m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 05:26
62
Уругвайн хөлбөмбөг нойрноосоо нэгэнт сэрсэн

Дөрвөн сая хүрэхгүй хүн амтай, Өмнөд Америктаа газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн жижигт тооцогдох Уругвай улс хөлбөмбөгийн хувьд томоохон гүрэн. Анхны ДАШТ-д түрүүлж, 1924, 1928 оны олимпод аваргалж, тивийнхээ аваргын алдрыг 15 удаа хүртсэн тэд хорин жилийн давтамжтай өндөр амжилт гаргадаг уламжлалтай. Тухайлбал “Бразил 1950”-ийн шийдвэрлэх тоглолтод талбайн эзэн Бразилийг хожин аваргалсан бол “Мексик 1970”-д дөрөвдүгээр байранд шалгарч, цөөнгүй жил өнжсөний дараа “Итали 90”-д оролцон, “ӨАБНУ 2010” дэлхийн аваргаар дахин дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Хамгийн сүүлд 2011 онд Аргентинд болсон “Copa America” тэмцээнд Диего Форлан, Диего Годин, Луис Суарес, Эдинсон Кавани тэргүүтэй уругвайчууд аваргалж, тивдээ 15 дахь удаагаа түрүүлсэн юм.

Тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж асан, өдгөө Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL)-ны дэд тэргүүн Эухино Фигередогийн доорх ярилцлагыг уншсанаар та Уругвайн хөлбөмбөгийн талаар бага ч атугай ойлголттой болох биз ээ.

 

-Өмнөд Америкийн хөлбөмбөг гэхээр ихэнх хүмүүсийн санаанд Бразилийн тоглогчид буудаг. Яагаад Уругвай, Аргентинийг бус Бразилийг илүү сайн мэддэг юм бэ?

-Бразил бол 120 сая хүн амтай, Өмнөд Америкийн газар нутгийн ихэнх хэсгийг эзэлсэн тив-улс. Тэгээд ч тэндхийн цаг агаар нь жилийн дөрвөн улирлын турш далайн эрэг дээр бөмбөг элдэхэд тохирсон. Харин Уругвай бол мал аж ахуй эрхэлдэг, өмнөд туйлтай ойрхон болохоороо хүйтэн газар. Хэдий тийм ч Африк, Ази, Европын адил Уругвайгаас цөөнгүй авьяаслаг тоглогчид төрж гардаг. Хамгийн гол ялгаа нь хүн амынхаа тоонд байгаа юм, тэд биднээс 30 дахин олуулаа шүү дээ.

-Гэхдээ Уругвай хөлбөмбөгөөр Европын зарим орнуудын мөрөөдөөд ч хүрэхээргүй амжилтыг гаргасан. Үүний нууц юу вэ?

-Хэргийн гол учир нь сургалтад байгаа юм. Манайд хүүхдүүдтэй зөвхөн мэргэжлийн хүмүүс л ажилладаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэр ч байтугай Монтевидеогийн их сургуульд хөлбөмбөгийн дасгалжуулагч бэлтгэдэг тусгай тэнхим бий. Улсаас бүх зардлыг нь даадаг эл тэнхимд ирээдүйн дасгалжуулагчдыг дөрвөн жил бэлтгэдэг бөгөөд хөлбөмбөгөөс гадна гүн ухаан, сэтгэл судлал, суурь шинжлэх ухаануудыг системтэйгээр заадаг. Мэдээж диплом өвөртлөн гарсан хүн болгон шууд ерөнхий дасгалжуулагчаар ажиллахгүй, ихэвчлэн ямар нэгэн багийн туслах мэргэжилтнээр ажиллаж туршлага хуримтлуулдаг. Ийм замаар бэлтгэгдсэн олон мэргэжилтнүүд маань өдгөө хилийн чанадад, Ази, Хойд болон Төв, Өмнөд Америкт ажиллаж байна.

-Өдгөө академийнхаа сургалтаар дэлхийд гайхагдаж байгаа “Барселона” хэдэн жилийн өмнө Аргентинд салбар хүүхдийн сургуулиа нээсэн. Европын клубүүд танай улстай энэ мэтчилэн хамтран ажилладаг уу?

-Мэдээж хамтран ажилладаг холбоод, клубүүд цөөнгүй бий. Гэхдээ дээр хэлсэнчлэн Уругвай бол нийслэлдээ хүн ам нь төвлөрсөн, зах зээл багатай жижигхэн улс болохоор гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахгүй байх шиг. Харин нэг зүйлийг сонирхуулахад арван жилийн өмнөөс Индонезийн бизнесмэнүүд хүүхдүүдээ манай клубүүдэд авчирч сургадаг болсон. Үр дүн нь эхнээсээ гарч манайд бэлтгэгдсэн хүүхдүүд Азидаа амжилт гаргаж байгаа гэсэн шүү.

-Уругвайн дээд лигт 16 баг өрсөлддөгийн 15 нь нийслэл Монтевидеогийнх. Энэ тэнцвэргүй байдал лигийн нэр хүндэд нөлөөлдөггүй хэрэг үү?

-Үгүй дээ, манай лиг харьцангуй тогтвортой. Клубүүд телевизийн дамжуулах эрхээс, мөн тоглогчдоо зарж орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг. Мэдээж Европын лиг үүдийн хэмжээнд хүрэхгүй ч зарчим нь яг адилхан.

-Телевизийн дамжуулах эрхээс олсон ашгийг лигийн багууд тэнцүүхэн хувааж авдаг уу?

-“Пеньяроль”, “Насьональ” зэрэг томчууд арай илүү хувь хүртдэг. Мөн орон нутгийн багаа харж үздэг. Тухайлбал, дээд лиг дэх цорын ганц нийслэлийн бус баг “Такуарембо” жилдээ 15 удаа Монтевидеод зочлон тоглох хуваарьтай. Харин нийслэлийн багууд бүтэн улирлын турш ганцхан удаа хотоосоо гарч тоглодог.

-Анхны ДАШТ болсны 100 жилийн ойг тохиолдуулан “World Cup 2030”-ыг зохиох эрхийн төлөө Уругвай нэрээ дэвшүүлнэ гэж сонссон. Гэвч яагаад заавал Аргентинтай хамтрана гэж?

-Бидэнд дангаараа зохиочих мөнгө, цэнгэлдэх хүрээлэн байхгүй. Олон улсын тэмцээний шаардлага хангасан стадион гэвэл “Сентанарио” л байна. Өөрөөр хэлбэл ганцхан хэсгийн л тоглолтыг, плей-оффын хэд хэдэн тоглолттой хүлээж авна гэсэн үг.

-Сүүлийн үед FIFA хамтран зохион байгуулах асуудалд таагүй ханддаг болсон шүү дээ?

-Испани, Португал хоёр 2018 оны ДАШТ-ийг авах дөхсөн биз дээ. Хэдийгээр шувтаргын шатанд Орост дийлдсэн ч энэ бүхэн мэдүүлэгтэй огтхон ч холбоогүй.

-Одоогоос 65 жилийн өмнө Уругвай Бразилийг төрөлх “Маракана”-д нь хожиж, хоёр дахиа дэлхийн аварга болж байсан алдарт тоглолт хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тулаануудын нэгэнд тооцогддог. Та энэ тоглолтыг амьдаар нь үзсэн үү?

-Үгүй ээ, тэгэхэд 18-хан настай байсан надад Бразил явах боломж олдоогүй. Тухайн үед телевиз ядуусын амьдралд бараг нэвтрээгүй байсан. Харин Гижа хожлын гоол хийснийг радиогоор сонсоод баярласандаа жорлонгийнхоо хаалгыг цөм өшиглөөд эвдчихэж билээ.

-Таны амьдралд тохиосон хамгийн гайхамшигтай тоглолт тэр мөн үү?

-Нүдээр үзээгүй болохоор тэгж хэлж чадахгүй нь. Харин шигшээ багийнхаа 2010 ДАШТ, 2011 оны “Америкийн цом”-д үзүүлсэн тоглолтыг хэлнэ. Бид шинэ ялалт, шинэ амжилтыг дэндүү удаан хүлээсэн. Уругвайн хөлбөмбөг нэгэнт нойрноосоо сэрсэн. Би үүнд л хамгаас илүү баяртай байна.