m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:00
59
Хакүхог шүүмжилжээ

Хацү башёгийн дараа хуралдсан Сүмогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны хурлаар нэгдүгээр сарын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлж, сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон их аварга Хакүхо М.Даваажаргалыг донгоджээ. Тэрбээр 13 дахь өдрийн барилдаанд Кисэносатотой хүч үзэхдээ эхлээд хайн маягтай унаж, дараа нь дахин барилдаж давсныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Шүүгч нар хүүхэд ч харахаар юмыг зөв шийдэж чадсангүй. Бичлэгээс үзэхэд давсан нь илт байна. Дахин барилдуулах хэрэг байсан юм уу” гэж ярьсан юм.

Гэвч видео давталтыг удаашруулан нарийн харах юм бол манай бөхийг унасанд тооцож болохоор байдал үүссэн байж. Учир нь сүмогийн дүрмээр хөлийн улнаас бусад хэсгээрээ газар шүргэвэл ялагдсан гэдэг. Харин Хакүхо Кисэносатог дэвжээнээс түлхэж гарах үед ашинокоү хэмээх хөлийн дээд хэсгээрээ газар тулсан нь тодорхой болсон. Чухам энэ дүрмийг үндэслэвэл түүнийг ялагдсанд тооцож болохоор байгаа юм. Харин өнгөцхөн харахад хоёул зэрэг газардахдаа озэки Кисэносато түрүүлж дэвжээнд хүрсэн харагдаж байгаа гэнэ.

Ёкозүнагийн зөвлөлийн хурал дээр холбооны ерөнхийлөгч Китаноүми “Нэгэнт дэвжээний таван шүүгч хэлэлцэж шийдвэр гаргасан учраас одоо яах ч аргагүй. Гэхдээ Хакүхо ярихаасаа өмнө бодож байх хэрэгтэй” хэмээн шүүмжилсэн байна.