m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 04:14
31
Ц.Даваасүрэн: Дахин санал хураалт явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл

УИХ дахь бие даагчдын зөвлөл даваа гариг бүрт мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэд мэдээллийнхээ цагаар тухай долоо хоногт хийх ажлынхаа талаар танилцуулж, УИХ-аар хэлэлцэх хуулийн төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлдэг билээ.   

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх  Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төсөл болон Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль”-ийн төслийг байр сууриа илэрхийллээ.

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар өөр өөрийн хувилбарыг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ хоёр хуулийн төслийг нэгтгэж  хэлэлцэхээр болсон. Үүний дараа Засгийн газраас мөн уг хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байдаг. Эдгээрийг нэгтэн нийт найман сарын турш УИХ-аар хэлэлцэж буй.  Ингээд ирэх пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болоод байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг 2013 онд бие даагчдын зөвлөлөөс УИХ-д өргөн барьсан.  Мөн сар орчмын өмнө Ерөнхийлөгч уг хуулийг төслийн өөрийн хувилбарыг өргөн барьсан. Эдгээрийг нэгтгэн анхны хэлэлцүүлгийг хийхээр болоод байгаа. Уг хуулийн төсөлд бие даагчдын зөвлөл анхаарал хандуулан ажиллана хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэллээ.

Өнгөрсөн баасан гаригт батлагдсан 2015 оны төсвийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд үнийг өсөлтөд дарамтлуулсан иргэдийн худалдан авах чадвар 15-30 хувиар буурсан. Харин бид үүнийг нөхөх хэмжээнд хүртэл цалин тэтгэврийг нэмэгдүүлэх төсөв баталж чадсангүй. Угтаа бол бидэнд боломж байсан. Тухайлбал, Оюутолгой энэ жил 3.9 их наядын борлуулалт хийнэ. Энэ бол Монгол Улсын төсвийн 70 хувьтай тэнцэнэ. Гэхдээ үүнийхээ таван хувийг л татварт төлдөг. Эндээс мөнгөө авч болох л байсан. Мөн Үндсэн хуульд иргэн бүр тэгш татвар төлнө хэмээн заасан байдаг. Гэтэл онцгой албан татвар төлдөг компаниудыг нэг долларыг 1450  төгрөгөөр тооцон татвар төлөхөөр хуулчилж өгсөн нь шударга бус, үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж буй. Өөрөөр хэлбэл онцгой албан татвараар 70 тэрбумыг хөнгөлж байгаа юм. Үүнийхээ 15 тэрбумыг цалин тэтгэвэрт зарцуулах бүрэн боломж байсан.   

Мөн тэрбээр дэд сайдуудыг цомхотгох асуудалд УИХ хууль зөрчсөн. Учир нь Төсвийн II хэлэлцүүлгээр хойш зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулдаггүй хуультай. Гэтэл III хэлэлцүүлгийн үеэр дэд сайдыг цомхотгох асуудалд дахин санал хураасан нь хууль бус үйлдэл болсон” гэлээ.