m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 07:48
124
Үнэт өвийг хүлээн авлаа

БНУУ-ын иргэн, дипломатч Л.Кадараас тус улсад ажиллаж буй Монгол Улсын элчин сайдын яаманд Монгол Улсын нэрт туульч Увхийн Батын хайлсан "Бум Эрдэнэ", "Далайн шар бодон", "Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ" гэдэг гурван туулийн бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн танхимд боллоо.

Ёслолд Унгарын элчин сайдын яамнаас төлөөлөгч ирж, туулиудын бичлэгийг гардуулсан бөгөөд манай талаас БСШУЯ, ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцсон юм.

Дипломатч Л.Кадар ХХ зууны дундуур БНМАУ-д элчин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа баруун аймгуудаар явж, монголчуудын соёл, түүхийн холбогдолтой олон арван баримт хэрэглэгдэхүүн цуглуулж байжээ. Энэ үедээ туульч У.Баттай уулзаж, дээрх бичлэгүүдийг хийсэн байна. Л.Кадар уг бичлэгүүдээ профессор Б.Катуугийн хамт эрдэм шинжилгээний галиг үсгээр буулгаж, өмнөх үг, удиртгал, тайлбар үйлдэж, “Аврагдсан туульс” нэрээр 2012 онд Будапешт хотноо нийтлүүлжээ. Эдүгээ уг туулиудын үндсэн эх бичлэг буюу анх бичиж авсан тэр хувилбар бидний гар дээр ирж буй нь монгол тууль судлалд чухал эх хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй монгол үндэстний биет бус соёлын ховор нандин өв нэгээр нэмэгдэж буй чухал үйл явдал болж байна. 

Туульч У.Бат (1899-1973) хуучин Дөрвөд далай хан аймгийн арван баядын Сайд вангийн хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутаг Билүүтийн гол хэмээх газар 1899 онд баяд омгийн цагаагч ястай Увхийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 15 наснаас өөрийн амьдралын зам мөрөө хөөж, хүрээ хийдийн газар түлээ мод хөрөөдөх, хоол хүнс бэлтгэх зэрэг ажлыг хийж эхэлжээ. Энэ үедээ Дэжээлэнгийн хүрээнд сууж байсан авга ах Б.Дарамын тууль хайлахыг сонсдог байсан нь түүний тууль сурах хүсэл эрмэлзлэлийг бадраасан гэдэг. Ийнхүү "Бум-Эрдэнэ", "Далайн шар бодон", "Хүлэг-Эрдэнэ" зэрэг туулийг сурч, хорь гаруй насандаа орон нутагтаа туульч хэмээх алдар хүндтэй болсон байна.