m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:11
121
М.Цэемаа: Дуучин /өгүүллэг/

Гэгэлзэж гиншигнээд байвал жаргал үздэггүй гэдэг гээд Ожгоо муухай харав. Нансалын хоолой дээр ямар нэгэн юм тээглээд уйлмаар болно. Хоёр салаа гэзгийг нь чанга сүлжснээс болж нүд нь жартайсан Цэцэг гайхаж хөшсөн мэт зогсоно. Цэцэг Дадийн том охины гэртээ орхиж гарсан тэднийхний “гал дээрх гал зээ” амин сүнс нь болсон охин. Алаг хайрханы өврийн хөндлөн хөх жалганд  хүний мөрөөсөл болсон гурван бүсгүй хүн хатуу  өвлийг давж, хахир хавартай золгоод байгаа нь энэ. Гэр малын ажилдаа дарагдаад бие биетэйгээ дуугарах ч сөхөөгүй шахам өнжих тэдэнд дуу аялах нь гэрэл зэргээр болмоор санагдахчихуй хэрхэн нүгэлтэй болохыг Цэцэг багахан биеийн ухаанаар бодоод олохгүй. Дээр нь Ожгоо үргэлж “бүсгүй хүн бүтээд үхчихгүй л бол дуугүй нь дээр, эр хүн галзуурчихгүй л бол дуутай шуутай нь дээр“ гэх. Нэг бодохноо зөв ч шиг нөгөө бодохноо “шал тэрсүүд” шиг.

Цэцэгт Ожгоогийн “бүсгүй хүн...” гээд яриад эхлэхээр өөрийг нь голоод байх шиг санагдах болсон нь ухаан сууж эхэлснийх. Сумын эмнэлэг дээр Дадийн том охин төрөхөөр очиж өвдөөд гурав хоног болсон гэдэг. Дадь Ожгоо хоёр охиныхоо ёолох дуунаар сууж чадахгүй хоёулаа хоёр тийшээ босоод уйлах нь уйлаад л явцгаадаг байжээ. Охин төрөхөд нь Дадь “хүсэн хүлээсэн эр хүн нь биш” байсанд сэтгэл дундуураа нууж чадалгүй  “муу охиныг минь зовоож зовоож нэг муу охин” гэсэн ч хожим амиа тавьж өсгөсөнсөн. Ямартаа л Нямыг охиныхоо эцгийг дагаад төв суурин бараадан явахад нь “Та нар залуу улс дахиад л гаргана биз. Бид хоёр ч энүүнээс хол хөндий байж чадашгүй ээ насны танаг барагдаад ирвэл л охиноо аваарай" гээд улаан цурав амьтныг авч үлдсэн аж.

Хаврын их ажлын наагуур цаагуур “...ишш муу охин минь хатсан хаврын хар хавсарганы байгааг дээ...” хэмээн Цэцэгийн сайртай бор хацрыг үнэрлэн илнэ. Тэр бүрий Цэцэгийн хөл газар хүрэхгүй.

Нансал Ожгоогийн их ахын отгон охин. Аймгийн соёлын ордонд дуучин байгаад айлын нөхөр уруу татаж айл гэр үймүүлсэн хэргээр ажлаасаа халагдаж, ааваасаа”жавтий” хүртээд амьдрал үзэхээр ирсэн хүн. Өвөл тохилог өвөлжөөнд хийх ажлаар барагтай тул өдрийн богинод өвдгөө тэврээд гунигтай дуу гиншигнэж суугаа Нансалыг Ожгоо “муу барам хуухай. Өр алдсан хятад шиг гиншигнэж гонгинолоо" хэмээн ил аашлавч цаанаа өр  нимгэндүү нь дууны өнгөнд илхэн. Цэцэг Нансалын дуунд уяраад ч байгаа юм уу ухаан суугаад ижийгээ санаад ч байгаа юм уу уйлчих гээд л. Алаг хайрханыхаа өврийн жалганд ийн гурвуул мунгинуудуухан хаврыг барж сууна.

Тэртээ зүүн жалгын дээд эхээд хар халзан бяруун гунж тугалаад, тугалаа хаяад гүйж хүрч ирээд хорооны мухарт ороод хэвтчихэв.Ожгоо аргаа үүрэн очиж нялх тугалыг авчирлаа.Зурвас халзан нялх тугалын туур нь хүртэл зөөлхөн.Тугалаа эхэд нь амлуулах юм болж, өдөрчийг хорооны мухарт авахдаа ажилдаа улайрсан хэд даарахаа ч мартсан бололтой. Төрүүлсэн үрээ хажиглан тийрч, хошуугаараа нударч унагах бяруун гунжийг ер зөөлөрч өгөхгүйд Цэцэг нүднээсээ том том нулимс дуслуулан уйлахад Нансал “юун сүртэй ч билээ.Энэ чинь нүүрэндээ үстэй адгуус шүү дээ” хэмээн намжирдав.

Цэцэг нялх тугалыг өрөвдсөндөө ч тэрүү ижийгээ улам ихээр санаж хорооны ард гараад баахан уйлж авав. Хүний дэргэд уйлахгүй  нуугдаж байхыг бодоход Цэцэг том болжээ. Ожгоо бяруун гунж ч гайгүй байдаг даа энэ ер нь яасан мугуйд золиг вэ гэснээ “өөвлөх”-өөр шийдэв. Нялх уургандаа дэлэн хөх нь сэрийсэн хар халзан гунжаа барьж эвэрдэн  уяад, дөрвөн хөлийг нь тушиж   нялх тугалаа дэлэнд ойртуулж өөвлөж гарлаа. Тушаа хүлээгээ тасчих шахам тонгочих бяруун гунж аажмаар зөөлөрч тугалаа үнэртэнэ. Цэцэгийн цээж, хоолой дээр гашуу оргин тээглэлдээд хариугүй гарах гээд...Ожгоог даган Нансал аялж байснаа уянгалуулан өөвлөж гарахад Ожгоо дуугүй болж тугалаа эхэд нь ойртуулж, нуруу хондлойд нь чихэртэй хярам түрхэнэ.

Нансалын хоолой зөөлөн эерүү байснаа улам уянгалан Алаг хайрханы гуу жалгын  энгээрхүй, хаврын хавсарга салхи түр саатан, чагнаархана. Уулын энгэрийн өвөлжөөнд аргалын шингэн цэнхэр утаа газраар явгалан буухуй хорооны мухраас  зөөлөн бүүвэйлэг дуун хадсаар.

Яг л  энэ үеэр Алагхайрханы гуу жалгаар яргуй эртээ хэнзэлсэн байлаа.

Зүрх зүрхийг гэгэлзүүлэн дэгэлзүүлэн дуулах Нансал эгчийг минь хайрлахгүй дурлахгүй байж хэн чадах сан гэж ээ...Цэцэг уртаар санаа алдах нь ээ...Ээ хүний хорвоон ...