m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:24
90
Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.

Төсөлд Чөлөөт бүсийг хэлбэрээр нь ангилсан заалтыг өөрчилж, чөлөөт бүсийг хилийн боомт болон Засгийн газрын санал болгосон тусгай бүс нутагт байгуулж хөгжүүлэх, хил дамнасан чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн Чөлөөт бүсэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үл харшлах, олон улсын гэрээний тулгуур зарчим, шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, олон улсын банк санхүү, даатгал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтцийн бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болохоор тусгасан байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг түлхүү байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, чөлөөт бүсэд иргэний бараа солилцоо, худалдааны урсгалыг дэмжих, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тухайн бүсэд  үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, татвар, гааль зэрэг тусгай дэглэмийн зохицуулалтаар хөрөнгө оруулагчдад таатай  орчин бүрдүүлэх, чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар байгуулах,  улмаар бизнесийн таатай орчныг бий болгоход чухал алхам хийгдэх юм хэмээн хууль санаачлагчийн танилцуулгад дурдагдсан.

Танилцуулгатай холбогдуулан М.Зоригт, С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.