m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 03:27
356
Их хотын шөнийн тээвэр ийм байна

Микроавтобусыг осол аваар их гаргадаг, зорчигчоо булаацалдаж уралддаг, том оврын автобус байгаа цагт микроны хэрэг байхгүй гэх нь бий. Энэ нь үнэний ортой ч огт байхгүй явахаа больчихвол иргэдэд хүнд асуудал тулгарах нь.

Манай сурвалжлах баг шөнийн микроавтобусны “амьдрал”-ыг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудлыг зорилоо. Зорьсон газраа иртэл ганц хоёр микроавтобус зорчигчдоо суулгаж байсан юм. Мөн тэдний хажууд 6,7 такси зогсож харагдсан.

Тус буудлаас зөвхөн оройдоо Баянхошууны эцсийн буудал руу л микроавтобус явдаг аж. Харин Гандан-Шар хадны чиглэлд микро элбэг явдаг гэж буудал дээр байсан жолооч нар хэлж байв. Ингээд бид микронд сууснаар жолооч, кондуктортой нийлээд 20 хүн хөдөллөө. Энэ үеэр тус микроны жолоочоос цөөн асуултад хариулт авсан юм.

А.Доржсүрэн: Бид төр засгаас зүгээр мөнгө гуйгаагүй

-Нийслэлийн тээврийн газраас микроавтобусыг хасах шийдвэр гаргаад байгаа. Дээрээс нь нийтийн тээвэртэй холбоотой гомдол, шүүмжлэл, элдэв хэл ам тасарддаггүй. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Бодит байдал дээр 21:30 минутад автобус зогсдог. Харин бид хүмүүсээ хүлээгээд 22.00-00.00 цагийн хооронд явдаг. Бидэнд Хотын тээврийн газар болон цагдаагаас маш их дарамт ирдэг. Жишээлбэл, эрх хасах, бичиг баримт хурааж авах, торгууль төлөх эсвэл машин журамлах гэх мэт. Бид ард түмэнтэйгээ хамгийн их ойр явдаг хүмүүс гэж боддог. Үүний цаана олон айл өрхийн амьдрал шийдэгддэг. Ерөнхийдөө хүмүүс жижиг тэргээр үйлчилж байгаа болохоор гайгүй байдаг гэдэг боловч нэг хүн дор хаяж 1500-2000 төгрөг төлөх шаардлагатай болдог. Харин бид орой үдшийн цагаар үйлчилж байгаа учраас 1000 төгрөг болгодог. Хэдийгээр тарифаа нэмдэг гэж биднийг шүүмжилдэг ч микро зогссоны дараа  гэртээ харьж чадаагүй олон хүн үлддэг шүү дээ. Тэр хүмүүст таксидах мөнгө байхгүй. Бид харин боломжийн үнээр үйлчилж байгаа.

Хүмүүст таксидах мөнгө байхгүй. Бид харин боломжийн үнээр үйлчилж байгаа

-Танайх өдрийн цагаар зөвшөөрөлтэй шугамд явдаг уу?

-Зөвшөөрөлтэй шугамд явах гэдэг асуудал байхгүй больсон шүү дээ. Дийлэнх нь хувиараа явж байгаа.

-Таны хувьд зөвхөн оройн цагаар л явдаг юм уу. Хэдээс хэдэн цагийн хооронд явдаг вэ?

-Зөвхөн оройн цагаар л явдаг. Учир нь бидэнд зөвшөөрөл байхгүй. Орой 21.00 цагт гараад дугаарлаж, хоёр машины ард хүлээж байгаад 22.00 цаг өнгөрөөгөөд л явж байна даа.

-Дугаарлахаар олон микроавтобус байгаа юм уу?

-Байдаг юм. Оройн цагаар хүнээ авах гээд дугаарлаад зогсчихдог. Ер нь автобус зогссоны дараа 2-3 машин л ээлжилж явдаг. Эхний машин хүнээ авч дүүрсэн бол дараагийн машин хүнээ суулгах жишээтэй.

-Одоо дахиад буцаж тойрох уу?

-Дахиж тойрохгүй ээ. Өнөөдөртөө ингээд л болоо. Хойно бас 1-2 машин үлдсэн. Тэд үлдсэн хүмүүстээ үйлчлээд явах байх. Ер нь хүний хөл хөдөлгөөн 23.00-24.00 цагийн үед тасардаг болсон.

-Ерөнхийдөө хичнээн микро автобус явдаг вэ?

-Оройдоо Бөмбөгөр-Баянхошуу чиглэлд 4-5 микро автобус явдаг. Энэ хэрээрээ Бөмбөгөр-Баянхошуу чиглэлд зорчих зорчигчийн тоо олон болно гэсэн үг. Зарим үед автобус зогссоны дараа ачааллаа дийлдэггүй. Гэхдээ тэр үед нь бид аль болох олон хүнийг суулгачих юмсан гэдэг боловч цагдаа нар нь явуулахгүй саад хийх тохиолдол олон байдаг. Үүнд нь хүмүүс их бухимддаг. Яагаад гэвэл орой болсон дээрээс нь хүйтэн байхад автобус хүлээгээд суусан унааг нь саатуулаад байхад уурлахгүй яахав. Харин микро автобусуудыг албан ёсоор явуулдаг байх үед ар араасаа шуурхай яваад хүмүүсээ хүргэж өгдөг байсан. Одоо бол тэгж явуулахгүй байгаа.

-Тэгвэл одоогийн байдлаар шугамд явах зөвшөөрөлтэй хэчнээн микроавтобус ямар чиглэлд явдаг вэ?

-“Нарантуул” захын микро автобусууд л зөвшөөрөлтэй явж байна. Дээрээс нь “Цайз-16” болон “Шар хад”-ны чиглэлд 1-2 микро явж байгаа байх. Гэхдээ ирэх гуравдугаар сарын 1-нээс микроавтобусуудыг цөөлж, дахиж явуулахгүй гэсэн захирамж гарч байгаа гэсэн.

-Зөвшөөрөлгүй явж байгаад цагдаад баригдлаа гэхэд жолооч нарт ямар арга хэмжээ авдаг вэ?  

-Сүүлийн үед эрх хасна гэж авч яваад л машиныг маань журмын хашаанд хийчихдэг болсон.  Ер нь хэцүү л байна даа. Ард түмэндээ үйлчлээд л, өөрсдөө ч бас амь амьдралаа залгуулаад л явж байгаа. Үүний чинь ард олон өрх айл бий. Кондукторын гэр бүл, жолоочийн гэр бүл, бас миний барьж байгаа машины эзнийх нь гэр бүл гээд цаана нь дор хаяж 9-10 хүн тэжээгдэж байна. Энэ миний машин биш шүү дээ. Түрээслээд л явж байна.

-Торгуулийн хэмжээ хэдэн төгрөг байдаг вэ?

-Яг тодорхой торгуулийн мөнгөн дүн байдаггүй. Тухайн байцаагчийн үзэмжээр л явдаг. Барагцаалбал, 30-50 мянган төгрөгийн торгууль төлдөг. Үүнийг төлж чадах хүн байхад төлж чадахгүй хоногийн хоолоо арай ядан залгуулдаг хүмүүс ч бий. Манайх сургуулийн насны гурван хүүхэдтэй. Тэднийхээ сургууль цэцэрлэг, хичээл номонд хүрэлцэхгүй үе ч байдаг.

-Микроавтобусуудыг маш хурдтай явдаг, аюулгүй байдлыг хангаж чаддаггүй, насжилттай гэх үндэслэлээр явуулахыг хориод байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Дээр үед жолооны курст суралцаад жолооныхоо үнэмлэхийг дөнгөж авч байсан хүүхдүүд микроавтобусыг жолооддог байсан. Бараг толгойтой хүн бүр л микро автобус барьдаг байсан цаг. Харин одоо бол тийм биш. Мэдээж хүн л юм чинь орчноо дагаад аль болох соёлтой байхыг эрмэлздэг болсон. Бас ард түмэн хямрал болж байна гээд яриад л байна. Гэхдээ бид ямар төр засгаас зүгээр мөнгө гуйж байгаа биш. Өөрсдөө хөдөлмөрлөж байна шүү дээ.

Бид ямар төр засгаас зүгээр мөнгө гуйж байгаа биш. Өөрсдөө хөдөлмөрлөж байна

-Нийслэлийн тээврийн газраас шаардлага хангахгүй байгаа микрог цөөлж, харин шаардлага хангаад, аюулгүй байдал зэргээ хангаснаа мэдэгдээд бүртгүүлвэл зөвшөөрөл олгоно гэсэн байна. Тэгвэл танд бүртгүүлье гэсэн бодол байгаа юу?

-Үнэхээр зөвшөөрөл олгоод шугаманд явуулья гэвэл машин тэргээ бэлдээд, үзлэг оношилгоондоо хамрагдаад, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж чадна. Дээрээс нь улсад өдөрт тодорхой хэмжээний татвар төлж явна гэсэн ч дуртайяа бүртгүүлнэ.

-Зарим чиглэлийн микро автобуснууд шөнийн 24.00-01.00 цаг хүртэл явдаг гэсэн?

-Хүний хөл хөдөлгөөн татраагүй үед оройтох үе гардаг. Бид түрүүлж ирснээрээ ар араасаа дугаарлаад зогсдог. Угаасаа тухайн чиглэл рүү явдаг хүмүүс ч их байдаг. Орой хувийн таксинууд үнийн тарифаа 1000-1500 болгон нэмэгдүүлдэг. Тийм болохоор “Бөмбөгөр”-ийн автобусны буудлаас Баянхошуун эцэс хүртэл найман км зам туулдаг. Тэгээд бодоод үзэхээр микро автобус нь хамгийн хямд унаа болж таарч байгаа юм.

Мөн энэ үеэр микроавтобусаар үйлчлүүлж буй зорчигчийн байр суурийг сонслоо.  Тэрбээр”Автобус зогссоны дараа гэр лүүгээ харих гэхээр таксинууд нь үнээ нэмчихдэг. Тэгэхээр микронд сууж таарч байгаа юм. Дээрээс нь автобуснууд нь 21.00 цаг өнгөрөөгөөд л харагдахаа больчихдог. Микро явахгүй бол гэртээ харьж чадахгүйд хүрэх байх. Ялангуяа оюутнууд сургууль дээрээ оройтох үед ганц хоёроороо орой үдэш таксинд явах аюултай шүү дээ. Тэгээд бас гэр хорооллын чиглэлд явдаг хүмүүс их байдаг. Микронуудыг зогсоочихоор яаж явах юм бол доо бүү мэд”гэлээ. Энэ мэт алслагдсан гэр хороолол руу орой үдэш явахад бэрхшээлтэй байдгийг хэн хүнгүй мэднэ. Үйлчлүүлэх иргэд нь байна. Явах машин нь байна. Тэдгээрийг зохион байгуулалтанд оруулж ажиллуулах шаардлагатай байгаа нь анзаарагдав.

Микро явахгүй бол гэртээ харьж чадахгүйд хүрэх байх

Тэдэнтэй ийнхүү ярилцсаны дараа ”Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудал руу буцаж очсон бөгөөд биднийг ирэхэд нэг ч микроавтобус байгаагүй бөгөөд харин 5,6 жижиг тэрэг зорчигчоо хүлээж байсан юм. Энэ үеэр жижиг тэргээр иргэдэд үйлчилдэг жолооч Э.Мөнхсайхантай ярилцлаа.

Э.Мөнхсайхан:Эдийн засгийн хямрал бидэнд бас нөлөөлж байна

- Долоон буудал руу микроавтобус оройдоо явдаггүй юм байна. Такси хэдээр явах вэ?

- Жижиг тэрэг 1500 төгрөгөөр таван хүн суулгаад гардаг.

- Хэдэн цагаас хойш жижиг машин явдаг вэ?

- Өглөө 07.00  цагаас оройн 23.00 цаг хүртэл явна.  Гэхдээ бид өглөөнөөс эхлэн хүнээ зөөдөг ч цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгардаг. Хулгайгаар хүн зөөж байна гээд эрх хасдаг. Иргэдийн ихэнх нь жижиг машинаар үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Том оврын автобусанд иргэдийн 50 хувь нь суух дургүй.  Өдөр 16.00 цагаас оройн 20.00 цагийн үед хүмүүсийн хөдөлгөөн ихэсдэг.  Тэр үед халаасны хулгайчид ажилдаа орно доо. Тиймээс иргэд эд зүйлсээ алдахгүйн тулд жижиг машинаар ихэнхдээ үйлчлүүлдэг юм.   

Хулгайгаар хүн зөөж байна гээд эрх хасдаг

- Гэтэл цагдаа нар та нарыг торгодог юм байна тийм үү?

- Цагдаа нар жижиг тэргэний жолооч нарыг торгоно, бичиг баримт хураах цаашлаад машинуудыг журмын хашаанд хийдэг. Эргүүлж машинаа авахад 70 мянган төгрөг төлдөг. 

- Нийт хэдэн машин энэ зогсоолоос иргэдэд үйлчилж байгаа вэ?

- Гучин машин байгаа. Гэхдээ дугаарын хязгаарлалтаас хамаарч 25-26 машин өдөрт гардаг.

- Сүүлийн үед жижиг тэргээр иргэд хэр үйлчлүүлж байна?

- Хүмүүс харьцангуй муудсан. Эдийн засгийн хямрал бидэнд хүртэл нөлөөлж байгаа. Орой үдэш тэр бүр хүмүүс гарахаа больсон байна. Өмнө нь бол найз нөхдөөрөө явж байгаа залуус оройдоо жижиг тэргээр үйлчлүүлдэг л байсан.

Эдийн засгийн хямрал бидэнд хүртэл нөлөөлж байгаа

- Нууц биш бол өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ?

- Хямрал эхлэхээс өмнө өдөрт 40-50 мянган төгрөгийн орлогтой байсан. Одоо бол 20-30 мянга болсон. Энэ мөнгө нь шатахуун, хоол хүнс гээд таардаг даа.

- Чиний хувьд хэзээнээс эхэлж жижиг машинаар хүн зөөдөг болсон бэ?

- Хоёр жил орчим болж байна.

Ийнхүү сэтгүүлч надтай цөөн хором ярилцсан жолооч Э.Мөнхсайхан хүнээ дүүргэхээр машин руугаа явав. Тэр үед оройн 23.00 цаг өнгөрч байсан учир олны хөл тасарсан байлаа. Гэсэн ч Э.Мөнхсайхантай хамт хэд хэдэн жолооч “Бөмбөгөр” худалдааны төвийн автомашины зогсоол дээр зорчигчоо хүлээн үлдсэн юм.

 

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 2014 онд 519 бага оврын автобус стандартын шаардлага хангахгүйгээс нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 бага оврын автобус иргэдэд үйлчилж байна. Үүнээс туслах шугаманд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм. Харин 2015 онд нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдах аж. 

Аль ч хотод шөнийн нийтийн тээвэр гэж байдаг. Одоогийн байдлаар хүн амынх нь тал хувь нь амьдарч буй нийслэл хотын нийтийн тээврийн шөнийн үйлчилгээ ийм байна. Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насанд аюулгүй тээвэр сонгох нь зүйн хэрэг ч шууд зогсоогоод, хасчихаар ямар байдал үүсэхийг сайн анхаарч зохицуулах хэрэгтэй гэсэн хүмүүсийн яриа гэрчилж байна.