m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:12
39
“Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. 

“Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг нь элэгний өвчлөлийг бууруулах арга зам, урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой зохион байгуулах тухай, цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцах зорилготой.

   Өнөөдрийн байдлаар манай улсад 750 мянган хүн архаг вируст гепатитын халдвартай байна гэсэн статистик үзүүлэлт байгаа бөгөөд энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа гэдгийг байнгын хорооны дарга Д.Батцогт хэллээ.

   Хэлэлцүүлэгт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт-У Вируст гепатиттай тэмцэхэд Монгол Улс дэлхий нийтийг манлайлан оролцож буй энэ үеэр онцлов. Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Төмөрбаатар “Элэгний хавдартай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан юм.