m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.27 15:33
54
130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамны удирдлага, газар хэлтсийн дарга нартай уулзлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар  эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар мэдээлэл хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал дэвшүүлсэн байна.

Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байна. Үүний 20 орчим хувийг хөршөөсөө импортлож байгаа юм. Хэдийгээр энэ өвөл харьцангүй дулаахан байгаа боловч хэрэглээний өсөлтөөс хамаарч ачаалал буурахгүй байна. Иймд эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг 90 гаруй хувьтай гүйцэтгээд байна. Цаашид ДЦС-5-ыг барих, ДЦС-3-ыг 250 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 35 МВт-аар, өргөтгөх, цахилгааны болон дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэхэд наад зах нь 130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ хөрөнгийг ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөлийг барихад Хөгжлийн банкнаас олгосон зээлээс буцаан төвлөрүүлсэн 110.9 сая ам.долларын эх үүсвэрээс олгох боломжтой юм. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо анхаарал хандуулж шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” гэв.

130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байна

Дараа нь Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Манай улсын эдийн засаг өсч, хүн ам нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувиар өсч байна. 2020 он гэхэд энэ хэрэглээ 2000 МВт-д хүрэх тооцоо бий. Дээр нь аюулгүйн нөөцийн 20 МВт-ыг нэмэхээр шинээр 1020 МВт-ын эх үүсвэрийг барих шаардлагатай боллоо. Иймд ойрын хугацаанд 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС-5, 700 МВт-ын хүчин чадалтай Багануурын цахилгаан станцыг, дээр нь эрчим хүчний горим тохируулгыг тааруулахын тулд дунд чадлын УЦС-ыг тус тус шинээр барьж,  Дорнодын цахилгаан станцыг 100 МВт-өөр өргөтгөж, баруун бүсэд шинээр 100 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих шаардлагатай байна. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд бодит үнэ өртөгөөр цахилгаан эрчим хүчийг борлуулдаг тогтолцоонд орох ёстой. Өнөөдөр манай салбар 1 кВт цахилгаан эрчим хүчийг 144 төгрөгөөр үйлдвэрлээд 122 төгрөгөөр борлуулж байна. Цаашид ийм маягаар алдалтай ажиллаж болохгүй. Иймд УИХ-ын 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд эрчимтэй ажиллах хэрэгтэй. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлж, чадлын тарифыг тооцдог тогтолцоонд орох ёстой. Дээр нь эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд  Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг боловсруулж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Цаашлаад Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж өргөн барихын зэрэгцээ Эрчим хүчний талаар 2030 он хүртэл төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.