m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 03:19
36
70 жил тавьсан өрийг хоёрхон сарын дотор тавихгүй гэх баталгаа алга гэв

МАН-ын Шинэчлэлийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж, Монгол Улсын эдийн засгийн “алуурчид” хэмээн хэсэг хүнийг нэрлэв. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг нэрлэсэн бөгөөд дээрх нэр бүхий албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-ын гишүүдэд шаардаж байгаа аж. Энэ талаар МАН-ын Шинэчлэлийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батсүмбэрэлээс зарим зүйлийг тодруулав.

70 жил тавьсан өрийг хоёрхон сарын дотор тавихгүй гэх баталгаа алга гэв

-МАН-ын Шинэчлэлийн хорооноос нэр бүхий хүмүүсийг эдийн засгийн алуурчдаар нэрлэсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

-Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн, өрийн хямралд орчихлоо. Хүнээр илэрхийлвэл, үхлийн байдалтай болчихлоо. Тэгэхээр эдийн засгийн унагасан, сүйрүүлсэн хүмүүсийг олон улсын нэршлээр эдийн засгийн алуурчид гэдэг юм. Энэ талаар бичсэн ном товхимол ч байдаг. Энэхүү номд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийг уналтад оруулсан хүмүүсийг нэрлэж байгаа юм. Цаашлаад эдгээр хүнд улс төр, ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байна. Үүнд хэн хэн багтаж байна вэ гэхээр 17.4 орчим хувийн өсөлттэй байсан 58.3 хувийн өрийн дарамтад оруулсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, улсынхаа эдийн засгийн бодлогыг барьж явж байсан сайд асан Н.Батбаяр, сангийн бодлогыг авч явж байсан сайд асан Ч.Улаан болон 2012 онд 1390 төгрөгтэй тэнцэж явсан ам.долларын ханшийг 1900 төгрөг давтал хяналт тавьж чадахгүй, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлсэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг огцрохыг шаардсан шаардлага хүргүүлж байгаа юм.

Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн, өрийн хямралд орчихлоо. Хүнээр илэрхийлвэл, үхлийн байдалтай болчихлоо

-Ийнхүү тогтоохын тулд мэргэжлийн хууль, хяналтын байгууллагаар шалгуул, албан тушаалаас нь чөлөөлүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгвэл Шинэчлэлийн хорооноос шаардлагатай ямар арга хэмжээ авах вэ?

-Юуны түрүүнд УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг УИХ-дахь нам, бүлгүүд, УИХ-ын гишүүдээс шаардах болно. Гэхдээ бид нар нэг яриад л орхихгүй, цаашлаад долоо хоног бүр сануулж байх болно. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчид хууль журам байх ёстой. Тэр хүнийг албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн асуудлыг хурдан шийдэх ёстой гэдгийг УИХ-ын 76 гишүүн бүрт сануулах болно.

Монгол Улсын иргэн бүр өртэй байна. Үүнийгээ ч мэдэж байна. Магадгүй одоо байгаагаасаа ч илүү их өртэй болохыг үгүйсгэхгүй. Дээрээс нь бидэнд баталгаа алга. Мөн өрийн асуудал нь Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлж байгаа. Тиймээс эдгээр хүмүүст нэн яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй байна. Эхний удаа шаардлага хүргүүлсэн бол дараагийн удаа жагсаал цуглаан хийж улс төрийн бүхий л шатны тэмцлийн арга хэмжээг авна.

МАН-ын Шинэчлэлийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Удаанжаргал Эдийн засагт шууд нөлөөлнө гэж хэлж чадахгүй. Гэхдээ дараа дараагийн эрх мэдэлтэн нь айж эхлэх байх. Тэгэхгүй бол дээрх хүмүүстэй адилхан ингэж болдог юм байна гэсэн хандлагатай л байх болно. Бид 70 жилийн турш буюу социализмын үед өр тавиад 2003 онд л тэрийг төлж барагдуулсан. Харин энэ их өрийг хоёрхон жилийн дотор тавьчихаж болдог юм байна. Дараа нь энэ өрийг хоёр сарын дотор тавихгүй байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, 70 жил тавьсан өрийг хоёр жилийн дотор тавьж чадаж байгаа юм чинь хоёрхон сарын дотор тавьж чадахгүй гэж үү. Тиймээс энэ явдлыг өөгшүүлэхгүй байхын тулд дараа нь төрд ажиллах хүмүүс нь цочроо авах болов уу гэсэн үүднээс бид ийм шаардлагыг тавьж байгаа юм. Тэгэхгүй бол дараа нь барьцаж мэднэ.

Дээрээс нь 2016 онд юу болж өнгөрөхийг үнэхээр тааж мэдэж чадахгүй нь. Юу хийж, ямар шийдвэр гаргаж улс орноо хөл дээрээ зогсоох гэж байгаа юм бүү мэд. Н.Батбаяр гэх хүн эдийн засгийг аварна гэж Эзэн Чингис хааны нэрийг барьж хоёр удаа худлаа хэлсэн. Хоёр дахь удаагаа худлаа хэлэхдээ биднийг 100 хоног төөрөгдүүлсэн. Үүний хариуцлагыг ч бас ярих ёстой. Улс төрч хүн худлаа хэлж болно гэсэн хуулийн заалт байхгүй. Ард түмнээс сонгогдсон хүн ард түмэндээ худлаа ярьж болохгүй” гэв.