m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:19
106
Ц.Хандармаа: Мөнгөн усанд хордсон хоёр иргэний бие нь сайн байгаа

Баян-Өлгийн аймагт найман хүн мөнгөн усанд хордсон хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Уг хэргийн талаар тодруулахаар Эрүүл мэнд спортын яамны Эрүүл мэндийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн эрүүл мэндийн хэлстийн мэргэжилтэн Ц.Хандармаагаас тодрууллаа.

-Хордсон хүмүүсийн талаархи мэдээлэл хэзээ ирсэн бэ?

-Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газраас энэ сарын 22-нд тус аймагт хоёр хүн мөнгөн усанд хордлоо гэсэн мэдээллийг өгсөн. Яамны зүгээс тандалтын ажиллагааг түргэн шуурхай хийх, шалтгаан эх үүсвэрийг тодруулах зааварчилгаа өгсөн. 

-Хордлого юунаас болж гарсан бэ?

-Хувь хүн гэрийн нөхцөлд мөнгөн усаар эмчилгээ хийх гэж оролдсон юм билээ. Тэд иргэн Ирланы гарыг эмчлэх зорилгоор баруун гарын ядам хурууг уураар утсан. Үүнээс хордлогын эх үүсвэр эхэлсэн. Үүний улмаас хүүхэд хордсон. Ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ахуйн хэрэглээнд мөнгөн ус хэрэглэж байгаа тохиолдол байгаагийн илрэл энэ.

-Тандалтын ажиллагаа үргэлжилж байгаа юу?

-Тандалтын ажлыг орон нутаг хариуцан үргэлжлүүлж байна. Зөвхөн илэрсэн  хоёр хүн байгаа болохоос биш үүний цаана хэдэн хүн байгааг тандалт явуулснаар мэдэх боломжтой. 

-Хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Хордсон хоёр хүний биеийн байдал дээрдсэн. Тэд одоо Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. 

-Цахим ертөнцөд найман хүн хордсон гэх мэдээлэл яваад байна?

-Хоёр хүн хордсон. Тандалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тоог нарийн гаргах боломжгүй. Ард иргэддээ анхааруулж хэлэхэд ямар нэгэн химийн гаралтай бодисыг ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Үүний улмаас таньд болон таны тойрон хүрээлж буй хүмүүст их хэмжээний хор уршиг дагуулах болно гэдгийг хэлье.