m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 06:04
361
Бөөрөнд сайнаар нөлөөлдөг хүнс

Сармис

Сармис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна бие дэх муу өөх тос буюу холестриныг бууруулахад тусалдаг тул бөөрний үйл ажиллагааг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой ажээ. Түүнчлэн сармис хоолонд гайхалтай амт оруулдаг учраас бөөрөнд аюул учруулдаг хэт их сод болон давсны хэрэглээг зохицуулахад хэрэгтэй. Мөн антиоксидантаар баялаг учраас биеийн дархлааг дэмжээд зогсохгүй хорт хавдрын үед хүртэл эерэг нөлөө үзүүлэх чадвартай юм. Гэхдээ сармисанд агуулагдах хүхэр нь гэдсийг хийгээр дүүргэх магадлалтай учраас хэмжээг нь тохируулж хэрэглэвэл зохистой.

Буржгар байцаа

Бүх төрлийн навчит ургамал буюу бөөрөнхий байцаа, брокколи, цэцэгт байцаа зэрэг нь эслэгийн эх үүсвэр болдогоос гадна C, К витаминаар баялаг байдаг учраас бөөрөнд маш хэрэгцээтэй. Харин буржгар байцаанд эдгээрээс гадна кальци, төмрийн агууламж их байдгаараа онцлог. Мөн навчит ургамлууд кали бага агуулдаг тул бөөрний өвчтэй хүнд тун тохиромжтой. Буржгар байцааг хоолондоо хэрэглэхээс гадна төрөл бүрийн салат, смүүти зэргийг хийх боломжтой.

Өндөгний цагаан

Өндөгний цагаанд хүний биед зайлшгүй шаардлагтай олон төрлийн амин дэм, эрдэс бодис байдаг. Тухайлбал, уураг ба төмрийн агууламж ихтэй хэрнээ кали ба фосфор харьцангуй багатай тул бөөрөнд хамгийн тустай. Түүнчлэн бараг илчлэггүй бөгөөд нүүрс усны агууламж нь нэг хувиас ч бага байдаг ажээ. Өндөгний цагааныг чанаж хэрэглэхээс гадна омлет болон тэжээллэг шейк хийхэд ашиглаж болно.

Сонгино

Сонгино нь сармисны адил антиоксидантаар баялаг учраас хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ихээхэн тустай. Мөн үрэвсэл, шарх шархлааны эсрэг үйлчилгээтэй учир бөөрний асуудалтай хүмүүс хүнсэндээ зайлшгүй хэрэглэх нь зохимжтой.

Загас

Яргай, хулд, сардин, май загас зэрэг нь уурагтайгаас гадна, хүний биед үүсдэггүй Омега-3 тосон хүчлийг агуулдаг. Шинэхэн загасыг хүнсэндээ хэрэглэж заншвал цусан дахь холестриныг бууруулж, даралт ихсэхээс сэргийлдэг тул зүрх судасны өвчин болон бөөрний архаг өвчин тусах магадлалыг багасгадаг байна.

Аньс

Аньсны бусад жимснээс ялгарах давуу чанар нь шээсний замын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэйд оршдог. Аньс нь шээсний хүчиллэг чанарыг ихэсгэдэг учраас элдэв бактерийг устгаж, бөөр давсагны эрүүл байдлыг хадгалахад сайн нөлөө үзүүлдэг байна. Мөн уг жимс зүрхний өвчин болон хорт хавдар зэргийг анагаахад хэрэгтэй учраас эрүүл, тэжээллэг хоолны дэглэмийн бүрэлдэхүүнд ордог ажээ.

Алим

Энэхүү амтлаг жимсэнд хүний биед тустай давуу тал чамлахааргүй их бий. Тухайлбал биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, холестриныг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Түүнээс гадна кали багатай, үрэвслийг намдаадаг учир бөөрний хамгийн дуртай хүнснүүдийн нэг гэдэг нь маргаангүй юм.

Оливын тос

Оливын тосыг масло болон хүнсний бусад тосны оронд тогтмол хэрэглэснээр эрүүл мэндийн хувьд олон эерэг өөрчлөлт гарна. Тодруулбал, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлж, чөлөөт радикал буюу хүчилтөрөгчийн нөлөөгөөр биед исэлдэлт явагдаж хөгшрөх үйл явцыг удаашруулдгаараа оливын тос ихээхэн ач холбогдолтой. Мөн бие махбодын залуу, эрч хүчтэй байдлыг дэмждэг антиоксидантын агууламж өндөр. Энэ мэтчилэн бараг бүх эд эрхтэнд сайн нөлөөтэй учраас бөөрний эрүүл мэндээ хамгаалахыг хүссэн хүнд оливын тос хэрэглэхийг зөвлөж байна.