m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 07:24
197
"Монголын өгүүллэг, туужийн дээж" I-VI боть номын баяр боллоо

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн Монголын орчин цагийн уран зохиолын шилмэл өгүүллэг, туужийг эмхтгэж “Монголын өгүүллэг, туужийн дээж” I-VI боть номыг хэвлэн уншигчдын хүртээл болголоо.

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд уран бүтээлээ ид туурвиж буй өнөө цагийн нэртэй зохиолчдын шилмэл өгүүллэг, туужсын дээжийг багтаасан эдгээр ботийн эмхтгэгчээр МУСГЗ, Төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, МУСГЗ, зохиолч Лу.Дашням нар ажиллажээ.

Энэхүү ботид орсон зохиолуудыг сонгохдоо хэвлэлийн газрын зүгээс дээр нэр дурдсан эмхтгэгчдээс гадна утга зохиолын нэртэй мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын саналыг авч, тодорхой хэмжээгээр тусгасан байна.

Ингэхдээ нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог бүтээлүүдээс гадна уран зохиолын үе тус бүрийн өвөрмөц онцлог, хөгжлийг харуулж, төлөөлж чадахуйц шидээвэр бүтээлүүдийг бүрэн хамруулахыг эрмэлзсэн нь урд өмнө нь энэ талаар хийгдэж, хэвлэгдэж байсан адил төстэй ажлуудаас ялгаатай ажээ.

Мөн эмхтгэгчид боть тус бүрт өмнөтгөл хийж, үүндээ тухайн ботид орсон зохиолчдын сэтгэлгээ, бичлэгийн өнгө аяс, хэл найруулга, ахиц дэвшил зэргийг мэргэжлийн үүднээс тоймлон задлан тайлбарласнаас гадна гол төлөөлөгчдийн уран бүтээлийн тухай эрдэмтэн судлаачид, үзэг нэгтнүүдийнх нь өгсөн үнэлэлт дүгнэлтээс цөм хэсгийг нь түүвэрлэн авч, шигтгээ болгон оруулсан байна.

Мөн өөр нэг онцлог бол зохиолчдын ховор сонин, тэр бүр олон нийтэд хүрч байгаагүй түүхэн зургуудыг хавсаргасан явдал юм.

Энэ мэт олон онцлогтой “Монголын өгүүллэг туужийн дээж” I-VI боть нь уншигч хүн бүхэнд Монголын орчин үеийн уран зохиолын түүхнээ бичигдсэн гол гол өгүүллэг, тууж хийгээд тэдгээрийг туурвисан эрхэм зохиолчидтой танилцах боломжийг өгч буйн зэрэгцээ зөвхөн хүүрнэл зохиолын эдгээр төрлийн гэлтгүй нийт үндэстний утга зохиолын түүх, хөгжил, сэтгэлгээ, бичлэгийн арга барил, онцлог зэргийг танин мэдэх үүд хаалгыг нээж байна.

Өнөөгийн утга зохиолын маш өндөр шалгуур, хэвлэлийн стандарт зэргийг бүрэн хангасан эдгээр боть нь хүүхэд залуусын гоо сайхны мэдрэмж, сэтгэлгээг хөгжүүлж, эх хэлний боловсролыг нь дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохын сацуу сургалт, судалгааны чухал хэрэглэгдэхүүн, Монголын хүүрнэл зохиолыг орчуулан дэлхийн тавцанд гаргахад үндсэн эх болно гэж эрхлэн гаргагчид нь төдийгүй мэргэжлийн хүрээнийхэн итгэж байгаа ажээ.