m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 05:34
48
Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг дэмжлээ

Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газрын өгөх саналын тухай хэлэлцээд, зарчмын хувьд дэмжлээ. Үйлдвэржилтэд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотоод, гадаадын их дээд сургууль, МСҮТ-үүдээр бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах асуудлаар тусгайлсан заалт нэмж оруулах саналыг Засгийн газраас өгөхөөр шийдвэрлэлээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын Засгийн газар үйлдвэржилтийн чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа нэн яаралтай эрчимжүүлж, энэ салбарт онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын бие даасан эдийн засгийн байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон зарлигийн төслийг боловсруулахдаа үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцжээ.