө 24-хөн жилийн дотор, ердөө хүний 2-хон үе өнгөрөхөд л Монголын xэрэглэгчид оюуны бүтээл ашигласны  төлбөр төлөөгүйдээ төдийлөн санаа зовохгүй болон төлөвшсөн байдаг.

Оюуны бүтээлийн хулгай Монголд сайн муу хоёр том үр дагаварыг үлдээсэн юм.

Сайн нь: Барууны ертөнц гэдгийг огт мэддэггүй, таг хаалттай байсан Монголчууд дэлхийн тэргүүлэгч бүтээлүүдийг үзэж эхэлснээр маш богино хугацаанд “нүд” нь нээгдсэн.

Муу нь: Дандаа нам төрийн захиалга санхүүжилтээр үйлдвэрлэл явуулдаг байсан, ашгийн төлөө ажиллаж үзээгүй Монголын урлагийн салбарынхан гэв гэнэт дэлхийн тэргүүлэгч оюуны бүтээгдэхүүнүүдтэй зах зээлд өрсөлдөхөөр шууд дэвжээн дээр гарах болсон. Мэдээж аль ч талаараа бэлтгэлгүй Монголын бүтээл үйлдвэрлэгчид хүч тэнцвэргүй энэ тулаанд анхны цохилтоор нам цохиулж тэр чигтээ тэрийн унасан юм.

Тийм ээ, Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан өнөөг хүртэл олигтой өндийж босч ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүч тэнцвэргүй зах зээлийн өрсөлдөөнд төсөв хэмнэх үүднээс толгойноос олборлосон санаагаа аль болоx хямдxан өртгөөр үйлдвэрлэж, хямдхан үйлдвэрлэлээс болж сайн боловсрогдоогүй бүтээгдэxүүнээ багтаамж багатай зах зээлд багахан үнээр шаxах төдийхнөөр амь зогоож байна. Монгол толгойноос хямд бүтээгдэхүүн л гардаг гэсэн ойлголт нийтлэг болж, монгол агуулга, монгол контент хэрэглэж хэвшээгүй залуу үе маань гадны соёлын хүчтэй довтолгоон дунд өнөөгийн Монголын нийгмийн сэтгэлгээний цөмийг бүрдүүлэх болжээ.

Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн ТВ, хэвлэлийнхэн  шулуухан шантаажийн аргад шилжсэнээ нэг их нуухаа больж.

Бүтээл үйлдвэрлээд ашиг олохгүйг мэдэрсэн ТВ, хэвлэлийнхэн  шулуухан шантаажийн аргад шилжсэнээ нэг их нуухаа больж. Монголд 60 гаруй телевиз, хэдэн зуун сайт амжилттай ажиллаад байгаа нь нэг талаас монголчууд оюуны зах зээлд хүчээ үзэх сонирхолтой байгааг харуулж байгаа юм. Жижиг дунд үйлдвэр гэдэг шиг, эд чинь оюуны хөдөлмөрийн зах зээл дээр бүтээл үйлдвэрлэдэг жижиг дунд л бизнес шүү дээ.

Өнөөдөр энэ салбарт тодорхой бодлого байхгүйгээс бүтээлч толгойноос сөрөг агуулгууд голлон гарч, тэр нь бүх төрлийн сүлжээгээр цацагдан хэрэглэгчдийн толгойг хар бараан, дутуу боловсрогдсон мэдээллээр угааж байдаг ийм дүр зураг давамгайлсан нийгэмд өчнөөн барилга байшин, зам гүүр барьж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлээд, түүнийг нь цааш хөгжүүлээд аваад явах хөдөлмөрч, бүтээлч, хөгжилд тэмүүлсэн хойч үегүй бол гэнэт их хөрөнгө өвлөж авсан ядуу хүн хамаг байдгаараа тансаглаад хамгийн түрүүнд дампуурдгийн л үлгэр болох гээд байна.

Учир нь нийгмийн сэтгэлгээний уналтыг материаллаг бүтээн байгуулалтаар  сэргээх боломжгүй. Үүнийг зөвхөн оюуны талх болсон урлаг соёлоор л  тэжээн тэнхрүүлдэг. Тэр талх нь монгол толгойг олборлож байж олдох монгол агуулга, түүнийг чанартай эцсийн бүтээгдэхүүн болгох бүтээлч үйлдвэрлэл, түүнийг эдийн засгийн аргаар тэжээн тэтгэх кластер хэв загвар байх тойм зураглалыг бидний хэсэг нөхөд гаргаж ирээд байгаа юм. Өөрөөр хэлбэл өндөр стандарт шаарддаг болон төлөвшсөн Монгол хэрэглэгчдийн сэтгэлд нь нийцэж, сэтгэхүйд нь нөлөөлөх, улмаар Монголын нийгмийн сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох чанартай “монгол агуулга” хэмээх бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж баялаг бүтээхийн тулд,

1. Солонгоруулна гээд байгаа эдийн засагтаа уул уурхай, барилга, зам гүүр, оёдол нэхмэл зэрэг хүнд, хөнгөн, хүнсний салбарууд дээр нэмээд “Бүтээлч үйлдвэрлэл” гэсэн цоо шинэ салбарыг нэмэн хөгжүүлэх.

2. Хөгжлийг нь хурдасгаж, гарцыг нь арвижуулснаар хурдан үр дүнд хүрэх зорилго тавья гэвэл одоогоор бодож олоод, үр дүнтэй нь хэдийнэ тогтоогдсон эдийн засгийн кластерын аргыг хэрэглэх хэрэгтэй байна.

Кластер гэдэг бол Америкийн эрдэмтэн Майкл Портерын “Үндэстний өрсөлдөх чадварын давуу тал” бүтээлдээ тодорхойлсноор “Нэг төрлийн бизнесийг газар зүйн байрлалын хувьд нэг дор төвлөрүүлж, тэнд хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс татварын болон бизнесийн орчны давуу боломжийг санал болгосноор нэгдсэн хангамж, нэгдсэн маркетинг, мэргэжлийн ажилчдын туршлага солилцоо, сургалтын нөxцөл бүрдэж, МЭДЛЭГИЙН БӨӨГНӨРӨЛ бий болсноор шинэ санаа инновацийн хөгжилд ахиж гарч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх давуу үйлдвэрлэл бий болох”-ыг хэлдэг байна.

Монголын бүтээлч үйлдвэрлэлийн кластер буюу
“толгой”-г олборлох тойм зураглал тэгвэл ямар байх вэ?

Үүнийг бид өнөөх Урлагийн бүтээл  + Зохиогчийн эрх + Үйлдвэрлэл + Борлуулалт  = Бүтээлч үйлдвэрлэл гэсэн томъёоныхоо дагуу дараах байдлаар тоймлон зурагласан юм.

Зөвхөн кино л гэхэд Монголд 100-аад жижиг голдуу студи энд тэндэхийн байрны нэг давхар ч юмуу, байгууллагын нэг булан, зарим нь подвал голдуу хөлслөөд таран байрласан байдаг. Эдгээр нь бүгд тухайн орон зайг ашигласныхаа төлбөрт сард дунджаар  сая төгрөгийг түрээсэнд өгч байгаа гээд бодохоор оффис түрээсийн боломжийн орлого шууд харагдаж байна. Үүн дээр нэмээд мөнөөх 100-аад жижиг студиуд маань олсон жаахан мөнгөө бараг ихэнхийг нь техник тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулдаг. Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна.

Кино үйлдвэрлэгчид голдуу нэг дороо, нэг бүс нутагт байрлах болсон тул техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид тэнд нь шууд түрээсийн салбараа нээгээд ажиллуулдаг болжээ. Энэ нь тэрхүү кластерт байх бүх компаниудад үйлчилдэг тул тоо хэмжээ нь ихсэхийн хирээр тээвэрлэлтийн хөлс хямдарч, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.

Дэлхий нийтийн жишгээс харахад техникийн дэвшил өдөр цагаар хурдасч байгаа энэ цаг үед кино компаниуд өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж худалдаж авахаа нэгэнт больсон байна.

Газар зүйн байршлын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан нэг дор цугларснаар санхүүжилтын баталгааны хамгийн чухал хэсэг болох зохиогчийн эрх, оюуны өмчийн бүртгэл, лицензийн үйлчилгээ хурдан шуурхай болж тогтмолжино. Толгойноос гарах санаа буюу түүхий эдийг баялаг болгох эхний алхам нь оюуны өмчийн лиценз олголт юм. Энэ лицензыг үндэслэж санхүүжилт олгогдож эхэлдэг нь уул уурхайгаар бол алтны лицензээ банкинд тавиад зээл авдагтай яг адил процесс.

Бүтээлч үйлдвэрлэл гэдгийг зарим судлаачид амарчлаад, товчхоноор “Contracts between Arts and Commerce” буюу “Урлаг арилжаа хоёрын нэгтгэл гэрээ” гэж тодорхойлсон нь бий. Урлагийг мөнгө олдог хэрэгсэл болгохын тулд л түүнийг лицензүүлж, хуулийн этгээд болгох гээд байгаа юм. Зарим нь санаагаа гаргачихаад өөрөө үйлдвэрлэх гэж зовохгүй шууд зардаг байж болно. Барьцаанд тавьчихаад алга болж болно. Тэр бүхнийг зохицуулах гэж оюуны өмчөөр дагнасан хуулийн фирмүүд үүснэ.

Үүнээс гадна эдийн засгийн кластерын тусгай бодлого явуулснаар бүтээлч үйлдвэрлэлд зориулсан санхүүжилтын шинэ механизм бий болгох шаардлага тулгарна. Манайх шиг банкны систем нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг системд зохиогчийн эрх, оюуны өмчийн лицензийг барьцаа болгон зээл өгдөг тусгай зориулалтын сан, хөрөнгө оруулалтын сан, эсвэл банк бус санхүүгийн байгууллага шинээр бий болох зайлшгүй шаардлагатай.

Агуулгыг хөгжүүлэх явцад олон санаа урган гардаг. Нэгдсэн хүчтэй зар сурталчилгаа хийснээр тодорхой дүрүүд олны танил болж, түүнийг нь загварынхан өлгөн авч, хувцас хэрэглэл, орон байр, өнгө будгийн хослолын шинэ урсгалууд түгж, түүгээр нь аялал жуулчлал, хэвлэл, радио, ном, сэтгүүл, компютер тоглоом, гар утасны аппликэш гээд тоо томшгүй олон төрлийн бүтээгдэхүүн үүсэн гарч болох бөгөөд энэ бүхэн нь өвөр хоорондоо чөлөөтэй хөрвөх нөхцлийг кластер л бүрдүүлж, нэгэн том бүтээлч инновацийн цогц системыг бий болгодог нь үнэхээр том давуу тал юм. Тэгэхээр энэхүү тойм зураглалын бүтцийг Монголд бодит биелэл болгохын тулд,

    

Улс төрийн ямар шийдэл гаргаж, алсын хараатай ямар бодлого баримтлах вэ?


Мэдээж хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил, хатуу болон зөөлөн дэд бүтцийг бий болгох гээд олон алхам хэрэгтэй ч, энэ бүхнийг нэгтгээд дараах гурван суурь бодлогыг бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс болгон хэрэгжүүлж болох юм. 

Хүний нөөцийн мэдлэг чадварыг хөгжүүлэх бодлого

1990-ээд оны эхнээс Сингапур нь татварын онцгой нөхцөл тавин дэлхийн томоохон  IT компаниудыг олноор нь оруулж ирсэн байдаг. Мэдээж тэнд нь эхлээд гадны мэргэжилтнүүд өндөр цалингаар ажиллаж, Сингапур ажилчид хямдаар туслан ажиллана. Үүнтэй яг зэрэгцээд их дээд сургуулиуддаа бүтээлч үйлдвэрлэлийн тусгай ангиудыг нээж, IT салбарт ирээдүйд манлайлах мэдлэг чадвартай хүмүүсийг бэлтгэх бүх түвшний сургалтыг төрийн онцгой дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхэлжээ. Ингээд хэсэг хугацааны дараа ажлын байрны нээлттэй зар явахад өнөөх бэлтгэгдсэн хүмүүс нэг нэгээрээ түүнийг нь эзэлсээр удалгүй өнөөх үйлдвэрүүд үндэстний өндөр мэргэжилтэй ажилчдаар дүүрч, улмаар өөрсдийн онцлогоор өргөжүүлэн хөгжүүлснээр бодит амжилтанд хүрчээ. Сингапурт амжилттай туршигдсан энэ мэт сайн жишээг Монголд нутагшуулах бүрэн боломжтой.

Дэд бүтцийг бий болгох бодлого

 Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалтыг бүтээлч үйлдвэрлэлийн кластерын үндсэн баазыг барьж байгуулахад татах бодлого юм. Тодорхой газар нутгийг бүтээлч үйлдвэрлэлийн кластер болгоно гэж зарлаад, тэр бүсд хөрөнгө оруулалт хийвэл өөр бусад байгууламж барьснаас хамаагүй илүү хөнгөлттэй зээл, татварын таатай орчин амлавал гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн сонирхож болох талтай.

Мөн оюуны өмчийн лиценз олголт, борлуулалт, хамгааллын бүхэл бүтэн зөөлөн дэд бүтцийг бий болгоход анхаарах явдал чухал. Авч хэрэгжүүлэх гурав дахь том бодлого нь,

Бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжин таниулах бодлого

Нийгэмд бүтээлч үйлдвэрлэлийн кластер байгуулах төлөвлөгөө, зорилт, түүний нийгэмд үзүүлэх нөлөөг тайлбарлан таниулах, урлагийн салбарынхныг кластерын бүтцэд багтах бусад олон салбаруудтай холбох, санаагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүх талаар нээж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын сэтгэлгээг өөрчлөх нь бүхнээс чухал. Өнөөх л “...за монголчуудаас дэлхийн хэмжээний ашиг олох санаа бүтээл гарах нь юу л бол” гэсэн үл тоомсорлосон, үл итгэсэн, үгүйсгэсэн хандлагыг давж гарч, монгол толгойноос “хайгуул хийхэд” хөрөнгө оруулалт татна гэдэг студийн барилга барихад хүн ятгахаас хамаагүй хэцүү хэсэг нь байх болно.

Гэхдээ энэ хэсгийг жишээ нь эрдэс баялгийн хайгуултай жишин тайлбарлаж болох юм. Уул уурхайн хайгуул  хийдэг ганц өрөм л гэхэд тэрбум шахуу төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. Тэр их үнээр тавьсан өрөм болгонд баялаг олддоггүй. Үүнтэй адил бүтээлч үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох монгол агуулгыг монгол толгойноос хайж олоход багагүй эрсдэл шаардагдана. Энэ мэтээр дээрх бүдүүвч зургийг нэгбүрчлэн задлавал маш урт жагсаалт болно. Товчлон дүгнэхэд бүтээлч үйлдвэрлэл нь xөгжлийн явцдаа xүмүүсийг өөрсдийг нь xүчирxэгжүүлж байдаг “шид”-тэй учраас би Монгол улс эрдэс баялгаар дүүрэн толгойнуудаа уралдан олборлохтой зэрэгцээд Монгол хүнийхээ бүтээлч толгойг мөн ашиглах бодлогыг даруй явуулах шаардлагатай гэж үзэж энэхүү тойм зураглалыг санал болгов.  

Ц.Оюундарь