m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 09:49
49
Лаосын элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсановангийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр хоёр орны дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ, айлчлал тогтмолжиж, парламент хоорондын уламжлалт харилцаа өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Лаос нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн бэрхшээлтэй ч боломжтой чиглэлээр хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалуудыг өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байна. Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь Зүүн өмнөд Ази дахь манай уламжлалт найрсаг харилцаатай түнш орнуудын нэг болохыг онцолж, Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход Лаосын тал дэмжиж хамтран ажиллана г‎эж найдаж буйгаа илэрхийлэв.

Ноён Бүнньян Сайсанованг, Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаж байна гээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.