m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.02 03:04
215
Эрнан Кортес Ацтекийн цагаан бурхан

Эрнан Кортес 1475 оны үед Кастилийн Меделинд төрсөн байх магадлалтай юм (зарим нэг эх сурвалжуудад 1485 онд төрсөн гэж бичсэн байдаг.) Тэрээр ахмад Мартин Кортес де Монрой болон Каталина Писарро Альтамарино нарын ганц хүү болон мэндэлжээ. Түүний ээжийн холын хамаатан нь Инкийн эзэнт гүрнийг булаан эзлэгч Франсиско Писсаро байв. Түүний хүүхэд насны талаар тодорхой мэдээлэл байдаггүй юм. Кортесийг 14 нас хүрэхэд эцэг эх нь хүүгээ Саламанки руу явуулж, дунд сургууль дараагаар нь тухайн үеийн хамгийн алдартай их сургуульд хуулийн чиглэлээр суралцуулсан байна. Харин Кортес дипломоо ч авалгүй сургуулиа орхижээ. Түүнийг Меделинд эргэж ирэхэд эцэг эх нь цэрэгт орохыг ятгаж эхлэв. Харин тэрээр 1504 эсвэл 1506 онд өнөөгийн Санто-Доминго болох Гаитид нүүж иржээ. 1511 онд Диего Веласкесыг даган Куба руу аялж, тэндхийн арлыг амжилттай эзлэн авав. Улмаар Эрнан Веласкесын гэр бүлээс гаралтай Каталинтай гэрлэсэн юм. Төдөлгүй Карибын тэнгисийн нөгөө эрэгт алт ихтэй газар нутаг байгаа тухай мэдээ Кубад хүрэв. Тиймээс Кортес тухайн үеийн Кубын захирагч байсан Веласкесын тусламжтайгаар 1518 онд аялал зохион байгуулах болжээ. Кортес 11 хөлөг онгоц бүхий багийн хамтаар аялалд гарсан юм. Жилийн дараа тэрээр өнөөгийн Веракрус хот байгаа Мексикийн эрэг дээр газарджээ.

Эрнан Мексик дахь Ацтекын захирагчдыг эсэргүүцдэг индианчуудын овог аймгуудтай нэгдэн тулаанд оров. Тулаанд орохоосоо өмнө Кортес цэргүүдээ буцааж алдчихгүйн тулд хөлөг онгоцнуудаа эвдэж байсан гэдэг. Ийнхүү Чолулын дэргэдэх тулаанд Ацтекчууд ялагдсан бөгөөд Кортес 1519 оны арван нэгдүгээр сарын 8-ны өдөр тэдний нийслэл Теночтитланыг эзлэн авчээ. Кортес домогт гардаг индианчуудад газар тариалан эрхлэхийг зааж сургасан бурхан Кецалькоатл шиг цагаан арьстай, урт сахалтай байсан учир Ацтекчууд түүнийг Бурханы дүр хэмээн түүнд тусалсан юм. Харин Кортес Ацтекчуудын эзэн хаан хоёрдугаар Монтесумойг шоронд хорьж байв. 1520 оны хавар Веласкеса Кортесийг зогсоохоор цэргээ явуулсан хэдий ч ялагджээ. Хоёрдугаар Монтесумойг нас барсны дараа 1520 оны зурагдугаар сард Кортесийн хэсэг Ацтекчуудад хөөгдсөн юм.

Гэвч 1521 оны зун Испаничууд Тенотитланыг дахин эзлэн авсан аж. Удалгүй Ацтекчуудын эзэнт гүрэн мөхөж, Испаничууд Америкийн төв хэсгийг бүхэлд нь захирах болов. Мексикийг эзлэн авсны дараа Кортес Гватемала болон Гондурас руу аялалд гарч, 1540 он гэхэд Испани руу буцсан байна. Тэрээр 1547 онд Севилийн жижиг тосгон Кастильеха-де-ла- Куэста хэмээх газар гэдэсний өвчнөөр нас барсан юм. Нас барахынхаа өмнө тэрээр Америк руу буцаж очих талаар үргэлж хүсдэг байжээ. Хэдийгээр Кортес өөрийн эзэн хаандаа эрдэс баялаг цуглуулан өгч, түүний харьяанд шинэ газруудыг нэгтгэсэн боловч хааныхаа ивээлийг авч чадалгүйгээр нас барсан гэдэг. Бүтэн долоон жилийн турш Фердинанд хаан түүнтэй уулзахаас татгалзсан хариу өгч байлаа. Харин Перугээс Испаний хаанд алт, үнэт чулуу олборлож байсан Писсаро түүнээс илүү алдартай болсон юм. 

Эрнан Кортес алдартай болсны учир

Эрнан Кортес булаан эзлэгчдийн нэг байв. Тэрээр ердөө 500 гаруй цэргүүд болон тэдэнтэй нэгдсэн индианчуудын хамтаар тухайн цагийн агуу эзэнт гүрнийг эзлэн авсан юм. Кортес энэ булаан эзлэлтээ Испанийн эзэн хаан төлөө, бас католик шашныг түгээн дэлгэрүүлэхийн тулд хийж байгаа хэмээн урамшиж байв. Тэрээр Писсарогийн хамтаар Америк твийн томоохон газар нутгийг испани хэл, соёл, шашны нөлөөнд автахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.