m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 00:34
137
Захиалагч компаниуд гүйцэтгэгчээ хохироож байна

Барилгын захиалагч компаниуд гүйцэтгэгч компаниудыг хулхидаж, ажлын хөлсийг нь өгөхгүй байх, хамтран ажиллах гэрээгээ зөрчих тохиолдол ихэсч, хууль хяналтын байгууллагууд барилгын компаниудын маргааны өргөдөл гомдолд дарагдах болжээ. Хууль хяналтынханд гаргасан өргөдөл гомдолд “Манай компани ....  компанитай гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээ байгуулж барилгыг нь Монгол Улсын барилгын тухай батлагдсан норм, нормативын дагуу барьсан, зураг төслөөс гадна барилгын чанарыг тодорхойлдог арматурын төмөр стандартын шаардлага хангасан, төв лабораториор итгэмжлэгдсэн бетон зуурмагийн компаниас зуурмагаа авсан, батлагдсан зураг төслийн дагуу барьсан гээд бүх  шаардлагыг хангасан байхад “Захилагч компаниуд “Чанар муутай барилга барьсан. Шүүхдээд мөнгөө ав” гэлээ гэх гомдлууд зонхилж байна.

Захиалагч компаниуд  ажлынхаа ихэнх хувийг буюу 70-90 хувийн ажлыг гүйцэтгэгч компаниар хийлгэснийхээ дараа “Чанаргүй барилга барьсан” гэх нэрийдлээр ажлын хөлсийг нь өгөхөөс бултдаг башир аргатай болсон гэнэ. Тэд  "Тэртээ тэргүй барилгынхаа ихэнх ажлыг гүйцэтгээд дуусчихсан. Бага мөнгөөр барилгаа бүрэн барьчих юм чинь. Одоо гүйцэтгэгч компаниас ямар нэгэн өө дутагдал олж илрүүлээд хөөгөөд явуулчихая. Бидэнд  ямар ч алдагдал байхгүй. Цаг завтай бол шүүхдээд авна биз. Шүүх хурлыг хэдэн сараар хойшлуулаад өгөхөөр залхаад яваад өгнө. Шүүх дээр ялагдвал давж заалдаад л байя. Тэгж байтал учир нь олдоно. Бүр болохгүй бол сөрөг нэхэмжлэл гаргаад, цагдаад залилан хийж мөнгө авсан гээд өгчихнө. Захирал нь цагдаа, прокурор, шүүх, ШӨХТГ-аас зэрэг зэрэг дуудаад шалгаад байхаар гомдлоо татаад авна. Улсын Дээд шүүх дээр унавал ажлынх нь хөлсийг өгнө биз. Гэхдээ шүүх биднийгээ харж үзээд нэхсэн мөнгөнөөс нь багасгаад өгнө. Тэгэхээр бидэнд ашигтай” гэх байдлаар хандаж элдэв арга заль зохиож байгаад гүйцэтгэгч компаниуд ихээхэн бухимдалтай байна.

Монголын барилгын салбарын энэ гажуудлыг хууль хяналтынхан анхааралдаа авахгүй бол улам даамжирч, газар авсаар байгааг барилгын компаниуд дуу нэгтэйгээр хэлж байна. Барилгын салбарт шүдний өвчин болоод байгаа захиалагчийн мөнгөө өгөхөөс татгалзсан нэгэн жишээг хүргэж байна. “Бүрэн цутгамал” ХХК “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг 85 хувийн гүйцэтгэлтэйгээр бариад одоог хүртэл ажлын хөлс болон барилгын материал худалдаж авсан мөнгөө авч чадахгүй байгаа аж. Энэ талаар “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэрээс тодрууллаа.

-“Сант” сургуулийн удирдлага, танай компани шүүхээр асуудлаа  шийдвэрлүүлэхээр хандсан гэсэн. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв?

-“Бүрэн цутгамал” компани 2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заалны нийт таван давхар барилга барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Улмаар 2013 оны зургадугаар сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч “Сант” сургуулийн удирдлагууд барилгын ажил эхлэх болон үргэлжлэх хугацаанд гэрээгээ удаа дараа зөрчиж, сүүлдээ бидэнд мэдэгдэлгүй, гэрээт хугацаа хүчин төгөлдөр байхад гүйцэтгэгч компаниа сольсон. Өөрөөр хэлбэл, бид барилгын ажлын нийт 85 орчим хувийг гүйцэтгээд байхад бидний ажлыг бусдад өгч, гүйцэтгүүлсэн. Ингэхдээ манай ажилчдын цалин болон барилгын материалын зарим өртөг болох 500 гаруй сая төгрөгийг төлөхгүй гэсэн. Иймээс бид “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжинг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Хэрэг шалгагдаад явж байна. Бидэнд маш их дарамт ирж байгаа.

-Тухайлбал ямар дарамт ирж байна вэ. Захиалагч байгууллагаас та бүхэнтэй уулзсан уу?

-Бид удаа дараа санхүүжилтийн талаар хэлж, ярилцахыг оролдсон ч авч хэлэлцээгүй. Бүр “Та нар явдаг газраараа яв. Шүүх, цагдаа яаж ч чадахгүй. Бидэнд танил тал ихтэй шүү” гэсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхэд тус сургуулийн захирал Д.Зургаанжинг  шүүхэд өгөөд удаагүй байтал тус дүүргийн шүүхээс намайг залилангийн эрүүгийн хэргээр шалгана гэж дуудсан. Шүүх дээр очтол “Сант” сургуулийн захирал намайг “Барилга барина гэж 1.1 тэрбум төгрөг авчихаад юу ч хийгээгүй” гээд шалгуулахаар өгсөн байсан. Ингээд би шалгуулаад, хийсэн зүйлсээ үзүүлээд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Үүний дараа намайг чанаргүй барилга барьсан гээд дахиад дүүргийн цагдаагаар шалгуулсан. Дээр нь ШӨХТГ-т намайг болон манай компанийг шалгуулахаар өргөдөл өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, шүүхээр асуудал хэлэлцэгдэж байх хооронд энэ мэтээр цаг хугацаа алдаж, сэтгэл санааны дарамт үзүүлж байна.

Харин  “Бүрэн цутгамал” компанийн өмгөөлөгч Б.Ганболд дараах тайлбарыг өглөө.   

-“Бүрэн цутгамал” ХХК болон “Сант” сургуультай холбоотой асуудал одоо шүүхийн аль шатанд  явж байна вэ?

-“Бүрэн цутгамал” компанийн гүйцэтгэлийн явцад хийсэн хөрөнгө оруулалтад шинжээчийн үнэлэлт, дүгнэлт гаргуулахаар хэргийг түр түдгэлзүүлсэн байгаа. Шинжээчийн дүгнэлт гарвал шүүх хурал болох байх.

-“Сант” сургуулийн удирдлагууд тус компанийг болон захирал Б.Батдэлгэрийг мөн шүүхэд өгсөн гэсэн?

-Биднийг шүүхэд хандаад удаагүй байхад “Сант” сургуулийн удирдлагуудын зүгээс “Бүрэн цутгамал” компани залилан хийсэн, чанаргүй барилга барьсан, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх мэт үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, ШӨХТГ, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-т өргөдөл, гомдол гаргачихсан байсан. Эрүүгийн цагдаа болон УМБГ-аас уг асуудлыг харъяа бус гээд хүлээж аваагүй юм билээ. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас уг хэрэгт эрүү үүсгээд, шалгасан. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгч хийсэн ажлынхаа хөлсийг гүйцэд аваагүй хэрнээ өөрөө шүүх, цагдаад шалгагдаж, байнга очиж байцаалт, мэдүүлэг өгөхөөс эхлээд маш их дарамт, шахалтад орсон. Ингэж шалгагдсаар прокурорт хэрэг шилжиж, шалгагдахад “Энэ бол залилангийн хэрэг биш. Үндэслэлгүй” гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл дахиад чанаргүй барилга барьсан гэсэн үндэслэлээр прокурорт гомдол гаргаж, прокуророос энэ хэргийг шалга гэсэн үүргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өгч, дахиад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ асуудал одоо үргэлжилж байна. Гүйцэтгэгч байгууллага барилгыг чанаргүй бариагүй учраас үүнд бид санаа зовохгүй байгаа. Шалгах байгууллагууд нь шалгаад асуудлыг үнэн зөвөөр гаргаад ирэх байх. Мөн “Сант” сургууль “Бидэнд учирсан хохирлыг “Бүрэн цутгамал” компаниас гаргуулна уу” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд манайд ийм ийм хохирол учруулсан гэх тодорхой бус зүйлс нэрлээд 530 гаруй сая төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнд ч огт санаа зовохгүй байгаа. Учир нь шүүх, хяналтын байгууллагынхан хянаж, шалгаад үнэн зөвийг нь гаргаад ирнэ. Манай үйлчлүүлэгчийн хувьд барилгыг чанартай, сэтгэлээсээ барьж, гүйцэтгэж байсныг гэрчлэх олон зүйл бий. Харин “Сант” сургуулийн цаг хугацаа хожих гэж, мөн “Бүрэн цутгамал” компанид олгох ёстой 500 орчим сая төгрөгийг өгөхгүй байх арга хайхдаа  л  сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж харж байгаа.

“Бүрэн цутгамал” ХХК нь 2007 оноос "Дельта констракшн" ХХК-ийн бүтцэд  туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны 173'000 м.кв, гражийн 33'000 м.кв, оффиссын 15'128 м.кв, зочид буудлын 2'097 м.кв, хаусны 1'612 м.кв барилга, байгууламж барьсан байна.  Тухайлбал, “Кристал таун” буюу 535 айлын найман блок, 16 давхар орон сууцыг 2008-2012 онд, 2012-2014 онд “Эмералд резиденс” хотхоны 16 давхар 12 блок орон сууцны барилга, “Embassy tower” оффис бүхий үйлчилгээний төвийн барилга, “Кореa таун” орон сууцны барилга зэрэг томоохон орон сууцны хороолол, оффисын  барилгууд барьсан аж.

 

 

С.ОТГОНСҮРЭН