m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:12
110
Борнуур сум байгальд ээлтэй халаалтын зуухтай болов

Монгол Улсын Засгийн газар Япон улстай 2013 онд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийг байгуулсан. Уг түншлэлийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах төслүүдийг манай улсад хэрэгжүүлж байгаа юм.

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн 118 дугаар сургууль, Төв аймгийн Борнуур сум дахь олон нийтийн байгууллага, албан газрын хүчин чадал муутай халаалтын зуухыг хүчин чадал сайтай /HOB-Heat Only Boiler/ халаалтын зуухаар шинэчилж дулааныг нь бүрэн шийдвэрлэлээ.

Тогтвортой дулаанаар хангагдсанаар албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ая тухтай байхаас гадна нүүрсний хэрэглээний хэмжээ багасч, агаарын бохирдол буурах гэх мэт байгальд ээлтэй олон давуу тал бий болно гэж төсөл хэрэгжүүлэгчид зорилгоо болгожээ.

Өнөөдөр БОНХАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтсийн дарга Х.Түвшинбаяр, Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Дагвадорж, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайд яам, Япон талын гүйцэтгэгч компани “Сүүри Кэйкакү” ХК-ийн зохицуулагч зэрэг холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Борнуур сумын шинэчилсэн халаалтын зуухны үйл ажиллагаатай биечлэн танилцсан юм.

Төслийг манай талаас “Ану сервис” ХК, Япон талын гүйцэтгэгч компаниар “Сүүри Кэйкакү” ХК хамтран хэрэгжүүлж байгаа юм. Монголын талын гүйцэтгэгч компани санхүүжилтийг 100 хувь гаргажээ. Гэхдээ гаргасан нийт төсвийнхөө 50 хүртэл хувийг Японы Байгаль орчны яамнаас буцаан авах нөхцөлтэй юм.

Японы Засгийн газар дээрх ажлуудын нийт төсвийг 130 сая иен буюу ойролцоогоор нэг тэрбум 800 сая төгрөг байна гэх тооцоог гаргасан байна.

Шинээр суурилуулсан халаатын зууханд тус сумын Захиргааны байр, цэцэрлэг, сургууль, сурагчдын дотуур байр, Соёлын төв гээд зургаан албан байгууллага холбогдож, дулаанаа бүрэн шийдвэрлүүлжээ.

Тус зуух нь нийт 4000 гаруй метр квадрат талбайг халаах хүчин чадалтай ажээ

Өмнө нь байгууллага бүр тус тусдаа уурын зуухтай байдаг байхад дулаан тасалдах, нүүрсний хэрэглээ их гэх мэт байгальд орчинд ч эдийн засгийн талаасаа ч шийдэх ёстой олон асуудал байдаг байжээ. Харин халаалтын зуухыг шинэчилж нэг дор болгосноор нэг хэвийн дулаантай, болсноос гадна нүүрсний хэрэглээ ч багассан хэмээн тус сумын Засаг даргын орлогч В.Батболд сайшааж байсан юм.

Энэ жилийн хувьд харьцангуй дулаан өвөл болж байгаа учир шинээр суурилуулсан гурван зуухны хоёрыг нь л ажиллуулж байгаа юм байна. Тус зуух нь нийт 4000 гаруй метр квадрат талбайг халаах хүчин чадалтай ажээ.

Мөн иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд дулаанд холбогдох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болсон байна.