m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 09:15
97
Юнескогийн боловсролын үндэсний чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

2000 оны 4 дүгээр сарын 26-28-нд  Сенегалын Дакар хотноо болсон Боловсролын дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтаар НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд, дэлхийн улс орнууд хамтран 2015 он хүртэлх Бүх нийтийн боловсролын 6 зорилтыг дэвшүүлсэн юм. Үүнд сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, халамжийг сайжруулах, бүх нийтээрээ бага боловсролтой болох, залуучууд насанд хүрэгчдийн сурч боловсрох боломжийг үлэмж нэмэгдүүлэх, насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролыг 50 хувиар дээшлүүлэх, сургуульд хүйсээр ялгаварлахыг таслан зогсоох, боловсролын чанарыг бүхий л талаар сайжруулах гэсэн зорилтууд багтсан билээ. Бид дэлхий нийтээрээ Сенегалын Дакар хотноо бүх нийтийн боловсролын талаарх 2015 он хүртэлх дэлхий дахины зорилтыг тодорхойлж, үүрэг амлалт авснаас хойш 15 жил өнгөрч байна. Мянганы хөгжлийн зорилтууд болон Бүх нийтийн боловсролын зорилтуудын хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болж буй нь улс орон бүр өөрийн тавьсан зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнг дүгнэн цэгнэх, дэвшүүлсэн зорилтынхоо хэрэгжилтийг үнэлэх, ололт амжилт, сургамжаа тодорхойлох, цаашдын бодлого, стратеги, түүнд хүрэх үйл ажиллагаагаа хэлэлцэх, шинэчлэн баталгаажуулах мөч билээ. Иймд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэхь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Бүх нийтийн боловсролын үндэсний чуулга уулзалтыг“Бүх нийтийн боловсролын үнэлгээнийүр дүнг танилцуулах, бүх нийтийн боловсролын ололт амжилт, үлдэж буй бэрхшээлүүдийг хэлэлцэх” зорилтын дор олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагууд, иргэний нийгмийн оролцоотойгоор 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгууллаа. Бүх нийтийн боловсролын үндэсний чуулга уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, түүний харъяа байгууллагууд, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтсүүд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн эвсэл, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцсон. Бүх нийтийн боловсролын үндэсний чуулга уулзалт нь Бүх нийтийн боловсролын зорилтуудын хэрэгжилтийн дагуу Монгол улсын үндэсний тайланг авч хэлэлцэх, Бүх нийтийн боловсролын хяналт, үнэлгээний 2013/14 оны дэлхийн тайлангаас гаргасансанал, зөвлөмж, дүгнэлтүүдийг танилцуулах, Бүх нийтийн боловсролын бодлого, түүний хөгжил шинэчлэлийн талаарх сонирхолын бүлгүүдийн хоорондын харилцан яриа, хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилготой юм.