m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.26 08:02
52
Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэг буурчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг  нээлттэй хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар 2014 оны шүүн таслах ажиллагааны тайланг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлэхдээ "Өнгөрөгч онд иргэний хэрэг маргаан буурсан үзүүлэлттэй байлаа. Иргэний хэрэг бол хамгийн олон гардаг маргааны төрөл. Улаанбаатар хотод гэхэд нэг шүүгчид жилд 270-280 хэрэг ноогддог. Эвлэрүүлэн зуучлах тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой." хэмээн тайлбарлав.

Өнгөрөгч онд 11430 хүнд холбогдох 7603 эрүүгийн хэргийг хүлээн авсан байна. Нэмэлт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад 712 хэргийг буцааж, харьяаллын дагуу 23 хэргийг шилжүүлж, цагаатгах тогтоолоор 72 хэргийг шийдвэрлэж, 468 хэргийг хэрэгсэхгүй болгон үлдсэн 6375 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Ялаар шийтгэгдсэн хүмүүсийн 77 хувь нь хорих ялаар шийтгэгдсэн байна. 

Иргэний хэрэг маргаан 2013 онд 35314 хэрэг байсан бол өнгөрөгч онд 33996 буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин захиргааны хэрэг маргаан 1187 буюу 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 6143 өргөдлөөс 346 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 308 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр эргүүлэн авч, 5122 өргөдлийг шийдвэрлэжээ. Мөн шүүхээс 2014 онд улсын улсын тэмдэгтийн хураамж, торгох ял, эд хөрөнгө хураах ял, торгох захиргааны хариуцлагын арга хэмжээнээс бүрдсэн нийт 9 тэрбум 98 сая 354 мянга 597 төгрөгийг төрийн санд оруулжээ.