m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 05:36
64
Т.Гүррагчаа: Би цаашдаа ч авирсаар байх болно

Уулын спортын ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа Гималайн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлтгэлээ базааж байгаа талаар өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр мэдээлэл хийлээ. Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг бөгөөд тэрээр Мерапека, Лобуче гэх хоёр оргил дээр 2001 онд, Казахстан, Кыргызстаны хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай аж. Тус авиралтын төлбөр, замын зардал нийтдээ 110 сая орчим төгрөг болох бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, уулчдын холбооноос санаачлан "Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа" хандивын аян зохион байгуулж байгаа юм. Энэ талаар Т.Гүррагчаа гуайгаас тодрууллаа.

-Уулын спортоор хэчнээн жил хичээллэж байгаа вэ. 74 насандаа дэлхийн дээвэрт авирч байсан хүн байхгүй. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би 42 жил ууланд авирч байна. 1973 онд анх хадан авиралтаар хичээллэж эхэлсэн. Түүний дараа явган аялал, дугуйн спорт, бокс, цана зэрэг нэлээд олон спортоор хичээллэж байсан. Гэхдээ намайг амжилтад хүргэсэн нь уулын спорт юм. Харин миний хийж чаддаггүй хоёрхон зүйл байдаг нь тэшүүр, усан спорт юм. Тэшүүр хөлдөө углачихаар л дагзаараа хойшоо саваад уначихдаг талтай.

Монголд миний гараагүй уул, оргил гэж байхгүй. Сүүлийн үед авирсан авиралтууд маань дандаа рекорд тогтоож байсан. Жишээлбэл, Монголын ноён оргил болох Алтай таван богд, Ховд аймгийн Мөнххайрхан оргил, Цамбагарав уул гэх мэт. Ер нь 74 нас гэдэг бол зүгээр л тоо. Цаашдаа ч авирсаар байх болно. Би зөвхөн уулчин биш. Тэрнээс гадна таван жилийн турш Хятад, Япон, Герман, Англи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын марафон гүйлтийн тамирчидтай уралдаж үзсэн. Тийм болохоор тамирчин хүний тэсвэр хатуужил надад бий. Өөрийгөө чадна гэдэгтээ ч итгэлтэй байна.

-Хэзээ авирах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ирэх дөрөв, тавдугаар сард багтааж авирах төлөвлөгөөтэй байгаа. Үүнийхээ ч дагуу бэлтгэлээ базааж байна.

-Таны хамгийн дээд амжилт хэдэн метрт байдаг вэ. Өмнө нь Эверестэд авчирч байсан уу?

-Миний тогтоож байсан хамгийн дээд амжилт бол 7010 метр. Гималайн нурууны нэг салбар бөгөөд харандааны үзүүр шиг шовх оргил байдаг. Дээрээс нь 2001 онд Эверестийн хажуу талын хоёр том оргил болох Мерапека, Лобучед авирч байсан. Хажуу талынх нь хоёр оргил дээр гарчихаад яагаад Жомолунгмад авиралт хийгээгүй вэ гэхээр тэр үед мөнгөний боломж байгаагүй. Яг одоогийн байдлаар надад Эверестэд авирахад 45 мянган ам.доллар хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эверестэд авирахын тулд тодорхой хэмжээний татвар төлдөг. Непал улсын орлогын 70 гаруй хувь нь Эверестийн оргилоос олдог гэдэг юм билээ.

-Эверестийн оргилын аль талаар нь авирах вэ?

Би авирахдаа Гималайн нурууны нар мандах талаас буюу урд талаас авирах төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, 1953 онд анх авирч байсан Английн уулчин Эдмунд Хеллари болон Балбын Дэнзэн Норгай нарын гарсан замаар авирна. Би 2001 онд авирахдаа нэлээд судалчихсан, бүх замыг нь мэднэ. Гэхдээ оргилд авирахад таарах хавцал бүхэнд шат тавина, дээрээс нь дандаа эгц авирах хэрэгтэй болно. Хонох ёстой газраа хүрч чадахгүй бол замдаа жижиг майхантай хэд ч хонож мэднэ. Тэгээд бас тэр ноён оргил дээр гараад таван минут ч зогсож чадахгүй болж мэдэх хүндрэл байгаа. Яагаад гэвэл тэнд маш хүйтэн, салхины хурд маш их байдаг. Салхи нь хурдтай үедээ 125-220 метр/секунд хүрдэг. Температурын хувьд хасах 30-40 градустай байдаг.

-Авиралт хэдэн хоног үргэлжлэх вэ?

-Ямартай ч визний хугацаагаар 60 хоног байгаа. Тэгээд тавдугаар сараас хойшилбол цаг агаар дулаарч, нуранги үүсч, хур бороо орох эрсдэл дагуулдаг. Тиймээс 60 хоногийн дотор л амжиж авирах хэрэгтэй.

-Та ганцаараа авирах уу, эсвэл багтай явах уу. Бэлтгэлээ хэрхэн яаж базаасан бол?

-Ганцаараа явна. Өөрөөсөө гадна чадалтай сайн уулчидтай хамт явъя гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүсдэг. Харин мөнгөтэй хүн дагуулаад явъя гэхээр тэр хүн ууланд авирч чадахгүй бас би тэр хүнийг уулын хормойд хаяад явж болохгүй шүү дээ. Гэхдээ очоод олон улсын жуулчидтай нэгдээд явдаг. Бэлтгэлээ зунаас хойш базаасан. Алтай таван богд, Цамбагарав, Хөх сэрх гэх мэт гадаад дотоодын 8-9 оргилд авиралт хийсэн. Энэ бол суурь бэлтгэл юм. Харин хотод бэлтгэл хийх боломж байхгүй. Дэндүү их утаатай, эсвэл хөдөлгөөн ихтэй. Сүүлийн хэд хоног “Оргил” рашаан сувиллын газар амрангаа цаашаа уулын араар 5-10 км алхдаг байсан. Дээрээс нь гурван оргилд авирсан.

-Харин зардлын хувьд?

-Юуны түрүүнд 28 мянган ам.долларыг Балбын уулын холбоонд төлсөн байх ёстой. Тэгээд ирэх болох очих зардлаа би өөрөө хариуцна. Уул руу авирахдаа 50 кг ачаатай явсан бол буцаж ирэхдээ 40 кг ачаатай ирэх ёстой. Үүнээс илүү гарвал мөнгө нэмж төлөх шаардлага гардаг.