m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 08:19
57
“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг зогсоожээ

Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол уран бүтээлийг радио, телевиз, цахим орчин, киноны зах зээлд нэмэгдүүлэх зорилготойгоор өнгөрөгч онд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас баталсан билээ.

Улсын их хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгагдаж, Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор таван тэрбумын төсөвтэйгээр батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил өнгөрсөн намар эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн төслөө авч эхлэхээр олон нийтэд зарлагдаж сүр дуулиантайгаар нээлтээ хийж байсан ч энэхүү төсөл, яам нь татагдан буугдсан, төсөв мөнгө байхгүй гэх үндэслэлээр өдгөө бүрэн зогсжээ.

Энэ талаар “Соёл урлаг хөгжүүлэх сан”-гийн захирал Н.Батмөнхтэй уулзаж тодруулахад "Төр мөнгөгүй гээд төслийн санхүүжилт хийгдэхгүй болсон. Тэгээд л овоо явж байсан ажлууд нь нам зогссон доо" гэлээ. Ийнхүү сүр дуулиантайгаар батлагдлаа, хэрэгжиж эхэллээ хэмээн зарлагдаад байсан бүхэл бүтэн үндэсний хөтөлбөрийг эхлүүл хэмээчихээд өдгөө яам нь байхгүй болсон гээд санхүүжилт хийхгүй зогсоож байгаа нь тун харамсалтай.