m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 07:34
92
Хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбар чухал үүрэгтэй

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ц.Цолмон сайд батлан хамгаалах салбарт өргөн хамтын ажиллагаатай ХБНГУ-ын Элчин сайдтай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, хамтын ажиллагааны асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэн, харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Мөн энэ үеэр өнгөрсөн онд болж өнгөрсөн Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд батлан хамгаалах хамтын ажиллагааны чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулсан. Афганистан Улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаа өндөр төвшинд хүрсний илэрхийлэл болж байгаа зэргийг онцолсон.

Түүнчлэн хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, одоогийн хүрсэн хамтын ажиллагааны төвшинг улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Манай хоёр улсын батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 2009 оноос эхлэн Афганистанд явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж эхэлснээр хамтын ажиллагаа шинэ төвшинд хүрсэн юм. Бүх төвшний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан хээрийн дадлага зохион байгуулах зэрэг хэлбэрүүдээр улам өргөжиж байна.