m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 07:11
187
Тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Булган аймгийн Баяннуур суманд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд 2015 оны Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Гүйлтийн тэшүүр, шорт трекийн улсын олон удаагийн аварга, ОУХМастер Мөнх-Амьдралын нэрэмжит гүйлтийн тэшүүрийн ойрын зайн улсын аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгийн Баяннуур сум, Орхон, Хөвсгөл аймаг, Алдар спорт хороо, Төв цэнгэлдэх-1, Төв цэнгэлдэх-2 зэрэг зургаан байгууллагын 30 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 24-ний өдөр болж Булган аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Дайвий-Од, Булган аймгийн Баяннуур сумын ИТХурлын дарга Насанжаргал, Баяннуур сумын Засаг дарга Алтаншагай, ОУХМастер Г.Мөнх-Амьдрал, Монголын тэшүүрийн холбооны орлогч дарга Т.Нямдаваа, холбооны нарийн бичиг Ж.Мягмардорж шүүгч нарын бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэмцээний нээлтийн үеэр олон улсын стандартын 400 метрийн замын орон нутагт тэр дундаа суманд тавьсан явдлыг тэшүүрийн холбооны төлөөлөгчид, багш дасгалжуулагч, тамирчид өндрөөр үнэлж байсан юм.

ОУХМастер Ганбатын Мөнх-Амьдрал 1989 онд Хишиг-Өндөр суманд төрж тэшүүрийн спортын гараагаа тус суманд тавьсан. Монгол улсын тэшүүрийн шигшээ багийн тамирчнаар 2008 оноос 2012 он  олон улсын дэлхийн аваргын гүйлтийн тэшүүрээр нэг, шорт трек хоёр дэлхийн цомын АШТ тэмцээнд 13 удаа Азийн өвлийн наадамд хоёр удаа амжилттай оролцож байсан. Монгол улсын гүйлтийн тэшүүр, шорт трекийн рекордыг 35 удаа шинэчлэн тогтоож байжээ. Түүний гаргасан амжилтыг төр засаг өндрөөр үнэлж Төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялаалаа.

2015 оны гүйлтийн тэшүүрийн ойрын зайн уралдаан хэд хэдэн онцлууштай үйл явдлаар дүүрэн болж өндөрлөсөн юм. Олон улсын стандартад нийцсан 400 метрийн замыг анх удаа орон нутагт тэр дундаа суманд тавьсан нь онцлог зүйл байсан бол Баяннуурын мөсөн дээр Монгол улсын 100 метрийн эрэгтэй эмэгтэй дээд рекордыг тогтоосон явдал байлаа. 2009 онд Тэшүүрийн спортын ОУХМастер Б.Базарсадын тогтоосон 11,05 секундын амжилтыг Алдар спорт хорооны тамирчин ОУХМастер Г.Ууганбаатар 10,24 секунд болгон зургаан жилийн дараа тогтоосон бол анх удаагаа эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаан зохион байгуулж 11,34 секундын амжилтаар "Төв цэнгэлдэх -1" багийн тамирчин А.Зул тогтоолоо.

Хоёр өдрийн турш уралдсан дөрвөн зайн нийлбэр дүнгээр Алдар спорт хорооны тамирчин Д.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн бол Төв цэнгэлдэх багийн тамирчин А.Энх-Ариун, Алдар спорт хорооны тамирчин О.Амарзаяа нар удаалж, эрэгтэй төрөлд Алдар спорт хорооны тамирчин ОУХМастер Г.Ууганбаатар тэргүүлж Төв цэнгэлдэх-1 багийн тамирчин Э.Батгэрэлт, Төв цэнгэлдэх-2 багийн тамирчин Б.Тулга нар удаалан энэ удаагийн тэмцээн ширүүн өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн юм.

Багийн дүнгээр Д.Энхбаяр дасгалжуулагчтай Алдар спорт хороо 2015 оны УАШТэмцээнд түрүүлж н.Долгорсүрэн Төв цэнгэлдэх-1, Б.Базарсад Төв цэнгэлдэх-2 багууд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэллээ.