m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 06:47
66
Тео Уолкотт: “Арсенал”-ын аваргалах цаг холгүй

Английн шигшээ болон Лондоны “Арсенал” багийн жигүүрийн довтлогч Тео Уолкоттын нэгэн ярилцлагыг толилуулъя.

-Таныг Арсен Венгер эелдэг дайчин гэж тодорхойлдог…

-Муугүй сонсогдож байна шүү. Би талбай дээр дайчин, амьдрал дээр төлөв даруу байхыг эрхэмлэдэг.

-Тэгвэл жинхэнэ хоч чинь юу юм бэ?

-Ихэнх хүмүүс намайг Ти-Жей гэж дууддаг. “Формула-1”-ийн дэлхийн аварга Льюис Хэмилтонтой төстэй царайтай болохоор зарим нь Льюис гэнэ. Харин би “Би Хэмилтонтой адилхан бус тэр надтай төстэй” гэж хэлдэг.

-Багадаа ямар багийг балиашигладаг байв?

-“Ливерпуль”-ийг.

-Гэтэл одоо өөр багт тоглож байдаг?

-Үнэн хэрэгтээ аав маань “канониорууд”-ын фэн. Тийм ч учраас “Арсенал” намайг худалдаж авах санал тавихад идэвхтэй хөөцөлдөж байж “Саутгемптон”-ы удирдлагуудыг зөвшөөрүүлж билээ.

-Тьерри Анригийн дугаарыг танд дасгалжуулагч санал болгосон уу, аль эсвэл?

-Тийм ээ, менежер надаас хамгийн түрүүнд “14 дугаарыг авах уу” гэж асуусан. Дэлхийн хамгийн шилдэг довтлогчийн дугаарыг залгамжлах нь миний хувьд нэр төрийн хэрэг учраас шууд л зөвшөөрсөн.

-Хэзээ нэгэн цагт “Арсенал”-аас явна гэж боддог уу?

-Мэдээж зодог тайлтлаа энд тоглохгүй нь ойлгомжтой. Надад Нью-Йорк хот их таалагддаг. Хэдэн жилийн дараа MLS-т “Ред Булл”-ын нэрийн өмнөөс тоглоод явж байвал битгий гайхаарай.

-Хэдэн жилийн өмнө Аваргуудын лигийн хагас шигшээд “Арсенал” “МЮ”-д хожигдсоны дараа Патрис Эвра “Эрчүүд хүүхдүүдтэй тоглож хожлоо” гэж хэлсэн. Венгер яагаад хашир туршлагатай тоглогчид худалдаж авах гэж хичээдэггүй юм бэ?

-Хэн юу ч гэж хэлсэн Арсен үзэл баримтлалаасаа ухардаггүй туйлбартай хүн. Тэр хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг бүхнээс эрхэмлэдэг учраас, бас биднийг өсч дэвжиж туршлага сууна гэж итгэдэг болохоор ийм бодлого баримталдаг юм. Магадгүй үүнээс болоод “Арсенал” сүүлийн хэдэн жилийн цомын бараа хараагүй байж болох. Бас гол гол тоглогчид маань гэмтэл бэртлийн улмаас багтаа олигтой тусалж чадаагүй. Гэхдээ бидний аваргалах цаг удахгүй гэдгийг батлан хэлье.

-“Арсенал” хэтэрхий олон гадаад тоглогчидтой, англи гэх юм бараг байдаггүй гэж шүүмжлэгсэд ч цөөнгүй…

-Манайх бусад багуудаас хавьгүй олон легионертэй. Дасгалжуулагч “Би авьяас чадварыг үнэлдэг болохоос гарал үүслийг нь хэзээ ч харж байгаагүй” гэж хэлдэг. Үнэндээ гадны тоглогчид “Арсенал”-ын нэгдүгээр багт орохын тулд бүрэн англижсан байдаг. Бид талбай дээр, бэлтгэл дээр, энгийн үед ч дандаа англиар ярилцдаг.

-ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Хорватын хаалганд гурван гоол оруулж, “Евро 2008”-ын сонгон шалгаруулалтаас мулталсны хариуг чангахан авч өгснөөрөө та хөгжөөн дэмжигчдийн хамгийн хайртай тоглогчдын нэг болсон…

-19-хөн настайдаа маш чухал тоглолтод оролцож, үндсэн бүрэлдэхүүнд нь тоглон гурвын гурван бөм бөг хийнэ гэдэг гайхамшигтай явдал. Гэхдээ би тэр тоглолтод ганц ч гоол хийж чадаагүй байсан ч баярлах л байсан. Хамгийн гол нь бид хорватчуудаас гутамшигт хожигдлынхоо хариуг авч чадсанд энэ ялалтын гол утга учир оршиж байсан юм.

-Эрикссон таныг “Герман 2006”-гийн бүрэлдэхүүндээ багтаасныг анх сонсоод хэрхэн хүлээж авч байв?

-Мэдүүлгэнд орсон 23 тоглогчийн тоонд нэрээ байгааг хараад нүдэндээ итгээгүй шүү. Хэдийгээр би талбай дээр нэг ч минут тоглож чадаагүй ч шигшээ багийнхантай хамтдаа бэлтгэл хийж байсан тэр мөч үнэхээр сайхан байсан.

-Харин Капелло Өмнөд Африк руу авч явахгүй болсныг дуулаад гутарсан уу?

-Мэдээж. Гэхдээ дасгалжуулагч бүрт өөр өөрийн арга барил байдаг. Бүх зүйлд бодитойгоор ханддаг Капеллод улирлын ихэнх хугацаанд сэлгээнд суусан маань таалагдаагүй байх.