m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.03 02:09
196
СССР-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачёв

­

Михаил Сергеевич Горбачёв Кавказийн Привольное тосгонд хамтралын гишүүдийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Ставронолид дунд сургуулиа төгссөнийхөө дараа Москва хотын нэр хүнд бүхий М.В.Ломоносовын нэрэмжит улсын их сургуульд элсэн орсон байна. Магадгүй жирийн ардын гэр бүлээс гаралтай байсан нь түүнийг нэр хүндтэй сургуульд ороход нөлөөлсөн байж болох ч түүний намтрат өгүүлснээр залуу Горбачёв үнэхээр авъяастай хүү байсан гэдэг. Их сургуулийн оюутан байхдаа тэрээр Комсомолд элсэж удалгүй намын гишүүн болсон байна. Сургуулиа төгсөөд тэрээр Ставрополдоо эргэн ирж ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 1966 оноос Ставрополийн Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Улсын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болжээ.

Намын идэвхтэн гишүүн байсан Михаил 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын төв Хорооны гишүүн болсон бөгөөд удалгүй үнэн чанартаа улсыг бүхэлд нь удирдаж байсан намын удирдлагын гол цөм болох Намын Улс төрийн товчооны гишүүн болсон юм. Тэр мэдээж намын удирдлагуудынхаа анхаарлыг өөр дээрээ татсан, авхаалжтай, сэргэлэн хүн байсан нь дамжиггүй. Гэсэн ч тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын тогтолцоонд зайлшгүй шаардагддаг орчин тойрондоо хурдан зохицох чадварыг эзэмших хэрэгтэй байлаа. Ингэсээр 1985 онд Горбачёв улсынхаа хамгийн том албан тушаал болох Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд сонгогдов. Энэхүү сонголтонд Оросууд сэтгэл хангалуун байсан аж. Тэрээр залуу, дөнгөж 54 настай, өндөр боловсролотойгоос гадна, тогтвортой, орчин үеийн засаглалыг тогтоох итгэлийг өвөртөлж байлаа. Үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд Коммунист Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргад томилогдсон. Леонид Брежнев, Юрий Андропов, Константин Черненко нар нас барцгаасан юм. 1987 онд Горбачёвын эхлүүлсэн “Өөрчлөн байгуулалт”, “Ил тод байдал”-ын ачаар Зөвлөлт Оросын түүхэнд цоо шинэ, сүүлчийн эрин үеийг бий болгосон билээ.

Социализмын үзэл баримтлалд Горбачёвын эхлүүлсэн шинэчлэл нь 1986 онд Зөвлөл Холбоот Улсын коммунист намын XXVII хурлын үеэр улс орныг ардчилсан систем рүү хөтөлж, баруунд нээлттэй байлгах зайлшгүй шаардлагатай байгааг зарлахад хүргэсэн гэдэг. Энэ нь Зөвлөлт Холбоот Улсын тухайн үеийн үзэл суртлыг тэр чигт нь эсэргүүцсэн шинэ, хувьсгалт шинж чанартай байв. Ийнхүү 1990 оны гуравдугаар сард СССР-ын үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үр дүнд Горбачёвыг Зөвлөл Холбоот Улсын ерөнхийлөгчөөр сонгожээ. Гэсэн ч Зөвлөлт Холбоот Улс мөхлийн ирмэг дээр хүрээд байв. Горбачёвын өөрчлөн байгуулалт тус улсыг эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд уналтанд бүрэн орсныг болон барууны орнуудын хийгээд АНУ-ын технологи хэрхэн хөгжсөнийг илчилсэн юм. Улмаар 1991 оны арван хоёрдугаар сард Зөвлөлт Холбоот Улс нуран унасан билээ. Горбачёв суудлаасаа огцорч, Оросууд дэлхийн хоёрдугаар дайны дараа хүчээр өөрийн хяналтанд байлгаж байсан Төв, Зүүн Европын улсууд болон СССР-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хамтаар тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийг байгуулжээ. Ингэж 70 гаран жилийн түүхтэй нийгэм, эдийн засгийн систем бүхэлдээ нуран унасан юм.

Михаил Горбачёвын гол ололт

1990 онд тэрээр Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн юм. Үүнийг цэргийн асар том хүч бүхий цөмийн зэвсэгтэй гүрэн цус урсгалгүйгээр, чимээгүйхэн нуран унаж, дэлхийн улс гүрнүүдийг хоёр хуваагаад тогтолцоог халахад оруулсан түүний хувь нэмрийг үнэлсэн хэрэг хэмээн үзэж болох ажээ. Чухамдаа энэ явдлаас хэдхэн жилийн өмнө коммунист системийг эсэргүүцэгчид болон Зөвлөлт Холбоот улсыг ажиглагчид, судлаачид хэзээ ч ийм зүйл болно гэж зүүдлэхээргүй байлаа.