m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 04:41
630
Цагаа яаж хэрхэн төлөвлөж сурах вэ

Юуны өмнө алдаагаа зас
Аливаа өөрчлөлт асуудлаа зөв ухаарч, ойлгох буюу нэг үгээр бол өөрт байгаа асуудлаа хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тэгэхээр биднийг цагаа зөв удирдахад юу саад болж байдгийг харъя:

- "Монгол цаг” гэж байдаггүй.

Манай нийгэмд аливаа товлосон уулзалтаасаа хоцорох нь энгий зүйл болоод удаж байна. Тэрхүү хоцорсон хугацаагаа "монгол цаг” гэж хээв нэг хэлдэг. Гэвч энэ орчлон дээр цаг хугацаа хүн бүрт ижилхэн нэг л байдаг. Монголчуудын нэг өдөрт оногдох цаг нь бусад орныхоос илүү гэсэн зүйл байхгүй.

- Бусдыг цаг зав таныхаас ч ялгаагүй чухал гэдгийг ойлго.

Та хүн хүлээж цагаа барах дуртай юу? Үгүй л болов уу. Үүнтэй тань адил бусад хүмүүс ч гэсэн таныг хүлээж, цаг заваа үрэхгүй хүсэхгүй л болов уу. Хаа хаанаа аль алиныхаа цагийг үрэхгүй байхыг эрмэлзэхийг хичээх хэрэгтэй. Магадгүй энэ хандлага танаас эхэлж болох юм шүү.

- Амьдралын хэв маягаа орчин цагтайгаа уялдуул.

Урьд нь орой босоод бүх ажлаа амжуулчихдаг, эсвэл шалгалт дөхөхөөр шөнө өдөргүй нухаад амжуулчихдаг зэрэг дадал танд аль хэдийн бий болсон байж болох юм. Гэвч одоо энэ цаг үед эсвэл ирээдүйд энэ хэв маяг тань хэр тус болох бол? Цаг үе биднийг улам л ачаалалтай болгож, өнөөдөр л амжуулахгүй бол дараа нь бөөгнөрсөн ажлаа яаж ч хичээгээд амжуулахааргүй болгож байна шүү дээ. Бас хөгшрөлт гэж нэг асуудал бий. Та хэдэн жилийн өмнөх шигээ эрч хүчтэй насан туршдаа ажиллаж амьдарч чадна гэж үү? Магадгүй яг одоо энэ хэв маягаа өөрчлөх цаг нь болж.

- Амьдралынаа үнэт зүйлсээ өөртөө тодорхой болгоогүй байх.

Зарим хүмүүс яг юуны төлөө ажиллаж, амьдарч байгаагаа марттал махарч ажилладаг. Эцсийн үр дүн – урам хугаралт, үзэн ядалт, бас бие болон сэтгэлийн туйлдалт. Иймд өөрийн хамгийн үнэт зүйл тань юу болохыг урьдаас тодорхойлж, түүндээ хөтлөгдөж байгаагаа ямагт өөртөө сануул.

- Өөртөө (бие болон сэтгэлийн хүч, нөөц) үл итгэх.

Ажил болон амьдралдаа хамгийн их сэтгэл хангалуун байдаг хүмүүс дандаа л өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Өөртөө итгэлтэй байхын тулд танд мэдээж их мөнгө хөрөнгө, эрх мэдэл, бусад материаллаг хэрэгтэй, гэхдээ энэ бол ердөө туслах хэрэгсэл болохоос өөртөө итгэх итгэлийг орлуулж чадахгүй.

- Өөрт тохирох хамгийн үр дүнтэй аргыг сонго

Мэргэжилтнүүд цагийг зөв удирдаж төлөвлөх маш олон арга аргачлалуудыг санал болгодог. Тэр болгоныг өөрийн болгоно гэдэг боломжгүй. Харин тэр дундаас өөрийн бие хүний болон хийж буй ажлынхаа онцлог, хэмнэлд тохируулаад сонгон, магадгүй нэмж, хужирлан өөрийн гэсэн аргатай болох нь илүү үр дүнтэй "программ” болох юм.

1. Тэмдэглэл хөтлө. Давуу тал: Энэ нь танд үргэлж юу хийхийг чинь сануулж, мөн зөвхөн цагаа бус өөрийн хийж буй үйлдлээ /өөрийгөө/ удирдах заншлыг төлөвшүүлж байдаг. Та тэмдэглэлийн аль ч төрлийг ашиглаж болно. Хананы болон ширээний календарь, ажлын төлөвлөгөөний дэвтэр /жил, сар, өдрөөр/.

2. Ажилдаа зэрэглэл тогтоо. Давуу тал: Таны цаг, хүч, мөнгө зэргийг хэмнэнэ. Хийж болохуйц үй түмэн ажлаас ойрын хугацаанд шаардлагатай ажлыг шаардлагагүйгээс нь ялгадаг байх хэрэгтэй.

3. Өөрийн бие болон сэтгэл зүйн байдлыг ажилтайгаа уялдуул:

Ихэнх хүмүүс үдээс өмнө илүү эрчтэй байдаг. Зарим хүмүүс шөнөөр илүү идэвхтэй ажиллах нь бий. Магадгүй Таны биеийн байдал өдрийн аль нэг хэсэгт, жилийн тодорхой улиралд, биеийн тодорхой шалтгаанаар/эмэгтэй бол сарын тэмдгийн үе г.м/ зэрэг мэдрэг байдаг бол түүнийгээ харгалзан ажлаа төлөвлөвөл илүү үр дүнтэй байж болох талтай.
4. Зарим нэг ашигтай зуршилтай бол:

Чухал бөгөөд төвөгтэй ажлаа өдрийн эхэнд хийх, жижиг төстэй ажлаа нэг дор хийх, эхэлсэн ажлаа заавал дуусгах, байх ёстой зүйлээ байранд нь тавих /нүдний шил, үзэг, утас г.м/, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийн хянах /өдөр бүр, 7 хоног бүр, сар, улирал, жилээр нь/, хэрэгтэй хэрэггүй зүйлсээ ялгаж, цэгцлэх /хаях, байлгах, шилжүүлэх зэргээр ангилж хайрцаг, сав, шүүгээнд хийх, цахим шуудан ч үүнд хамаатай/ зэргээр хог новш багатай амьдрахад суралцах, мөн завсарлага авч чаддаг байх /их ажлын завсар 10-15 мин, эсвэл ээлжийн амралтаа утгаар нь өнгөрүүлэх, бясалгал-амраах тайвшрах аргуудад суралцах, хоолны өөрт тохирсон дэглэм барих гэх мэт/.

5. Бусдын оновчтой тусыг авч бай:

Бид заримдаа эргэн тойронд өөрт тусалж чадах хэн нэгний тусыг авч болохоо мартаж орхидог. Магад зарим "техник”-ийн ажлыг хэн нэгнээр хийлгэж, цаг, хүчээ хэмнэж болох юм.

6. Цагийг тань хий үрэх зүйлсийг хянаж, хязгаарлаж сур:

Олон нийтийн сүлжээгээр харилцах харилцаагаа хязгаарла чат, фэйсбүүк, твиттер, утас гэх мэт, мэдээлэл хүссэн хүсэлтүүд заримдаа үгүй гэж хэлж бай, мэдээллийн ачааллыг багасга ТВ, радио, интернет, сонин сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгслээс та бүх мэдээллийг авах гэсний хэрэггүй, өөрт хэрэгтэйгээ л түүж ав, мөн гүйлгэж уншингаа ойлгож тогтоох аргад суралц, ажлын бус орчинд л биш бол элдэв хов жив сонирхох гэсний хэрэггүй, ач холбогдол багатай хурал уулзалтуудаас татгалз, эсвэл орондоо хүн явуул.